УИХ-ЫН ДАРГА МОЛИБДЕНИЙ БАЯЖМАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

2014 оны 09 сарын 08

 УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон болон Булган аймагт ажиллалаа. Тэрбээр Орхон аймагт ажиллах үеэрээ “Шим-Технолоджи” компанийн Молибдений баяжмал боловсруулах үйлдвэрийн нээлтэд оролцов.

ЖИЛД 3600 ТН МОЛИБДЕНИЙ БАЯЖМАЛ БОЛОВСРУУЛНА

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон гадаадын хөрөнгө оруулагчийн хамтарч байгуулсан “Шим-Технолоджи” компанийн Молибдений баяжмал боловсруулах үйлдвэрийг 2009 онд дэлхийн санх үүгийн хямралтай холбоотойгоор үйл ажиллагааг нь зогсоосон байсныг ОХУ-ын “Уралгипромез” нээлттэй хувьцаат компани хөрөнгө оруулж, ийнхүү дахин нээсэн байна. “Уралгипромез” нээлттэй хувьцаат нийгэмлэг нь 30 гаруй жилийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн зураг төслийг хийхэд оролцжээ. Молибдений баяжмал боловсруулах үйлдвэрийг Орос, Монголын 10 гаруй инженер сэргээн шинэчилж, ашиглалтад оруулсан байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор 250 гаруй хүн тогтмол ажлын байртай болж, жилд 3600 тн молибдений баяжмал боловсруулах аж. УИХ-ын дарга З.Энхболд үйлдвэрийн нээлтэд оролцох үеэрээ “Молибдений баяжмал боловсруулах үйлдвэр нь үйлдвэржилтийн бодлогыг бүх талаар дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажилгүйдлийг бууруулах Монгол Улсын төрийн бодлогыг хэрэгж үүлэхэд чухал алхам болж байна” гэжээ. Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа нь автоматчлагдсан тул дэлхийн стандартын шаардлагад бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой аж.

“ХАР АНГУС”, “УЛААН АНГУС” ҮҮЛДРИЙГ МОНГОЛД НУТАГШУУЛНА

УИХ-ын дарга З.Энхболд 4600 гаруй хүн амтай Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллав. Тэрбээр Хутаг-Өндөр суманд махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй эрхэлдэг Канадын иргэн Жереми Тиссений фермерийн аж ахуйтай танилцсан юм. Жереми Тиссен 22 жилийн өмнө ногоо тарихаар манай оронд ирсэн бол өдгөө нутгийн малчидтай хамтран “Занадуразорбак” нэртэй компани байгуулж, махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй эрхлэх болжээ. Тус компани эрүүл ахуйн шаардлага хангасан нэг тонн орчим үхрийн махыг 10 төрлөөр ангилан сар бүр нийслэлийн зоогийн газруудад нийлүүлдэг байна. Одоогоор 200 гаруй үхэртэй бөгөөд хүйтэн уур амьсгалд тэсвэртэй, Английн “Герефорд” болон барууны орнуудад сүүлийн үед хамгийн их тархаж буй махны чиглэлийн “Хар ангус”, “Улаан ангус” үүлдрийг Монголд нутагшуулахаар ажиллаж байгаа аж. Энэ үеэр тус аймгийн Хутаг-Өнд өр сумын фермерийн аж ахуй эрхлэгчид “Хуучин арга барилаар мал аж ахуй эрхлэх нь ган, зуд зэрэг цаг агаарын хүндрэлээс болоод мал сүргийн тоо толгой буурах эрсдэл дагуулж байна. Иймээс мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, хүн амын төвлөрөл, зах зээлийн багтаамжаа түшиглэн мах, сүүний болон төрөлжсөн аж ахуй эрхлэх, мах, сүүний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага бий болоод байна” гэдгийг УИХ-ын даргад дуулгав. Фермер Жереми Тиссен ч малчдыг фермерийн аж ахуй эрхлэх сонирхолтой болж буйг дурдаад “Хүйтэн уур амьсгалтай оронд махны чанар илүү сайн байдаг. Монгол үхрийн махны онцлог нь стандартын дагуу тэжээж өсгөвөл өөх, мах нь зохистой хэмжээнд гардаг учраас амт чанар сайтай. Цаашдаа малын тоо толгойноос гадна чанарт анхаарах шаардлагатай байгаа. Дэлхийн ихэнх орон махны чиглэлийн үхрийг хагас бэлчээрийн нөхцөлд малладаг” гэв.

ТАРИАЛАНЧИД БОЛОН МАЛЧИД АСУУДЛАА БОДЛОГЫН ХЭМЖЭЭНД ШИЙДВЭРЛҮҮЛЭХИЙГ ХҮСЭВ

Үүний дараа УИХ-ын дарга Булган аймгийн “Хонгор Агро Булган” компанийн тариан талбайд зочиллоо. “Хонгор Агро Булган” компани 4023 га талбайд улаан буудай тариалсан бөгөөд цаг агаарын эрсдэлийг тооцоолон 3080 га талбайгаас улаан буудай хураахаар төлөвлөжээ. 2014 онд УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, Монгол Улсын хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100 мянган тонн улаан буудайг татвараас чөлөөлсөн. “Хонгор Агро Булган” компани “Алтайский-530” сортын үр оруулж ирэн тариалсан нь энэ жил эрсдэлгүй, үр шимээ өгч буй гэнэ. “Цаг уурын бэрхшээлээс гадна тариан талбайд мал орж сүйтгэх, үр тарианы талыг тариаланчид авч, талыг нь мал иддэг зэрэг хүндрэл тулгардаг. Тариаланчид, малчид энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тул бодлогын хэмжээнд анхаарч үзэх шаардлагатай байна” хэмээн тус компанийн захирал Н.Батсуурь УИХын даргад хэлж байв. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Тувааны танилцуулснаар энэ жил нийт 373.5 мянган га талбайд тариалалт хийж, улаан буудай 432.5 мянган тонныг хураан авахаар төлөвлөж байгаа юм байна. Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболдын хөдөө орон нутаг хийсэн томилолт өчигдөр дууслаа.

 

Р.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД