УЛС ТӨРИЙН ЭРСДЭЛТЭЙ БАЙНГА ТУЛГАРДАГ ГЭДГИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД САНУУЛАВ

2014 оны 09 сарын 08

 Дэлхий даяар 500 гаруй сая ширхэг борлогдоод буй “iPhone” утсыг үйлдвэрлэхэд 8-10 төрлийн газрын ховор элемент (ГХЭ) ашигладаг аж. Технологи хөгжиж буй энэ үед стратегийн түүхий эд гэгддэг ГХЭ-ийн эрэлт үүнийг даган тогтмол нэмэгдсээр байгаа. Гэвч уг металлын нийлүүлэлтийн дийлэнх буюу 91 орчим хувь нь ногддог БНХАУ 2005-2010 онд экспортын хэмжээгээ 50 хувиар бууруулсан гэх дүн бий. Цаашид ч нийлүүлэлтээ багасгах төлөвтэйг өнгөрсөн баасан гаригт өндөрлөсөн “Discover Mongolia” чуулга уулзалтын Газрын ховор элементийн салбар хуралдааны үеэр оролцогчид ярилаа. Урд хөршид аж үйлдвэрлэл хөгжин, дотоод эрэлт нь нэмэгдэж, экспорт нь багасахын хэрээр дэлхийн зах зээлд ГХЭ-ийн үнэ 50 хувиар өссөн гэнэ. Энэ орон зайд Монгол Улс томоохон тоглогч болох боломжтойг “Монголын үндэсний газрын ховор элементийн холбоо” ТББ-аас дуулгав. Манай улс 300-350 сая тонн ГХЭ-ийн хүдрийн нөөцтэй гэсэн таамаг бий. Харин энэ салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутмаг гэнэ. ГХЭ-ийг олборлоход өндөр зардалтай бөгөөд байгальд үзүүлэх сөрөг нөлөө нь багагүй аж. Иймээс ч техникийн металл гэгддэг ГХЭ-ийн олборлолт, ашиглалтын технологийг туршлагатай гаднын орнуудаас нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэгт чуулганы оролцогчид санал нэгдэж байв. Учир нь уг элементийг баяжуулах, боловсруулахад хүндрэлтэй асуудлууд тулгардаг гэнэ.

Стратегийн, бас хөгжлийн түүхий эд хэмээх тодотголтой ГХЭ-ийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд мэдээллээ нууцалдаг байна. Аль нэг улстөрч үүнийг нь “шүүрч аваад” популизм хийдэг учраас тэр аж. Гаднын орнууд ч мэдээллээ нийтэд цацдаггүй гэнэ. Ямартай ч 2016-2017 онд дэлхий даяар ГХЭ-ийн 21 төсөл хэрэгжүүлнэ гэсэн мэдээ байна. “Discover Mongolia”-гийн хоёр дахь өдөр оролцогчдын хэлэлцсэн өөр нэг сэдэв нь геологи хайгуул байв. Энэ үеэр Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт “Гео мэдээллийн сан байгуулж, цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа” гэж ярьсан юм. Мөн Үндэсний геологийн алба байгуулж, мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч нарыг бэлтгэхэд анхаарахаа тэрбээр мэдэгдсэн. Монгол Улсын газар нутгийн 20 орчим хувьд тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөөд буй. Харин газар нутгийн 71.4 хувьд тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон билээ. Өнөөдрийн байдлаар нутаг дэвсгэрийн 7.5 хувьд хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоод байгааг Б.Баатарцогт илтгэлдээ дурдсан. 2012 онд манайд гадаадын хөрөнгө оруулалттай хайгуулын цөөнгүй компани үйл ажиллагаа явуулж байсан. Харин одоогоор ердөө гурван компани хайгуул хийж буй юм байна. “Discover Mongolia” чуулганы үеэр Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани “Хармагтай”, Торонтогийн биржид данстай “Erdene Resource Development”-ынхон манай улсад хэрэгжүүлж байгаа “Алтан нар” төслийнхөө талаар мэдээлэл өгсөн юм. Хөрөнгө оруулагчид нүүрээ буруулаад буй энэ үед дээрх компаниуд санхүүжилт босгон ажиллаж байна. Хэрэв дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлбэл гаднынхныг эргүүлэн татахад бага ч болов нөлөөлж мэдэх юм.

Азийн зарим оронтой харьцуулахад Монгол Улс өрсөлдөх чадвартай болохыг IHS компанийн Азийг хариуцсан дэд тэргүүн Нейл Ашдаун хөрөнгө оруулагчдад дуулгав. Гэхдээ тэрбээр Монгол Улс төмөр замын царигийн асуудлаа шийдэж чадаагүй байгаа, хуульдаа өөрчлөлт оруулах зэрэгт хөрөнгө оруулагчид үнэлэлт, дүгнэлт өгдгийг тэмдэглэсэн юм. Хэдийгээр Монголын талаар эерэг мэдээлэл гарч байгаа ч сөрөг мэдээ нь илүү хурдан түгж буйг мөн сануулсан. Мьянмарт зэвсэгт бослого гарч, БНАСАУ геополитикийн асуудалтай тулгарч буйтай харьцуулахад Монгол ардчилсан, чөлөөт эдийн засагтай гээд давуу талтай. Харин манай улсад улс төрийн эрсдэл бий гэж хөрөнгө оруулагчдад хэлдгээ Нейл Ашдаун нуусангүй. Манай улсын бодлого урьдчилан тааварлахын аргагүй гэнэт өөрчлөгддөг учраас тэр гэнэ. Тэгвэл хөрөнгө оруулагчид урт хугацааны үр ашиг нь гарах төсөлд мөнгөө зарцуулахдаа олон хүчин зүйл, эрсдэлийг харгалзан үздэгийг “Оюутолгой” компанийн гүйцэтгэх ерөнхий захирал асан, одоо “Skypath Partners”-ын гүйцэтгэх захирлын алба хашиж буй Камерон МакРей өгүүлж байв. Учир нь эрсдэлүүдийн нийлбэрээс шалтгаалж зээлийн хэмжээ харилцан адилгүй тогтдог юм байна. Зүүн өмнөд Азийн, уул уурхайн салбартаа хөрөнгө татахаар төлөвлөж буй орнуудаас Монгол хамгийн бага эрсдэлтэй гэдэг нь таатай мэдээ байсныг онцолъё. Монгол Улсын эдийн засаг ирэх 2-3 жилд хоёр оронтой тоогоор өсөхгүй хэмээн таамаглаж буйгаа “Голомт”-ын Хөрөнгө оруулалтын банкны газрын захирал Э.Амарбаясгалан хэлэв. Энэ онд гэхэд ДНБ 8.3 хувиар өсөж магадгүй хэмээн тус банкныхан үзэж буй гэсэн. Уул уурхай нь худалдаа, тээвэр гээд олон салбарт нөлөөлдөг. Тэгвэл хугацаа хэтэрсэн зээлийн дийлэнх нь (12.4 хувь) ложистикийн салбарт ногдож байгаа гэнэ. Эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэлтэй холбоотойгоор тээвэрлэлт багассан учраас тэр. “Голомт” банкны хувьд энэ онд 81 тэрбум төгрөгийн зээлийг нүүрс, төмрийн хүдэр, алтны компаниудад олгожээ. Харин үл хөдлөх хөрөнгийн салбарт 543, барилгад 257 тэрбум төгрөгийн зээл өгсөн байна. Ер нь уул уурхайн том төслүүдийг санхүүжүүлэх боломж банкныханд байхгүй аж.

“Уул уурхайн төслийн санхүүжилт” хурлын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын Хөрөнгийн зах зээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Жамбаажамц Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Манайд хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах хууль, эрх зүйн орчин бүрдэж, холбогдох журмууд батлагдсан билээ. Одоогоор хоёр хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах бэлтгэл ажил хийгдэж буй юм байна. Холбогдох зөвшөөрлийг өнгөрсөн гурав, тавдугаар сард олгосон гэдгийг Т.Жамбаажамц дуулгасан. Урт хугацаатай, томоохон төсл үүдийг хэрэгжүүлэхэд санхүүжүүлэх чадвартай мэргэжлийн хөрөнгө оруулагч нар байхг үй учраас дээрх хуулийн ач холбогдол их. Иймээс ч хөрөнгө оруулалтын сан байгуулбал татварын таатай орчныг бий болгохоор хуульд тусгажээ. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөл компаниудыг дэмжих үүднээс татварын тогтворжуулах гэрчилгээ олгож эхлэхээр төлөвлөж буйг онцолсон. Энэ жилээс хөрөнгө оруулалтын хэмжээ, хаана, ямар төсөлд хөрөнгө оруулж буйгаас нь шалтгаалаад 5-18 жилийн хугацаанд гаалийн, орлогын, НӨАТ, роялти гэсэн дөрвөн татварын гэрчилгээ олгож эхлэх юм байна. Одоогоор зургаан аж ахуйн нэгжид гэрчилгээ олгохоор Ажлыг хэсэг судалж байгаа гэсэн. Энэ нь хөрөнгө оруулагчдад ирээдүйн татварын дарамт, эрсдэлээс сэргийлэх дэмжлэг болох аж. Хоёр өдөр үргэлжилсэн “Discover Mongolia” олон улсын чуулга уулзалтаар хууль, эрх зүйн орчин, нүүрсний экспорт, алтны салбарын өнөөгийн байдал, геологи хайгуул, төслийн санхүүжилт, газрын ховор элемент зэрэг сэдвийг хэлэлцсэн. Жишиг үнэ бодитой тогтдоггүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх зөрчигддөг (тухайлбал, 106 лицензийг хүчингүй болгосон), нүүрсний компаниуд хоорондоо үнээр өрсөлдөх болдог гээд олон асуудал, бэрхшээл тулгарч буйг чуулганы үеэр хэлэлцсэн нь холбогдох төрийн түшээдэд хүрсэн болов уу.

Тус чуулга уулзалтаар Монгол Улс ардчилсан, алдаанаасаа суралцаж байгаа, бодлогын өөрчлөлт хийж эхлээд хоёр жил болж буйг хөрөнгө оруулагчдад танилцуулж, итгэлийг нь эргүүлэн авахад анхаарлаа хандуулсан гэхэд болно. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө гэхэд уг төсөлд нэг тэрбум ам.долларын санхүүжилт хийснийг Камерон МакРей хэлсэн. Ер нь өнгөрсөн жилүүдэд “Rio Tinto” тус төсөлд нийт 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан болов уу гэж тэрбээр ярьсан юм. Тэгвэл “Pacific Road Capital”-ыг төлөөлөн чуулганд оролцсон Жэф Макманара “Оюутолгой бол Монголд заан шиг хэмжээний том төсөл. Хөрөнгө оруулалт хийхэд улс төрийн орчин чухал” гэдгийг онцолсон. Тэгэхээр мега төслүүдээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, туршлага чухал учраас гаднынхныг даллахын тулд бодлого тогтвортой, “уул уурхайн салбарын хийрхэл”-ээс ангид байх нь чухал гэдгийг сануулж буй. Хэдийгээр энэ удаагийн “Discover Mongolia”- гийн оролцогчдын тоо цөөн байсан ч үр дүн нь боломжийн хэмээн Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаа дүгнэсэн. Тэрбээр 2006 оноос хойш Монголд бодлогын тогтворгүй байдлаас үүдэн хөрөнгө оруулагчдын итгэл алдарсныг дурдаж байв. Мөн Засгийн газрын бодлогын хувьд эерэг хандлага ажиглагдаж эхэлснийг Камерон МакРей онцолсон нь таатай мэдээ байв. “Эргэж ирээрэй” хэмээн уриалсан “Discover Mongolia” ирэх жилүүдэд хөрөнгө оруулагчдыг олноор татан, одоогийнхоосоо илүү үр дүнтэй болно гэдэгт найдаж байна.

 

 Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД