ШУТИС ус нэвтэрдэггүй даавуу үйлдвэрлэж байна

2014 оны 09 сарын 08

 Дээд боловсролын шинэчлэлийг их, дээд сургуулиуд өнгөрсөн хичээлийн жилээс эхлүүлсэн. Тэгвэл 30 мянга гаруй оюутан, 2000 орчим багштай Монголын томоохон сургуулиудын нэг ШУТИС сэтгүүлчдэд шинэчлэлээ өнгөрсөн бямба гаригт танилцууллаа. Тус сургууль 15 салбар сургуулиа ес болгон бүтцээ шинэчилж, бакалаврын сургалтын 135 хөтөлбөрийг 53 болгон цөөлжээ. Ингэснээр хөтөлбөрийн давхцал арилсан байна. Өнгөрсөн хичээлийн жилд тус сургуулийнхан улсын төсвийн 2.5 тэрбум, сургуулийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр сургалтын орчин, материаллаг баазыг бэхжүүлэх, сургалт судалгааны лаборатори байгуулах, шинэчлэх, оюутны байрны нөхцөлийг сайжруулах гээд 50 гаруй ажил хийжээ. Мөн 2013 онд 6.8 тэрбум төгрөгөөр 44 лаборатори шинээр байгуулж, багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэн, ажилтан албан хаагчдад зориулсан 180 айлын орон сууц ашиглалтад оруулсан байна. Түүнчлэн ШУТИС-ийнхан “Эрдэнэт хивс” компанитай хамтран ус, хир нэвтэрдэгг үй нано технологийн даавуу үйлдвэрлэж эхэлжээ.

Одоогоор 100 метр даавуу үйлдвэрлээд байгаа гэнэ. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сургууль авч, “Эрдэнэт хивс” ХХК байраар хангажээ. Тус үйлдвэр цагт 300 метр даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Энэ шинэ технологийг ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн доктор Р.Мядагмаа нэвтрүүлж, Германд патентийг нь авчээ. Одоогоор гэрийн бүрээсний цагаан даавуу болон ажлын хувцасны даавуунд энэ технологийг туршаад байна. Үйлдвэрийг тун удахгүй нээх гэнэ.

14 МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖИЛЛЭЭ

ШУТИС өнгөрсөн хичээлийн жилд бизнесийн удирдлагын магистр, бакалаврын 13, цахилааны инженер мэргэжлийн хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлсэн байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд анх удаа инженерийн мэргэжлийг магадлан итгэмжилж, дэлхийн түвшний инженер бэлтгэх боломж бүрдэж, төгсөгчид нь дэлхийн 137 оронд хүлээн зөвшөөрсөн ACBSP дипломтой төгсөнө. Дэлхийд эдийн засаг, бизнес, менежментийн 19 мянган сургууль байдгаас ШУТИС шилдэг 1000 сургуулийн жагсаалтад сүүлийн зургаан жил шалгарсан байна. Тус сургууль 27 орны 120 их, дээд сургуулиудтай хамтарч ажилладаг. АНУ, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Япон зэрэг 10 гаруй орны 18 сургуультай бакалаврын 2+2 магистрын 1+1 хөтөлбөр хэрэгжүүлж байна. Түүнчлэн оюутан 70 кредит судлаад 2.7-гоос дээш голчтой бол хос мэргэжлээр төгсөх боломжтой юм билээ.

 

 Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД