ӨРӨМ ДОТРООСОО ӨТДӨГ

2014 оны 09 сарын 07

 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр манай улсад зургаан цагийн хугацаатай ажлын айлчлал хийгээд буцлаа. Ихээхэн ач холбогдол өгсөн айлчлал учраас дотоод зөрчил, асуудал тойрсон “догдлол”-оо улс төрийн хүрээнийхэн түр хойш тавив. БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчлахын өмнөхөн ч ийм байдалтай байсан юм. УИХ-д суудалгүй намууд ээлжит бус чуулган яаралтай хийж, Засгийн газрыг огцруулахыг шаардаж, Си Зиньпинийг айлчлах үеэр жагсаал хийж, хамаг булхайгаа илчилнэ гэж байлаа. Гэхдээ яг цагаа тулахад ийм зүйл болоогүй. Тэдэнтэй хамтарч ажиллах гэрээ байгуулсан МАН-ынхан нь “Гаднын том зочин ирэх гэж байхад ийм зүйл яриад яах вэ” гэсэн юм билээ. Тэр нь ч зөв байсан. Удалгүй ОХУын Төрийн тэргүүний айлчлал залгах байв. Жижиг намууд ганц нэг зүйл ярьсан ч томоохон айлчлалын үеэр бас л “томоотой” байлаа. Засгийн газраа байнга шүүмжилж, үе үе огцруулах тогтоол өргөн барьдаг сөрөг хүчнийхэн хүртэл “ОХУ-д тавьсан эдийн засгийн хоригийг улсдаа ашигтайгаар эргүүлэх талаар анхаараач” хэмээн эрх баригчдад уриалсан. Энэ айлчлалд Монгол Улс ач холбогдол өгч, томоохон шийдлүүд хүлээж байсан учраас тэр.

ЗАСГИЙН ГАЗАР

Сөрөг хүчнийхэн, жижиг намууд хүртэл гадаад ертөнцийн өмнө булайгаа дэлгээд яах вэ гэж байхад Засгийн газрын хоёр сайд нь харин хэвлэлээр “дайн” хийгээд амжив. Хойд хөршийн Ерөнхийлөгч айлчлах гэж байхад нэрээ хичээх энэ тэр бол сонин биш байжээ. Тэр тусмаа сонгуулиар хамгийн олон суудал авсан АН-ын хоёр сайд нэгнийхээ булхайг дуудалцав. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн төрсөн дүү жиргээч Ц.Батыг Зам, тээврийн сайд Л.Гансүхийн гомдлын дагуу шалгаад 100 хоног баривчилсны дараа энэ явдал болсон. Жиргээгээр дамжуулан Л.Ганс үх сайдыг доромжилж, гүтгэсэн учраас тэр. Хариуд нь Ц.Оюунгэрэл сайд дүү шигээ хэлмэгдсэн “ардын баатруудад” зориулсан хууль боловсруулахаа амлав. Л.Гансүх сайд ч дуугүй байсангүй, “Ц.Оюунгэрэл манай дүүг МИАТ-ын дарга болгоод өгөөч гэж гуйсан” хэмээн булхайг нь илчилж орхисон. Дүү нь эгчээрээ дамжуулан албан тушаал хүссэн ч биелүүлж чадаагүй учраас “үзэл бодлоо илэрхийлж” доромжилсон бололтой юм. Ц.Оюунгэрэл сайд хувь хүнд зориулсан хууль гаргаж, бүрэн эрхээ ашиглаж болохыг олон нийтэд батлаад өглөө. Нэг ёсны “сайхан” үлгэр дууриал үзүүлэв. Танхимын гишүүд нь ийнхүү шившгээ дэлгэж байхад Ерөнхий сайд чимээгүй л сууна. Тэр өөрөө ч бас Хууль зүйн сайдаа дагуулаад хоригдож буй ахлах зөвлөхөө эргэчихээд бөөн шүүмжлэлд өртсөн. Ер нь л Засгийн газар маань дээр, доргүй асуудалтай байна.

АРДЧИЛСАН НАМ

Зөвхөн сөрөг хүчин, жижиг намууд биш, АН доторх зарим фракцынхан ч Засгийн газар ганхах мөчийг хүлээж байгаа. УИХ-ын чуулганы завсарлагаанаар АН дотор нөлөө бүхий “Шонхор” фракцынхан буюу Ардчилсан хүчний холбооныхон Буйр нуурын эрэгт хуралдсан. Тус холбоог УИХ-ын дарга З.Энхболд тэргүүлж, дэд ерөнхийлөгчөөр нь Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Эрдэнэ нарын гишүүн ажилладаг юм. Дараагийн Ерөнхий сайдын ажлыг дуртайяа хийхээр нэр тодроод буй хүн бол эрхэм гишүүн З.Энхболд гэсэн мэдээлэл ч тараад байна. Үүний дараа Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ныхон Орхон аймагт хурлаа хийлээ. Удахгүй Ц.Баярсайхан гишүүн толгойлж, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, гишүүн Р.Амаржаргал, Н.Батбаяр тэргүүтэй гишүүдтэй МҮДН фракцынхан Онон голын эрэгт цуглах сураг байна. Энэ мэтээр АН-ын фракцууд тус тусдаа хуралдаж, ярилцсаар намартай золгож буй юм. Тэд ямар хор найруулж буйг таашгүй. БНХАУ-ын даргын айлчлалын дараачаас долларын ханш өдөр ирэх бүр буурч буй. Энэ мэдээж сайн хэрэг. Гэхдээ ханш хэдэн төгрөгөөр буурлаа гээд эдийн засаг өргөс авсан мэт сайжирчихгүй. “100 хоногийнхоо хугацаанд амласан ажлаа хийж чадаагүй” гэсэн шүүмжлэл, ял шинэчлэлийн Засгийн газрын араас нэг хэсэгтээ л салахгүй. “Айлчлал өнгөрөөж байгаад” хэмээн үйлдэл, үгээ хойш тавьсан улстөрчид олон байгаа. Эдийн засаг, улс төрийн нөхцөл ийм “эмзэг” байхад шинэчлэлийн Засгийн газар, АН-ынхан дотроо эвтэй байх учиртай. Засгийн газрынхаа эсрэг дуугарч, гэрээ шөргөөж буй залуу гишүүдээ ахмадууд нь уржигдар шүүмжилнэ лээ. Өрөм дотроосоо өтдөг гэдэг дээ. Гадагшаа гэхээсээ илүү дотоод эв нэгдэлдээ анхаарах зайлшгүй шаардлага АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт тулгараад байна. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг фракцууд болон сайд нараа зөв залж, чангахан атгахгүй бол түүний Засгийн газар орших эсэх нь хэцүү болж мэдэхээр болжээ.

 

 С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД