“ОЮУТОЛГОЙ” Ч ҮГҮЙ, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” Ч ҮГҮЙ “DISCOVER MONGOLIA”

2014 оны 09 сарын 07

Уул уурхайн салбарт ирэх жилүүдэд 49 тэрбум ам.долларын өртөг бүхий төслүүд хэрэгжих төсөөлөл бийг салбарын сайд Д.Ганхуяг өчигдөр дуулгалаа. Хууль, эрх зүйн орчноо шинэчилснээр хөрөнгө оруулалтын томоохон төсл үүд хэрэгжих ийм хүлээлт бий аж. Өнгөрсөн оны эхний найман сард компаниуд Төвбанкинд 3.5 тонн алт тушааж байсан бол энэ жил дээрх тоо 7.2 тонн болж өссөн эерэг үр дүн гараад эхэлжээ. Гэсэн ч гадаадын хөрөнгө оруулалт буурсан хэвээр байгаа. Иймээс ч өчигдөр эхэлсэн 12 дахь удаагийн “Discover Mongolia” чуулга уулзалт хөрөнгө оруулагчдыг “Эргэж ирээрэй” гэж уриалсан болов уу. Хөгжлийн хурдасгуур гэж хэлж болох уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг даллах тус чуулганд дотоод, гадаадын 300 орчим төлөөлөл оролцож байна. Тэдний цөөн нь гаднынхан байв. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчл өлт оруулах хүсэлтээ сүүлийн таван жилд хоёр ч удаа илэрхийлж амжсан монголчуудад тэд итгэл алдарсан байж мэднэ. Уг нь хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын үнэлгээ 2009 онд 124, 2010 онд 173 сая ам.доллар болж өсөж байлаа. Монголын эдийн засаг удааширсан, энэ нь 2016 он хүртэл үргэлжилж магадгүйг MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн илтгэлийнхээ үеэр онцоллоо. Манай улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч дэлхийд гайхагдаж байсан ч энэ оны эхний хагаст 5.3 болж буурсан. Цөөхөн жилийн дотор гэхэд энэ тоо нэлээд савласныг тэрбээр дурдсан. Иймээс ч Монгол Улсыг дүүжин савлууртай зүйрлэж болох гэнэ. Мэдээж сүүлийн таван жилд дэлхийн зах зээл дэх алт, төмрийн хүдэр, зэс, нүүрсний үнэ буурсан нь ДНБ-ий өсөлтөд нөлөөлсөн. Уран, газрын тостой Казахстан, зэстэй Чили, нүүрстэй Индонезийн ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилд буурсан нь үүнийг тодотгож байна. Гэхдээ монголчууд хөрөнгө оруулагчдыг хөөс өн хууль баталсан нь эдийн засагт хамгийн их нөлөөлсөн юм. Уул уурхайн салбар доголдсон нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжид зориулан сард нэг тэрбум төгр өг гаргаж байгаа гэх дүн ч бий. “Сант марал” сангийн 2012 онд хийсэн судалгаагаар иргэдийн 11.7 хувь нь “Эдийн засаг муудаж байна” хэмээн хариулсан гэнэ. Харин энэ онд дээрх тоо 28 болж өссөн гутранги дүн гарсныг А.Билгүүн тайлбарлалаа. Тэрбээр сүүлийн хоёр жилд манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах дорвитой алхмууд хийснийг дурдаад, одоо хамгийн түрүүнд Оюутолгойн далд уурхайн санхүүжилт, татварын акт тавьсан асуудлыг шийдвэрлэн, төм өр замын салбарт баримтлах бодлогоо тодорхой болгох нь зүйтэй гэв. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа есөн жил байсныг 12 болгон нэмэгдүүлэх зэргээр хуульд өөрчлөлт оруулсан. Ийн хөрөнгө оруулагчдад эергээр нөлөөлөх шийдвэр гаргасан нь сайшаалтай ч анхнаасаа хууль гаргахдаа судалж, өмнөхөөсөө сургамж авах нь зүйтэйг Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийл өгч Н.Алгаа сануулж байсан юм. Өчигдөр хөндсөн бас нэг асуудал нь АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) байв. Байгалийн шавхагдах нөөц олборлож буй учраас уул уурхайн компаниудаас дээрх татварыг авдаг. Манай улсын хувьд уг татварыг тооцож буй аргачлал нь алдаатай болохыг эдийн засагч Эрдэнэбилгүүн ярьсан. Ялангуяа ханш нь биржээр тогтдоггүй овор ихтэй нүүрс, төмрийн хүдрийн жишиг үнэ өндөр байдаг аж. Тодруулбал, төмрийн хүдрийн жишиг үнийг тогтоохдоо Австралийн үйлдвэрлэгчдээс БНХАУын боомт хүртэл 6631 км далайгаар тээвэрлэн хүргэж байгаа үнийг харгалзан үздэг нь буруу аж. Газраар бүтээгдэхүүнээ хүргэдэг манай улс далайн боомтын үнээр тооцдог нь хэр зөв бэ гэсэн асуулт эндээс гарч байна. Мөн зарим бүтээгдэхүүний жишиг үнийг урд хөршийн цахим хуудаснаас авдаг нь өрөөсгөл юм. Манай улс төмрийн хүдрийн жишиг үнийг umetal. com, нүүрснийхийг sxcoal.com цахим хуудаснаас авч ашигладаг билээ. Н.Алгаа “Бусад оронтой харьцуулахад манай улсын АМНАТ өндөр. Хамгийн багадаа тав, ихдээ 20 хувь хүрч буй нь гаднын орнуудын дунджаас харьцангуй өндөр” гэсэн юм. Тэгвэл цаашид одоогийн жишиг үнэ тогтоож буй эх сурвалжид заасан үнээс тээврийн болон бусад зардлыг хасаж тооцох зэрэг шийдэл байж болохыг оролцогчид онцолж байв. Хууль, эрх зүйн орчны хүрээнд хөндсөн дараагийн асуудал нь тусгай зөвшөөрлийн эрхийн баталгааны талаар байв. Ашигт малтмалын тухай, “Урт нэртэй”, Цөмийн энергийн тухай хуультай холбоотойгоор долоон ч маргаан гарчээ. Ямар тохиолдолд төрөөс хувийн өмчид халдсан гэж үзэх вэ зэрэг маргааны дүгнэлтдээ Үндсэн хуулийн цэц тодорхой тайлбар хийдэггүйг “Эм Би Эс” фирмийн хуульч Б.Цэцэнбилэг дурдаж байв. Хуулиудын хооронд уялдаагүй, анх батлахдаа судалгаа, шаардлагад тулгуурладаггүй зэрэг нь маргаан үүсэхэд нөлөөлдөг байна. “Discover Mongolia”-гийн оролцогчид өчигдөр нүүрсний экспортын талаар хэлэлцлээ. Энэ үеэр “Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Т.Наран “Монгол Улсын нүүрсний экспорт энэ онд өнгөрс өн жилийнхээс буураагүй. Гэхдээ зах зээл дэх нүүрсний үнэ 2012 оныхтой харьцуулахад хоёр дахин буурч орлогын хэмжээ багассан тул компаниуд алдагдалтай ажиллаж байгаа” хэмээн өгүүлсэн. Гэхдээ ирэх онд “хар алт”-ны үнэ одоогийнхоос буурах төлөвгүй байгаа аж. Иймд зах зээл сайжрах үед хэрэглэгчээ алдахгүй байхын тулд гэрээ байгуулж, бүтээгдэхүүнээ нийлүүлсэн хэвээр байх нь зүйтэй юм байна. Дэлхийн банкнаас нүүрсний үнэ ирэх онд огцом өсөхгүй ч энэ жилийнхээс хямдрахгүй гэсэн төлөв гаргаад байгаа юм. Тус хуралд “Монголын алт”, “Energy Resourсes”, “SouthGobi Sands” компанийн төл өөлөл оролцсон. БНХАУ-ын зах зээлд нүүрсний нийлүүлэлт нь эрэлтээс нь давсан тул өрсөлдөөн нэмэгдэж, дотоодын компаниуд “бүсээ чангалж” зардлаа бууруулах шаардлагатай тулгарчээ. Иймээс ч “Energy Resources” компани гэхэд нэг тонн бүтээгдэхүүнд ногдох зардлаа 20 гаруй хувиар бууруулсан байна. БНХАУ-д нүүрсний үнслэг, хүхэрлэгт хязгаарлалт тавих нь хэрэгжээд эхэлбэл манай компаниудад боломж гарах талтай гэнэ. Түүнчлэн гаалийн хяналтын бүсэд уурхайгаас ачиж ирсэн нүүрсийг буулгаад, буцаж ачих нь чанарт нөлөөлдгийг харгалзан өөрчлөхөөр Гаалийн ерөнхий газрынхан судалж байгаа гэсэн. Энэ хэсгийн хуралд “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөл оролцох байсан ч хүрэлцэн ирсэнгүй. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд “Discover Mongolia” чуулга уулзалтыг ивээн тэтгэдэг байсан “Оюутолгой” компанийнхан ч энэ удаад бас оролцоогүй юм. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын уулзалтад манай улсыг дэлхий дахинаа “Minegolia” гэх “гуншин” авахад хамгийн их нөлөөлсөн хоёр том ордыг түшиглэсэн компанийн төлөөлөл ирээгүй нь ямар шалтгаантай байсныг мэдэхгүй. Дэлхийн хөрөнгө оруулагчдын Монголыг сонирхох зүг чигийг тодорхойлох томчууд “Discover Mongolia”-г үл тоов уу. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн өмчийн хорооны дарга нар чуулганд оролцох байсан ч ирсэнгүй. Ер нь энэ жилийн “Discover Mongolia”- д шинээр гадаадын хөрөнгө оруулагч ирээгүй гэхэд болно, БНХАУын хоёр компанийг эс тооцвол. Энэ тухайд Н.Алгаагаас тодруулахад, “Барууны хөрөнгө оруулагч нар ирсэнг үй. Ер нь энэ жил бага оролцогчтой байна. 10 жилийн өмнөх оролцогчдын тоонд бараг дөхөж очсон. Гэхдээ бодож байснаас муугүй байна” гэлээ. Дэлхийн уул уурхайн хуанлид бүртгэлтэй, Монголыг сурталчлах тус чуулганы уур амьсгалаас ажвал Монголыг сонирхох хөрөнгө оруулагч цөөн байна гэж хэлж болмоор санагдав. Индэр дээрээс Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улс хувийн хэвшлийнхнийг дэмжих бодлого баримтлахыг дуулгасан. Гэхдээ нэг өдрийн дотор, хуулиа өөрчлөөд хөрөнгө оруулагчдыг татна гэж байхгүй. Энэ талаар Н.Алгаа “Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах асуудал чухал. Тусгай зөвшөөөрлийг ил тод, шуурхай олгож, хүнд сурталгүй байх ёстой. Бас энэ салбарт баримтлах бодлогоо үйлдлээр батлан харуулах хэрэгтэй” хэмээн өгүүлсэн. “Прайм инфо”, Монголын уул уурхайн үндэсний ассоциац зохион байгуулж буй “Discover Mongolia”-гийн оролцогчид өнөөдөр геологи хайгуул, Монголын өрсөлдөх чадвар, газрын ховор элемент зэрэг сэдэв хэлэлцсэнээр өндөрлөнө.

 

 

Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД