Сэлэнгийн тариаланчид га-гаас 15.1 цн ургац хураана

2014 оны 09 сарын 02

 5000 ТОННООР АХИУ УЛААН БУУДАЙ ХУРААНА

Өнгөрсөн хавар үр тариагаа хөрсөнд суулгаж байхдаа 193 мянган тонн үр тариа хураана хэмээн тооцож байсан Сэлэнгийн тариаланчид энэ намар 206 мянган тонныг авах төлөв гарчээ. Үүний 194 мянган тонн нь улаан буудай. Энэ нь төлөвлөснөөс 5000 тонноор ахиу гэсэн үг. Сэлэнгийнхэн нэг га талбайгаас 13.8 цн ургац хураахаар тооцсон бол өнгөрсөн зуны хурын шимээр 15.1 цн-ийг авах төлөвтэй. Хэрвээ хяруу эрт унахгүй, цаг агаар таатай байвал хураах ургацын хэмжээ улам нэмэгдэх нь. Сэлэнгэ аймаг урьдын адил Монгол Улсын нийт улаан буудайн 50 гаруй хувь, төмс болон хүнсний ногооны 30-аад хувийг хангахаар төлөвлөж байна. Тариаланчид хэдийнэ ургацаа хурааж, ангилан хадаж эхэлжээ. Тухайлбал, Орхон сумын “Орхон далай” компани, Цагааннуур сумын хэд хэдэн компани, Сайхан сумын “Газрын ундраа” компани өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос үр тариагаа ангилан хаджээ. Түрүүчийг нь энэ долоо хоногоос үтрэм дээр буулгаж эхлэх янзтай. Томоохон аж ахуйн нэгжүүд нь сорчлон авахаар агуулах саваа ариутгаж, цэвэрлээд бэлэн болгожээ. 2013 оны хавар тариаланчид Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-д нийлүүлэх нэг тонн улаан буудайн үнийг 350.000 төгрөг болгох, буудайн үнийг намар биш хавар тогтоон зарлаж байхыг ҮХААЯ-наас хүссэн юм. ТЭДС-гийн үнээр баримжаалан гурилын үйлдвэрүүд буудайг хэдэн төгрөгөөр авахаа шийддэг тул энэ нь тариаланчдын хувьд тун чухал. Үүнээс гадна үнийг хавар зарлавал тариаланчид хэчнээн га талбайд юуг, ямар хэмжээгээр тариад хэр их ургац хурааж, хэдээр борлуулахаа тооцон, ашиг, алдагдлаа урьдчилан дэнслэх боломж бүрддэг. Ингэснээр буудай тарих эсэхээ шийднэ. Гэтэл ҮХААЯ тариаланчдын энэ хүсэлтийг ойшоогоогүй. Үүнээс ч болсон уу, өнгөрсөн жил тариаланчид улаан буудайн оронд рапс их хэмжээгээр тарьсан, дээрээс нь намар чамгүй ургац алдсаны харгайгаар манай улс дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүрч, ОХУ-аас 100 мянган тонн буудай оруулж ирсэн билээ.

Ингэж “ухамсрын шанаа” авсан ҮХАА-н сайд Х.Баттулга албан тушаалаа сайн дураараа өгөхийн өмнөхөн “2014 оны намар ТЭДС-д нэг тонн улаан буудайг 460.000 төгрөгөөр авна” гэж зарласан. Хэрвээ ингэж зарлаагүй бол, үнээ нэмээгүй бол тариаланчид улаан буудайнаас татгалзаж, талбайгаа рапсаар дүүргэх байсныг аймгуудын ҮХААГ-ынхан ч, тариаланчид ч хүлээн зөвшөөрч байна. Уг нь үнээ дөрөвдүгээр сарын сүүлчээр биш, түүнээс эрт зарласан бол олон тариаланч талбайдаа улаанбуудай тарих байсан гэнэ. Харин одоо тариаланчид хураасан буудайнхаа тонн тутмыг ТЭДС-д 460.000 төгрөгөөр өгөөд, нэмж Засгийн газраас урамшууллын 100.000 төгрөг авна. Гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх улаан буудайн үнээ үүнээс буулгахгүй гэж тариаланчид ярьж байна. Тэгэхээр энэ намар тэд газрынхаа үр шимийг сүүлийн хэдэн жилд байгаагүйгээр хүртэж башийх нь ээ. Элит үр, шинэ сорт тарьсан аж ахуйн нэгжийн үр тарианы чанарыг хянан баталгаажуулахаар болсон байна. Ургац хураалтад ашиглах машин техник, трактор, комбайнаа засаад бараг дуусаж байгаа аж. Аж ахуйн нэгжүүдийн комбайны хүчин чадлыг тооцвол ургацаа 24 хоногт бүрэн хурааж дуусгах боломжтой гэнэ. Гэхдээ тэнгэрийн аашнаас бүх зүйл хамаарах учраас нарийн хугацаа хэлэх боломжгүй.

НОГООЧИД НОГОО ТАРИХАА БОЛИОД, НИСДЭГ СҮРЭГ ХАРИУЛАХ БОЛЖЭЭ

Харин тус аймгийн хураах ногооны хэмжээ буурчээ. Жилд 4000 га-д төмс тарьдаг байсан бол энэ жил 3000 га-д тарьсан байна. Үүнээс 42 мянган тн төмс хураах нь. Төмс их хэмжээгээр тарьдаг томоохон аж ахуйн нэгжийн зарим нь өнгөрсөн хавар талбайдаа гаралгүй өнжжээ. Ноднин хүнсний ногооны борлуулалт тааруу байсан нь үүнд нөлөөлсөн аж. Зарим нь хөрсөө сэлгэх нэрийдлээр төмсний оронд улаан буудай сонгосон байна. Нарийн ногоо тарьдаг ногоочдын олонх нь хавар тариалах талбайн хэмжээгээ багасгасан бол зарим нь бүр талбайдаа ч гараагүй гэнэ. Тухайлбал, Шаамар сумын 80 гаруй ногоочин ногоо тарихаа больж, зөгий үржүүлдэг болжээ. Хаваржин, зунжин хөлсөө урсгаж ургуулсан ногоог нь ченжүүд хямдхан авдаг, хадгалах зоорьгүй атал төрөөс урамшуулал олгодоггүй нь ногоочдыг ийн талбайгаа зэрлэгт бариулахад хүргэж эхэлсэн байна. Уг нь Сэлэнгэ аймгийнхан ҮХАА-н сайдтай байгуулсан гэрээгээр бол монголчуудын хүнсний хэрэгцээнд 34.000 тн ногоо нийлүүлэх ёстой. Ургацын урьдчилсан балансаас харвал тэд гэрээгээр хүлээсэн үүргээ 3000 тонноор тасалж, 31.000 тонн ногоо нийлүүлэх төлөв гарчээ. Тус аймгийн 100 гаруй ногоочин өнгөрсөн наймдугаар сараас Улаанбаатар хотын найман цэгт шинэ ургацын ногооны үзэсгэлэн, худалдаа гаргаад байгаа. Тэд нийтдээ 5000-6000 тонн ногоо борлуулахаар зэхсэн байна. Энэ сарын 12-24-нд Улаанбаатар хотод болох “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд өмнөх жилүүдийн адил зохион байгуулалттай оролцож, ногоогоо борлуулахаар ногоочдоо бүртгэн, судалгаа хийж эхэлжээ.

ДӨРВӨН ХУВИЙНХ НЬ СОЁОЛОЛТ ОНЦ

Манай улсын газар тариалангийн бүс нутгийн нэг Булган аймгийнхан ч энэ жил арвин ургац хураах төлөв гарлаа. Тус аймгийн тариаланчид өнгөрсөн хавар 32.4 мянган га талбайд үр тариа тарьсны 31.5 мянган га нь улаан буудайнх аж. Үр тарианы соёололтыг шалгаж үзэхэд дөрвөн хувь нь онц, 96 хувь нь сайн гэсэн үнэлгээ авсан байна. Үүнээс үзэхэд тэнгэр муудахгүй бол ургац алдахгүй хэмээн тариаланчдын магнай тэнэгэр байна. Архангай аймаг 4900 тонн улаан буудай хураахаар төлөвлөн 3500 га-д үр суулгажээ. Малын тэжээл тарьсан 500 га талбайгаас 1200 тонноос доошгүй хэмжээний, үрийн төмс булсан 495 га талбайгаас 4580 тонн ургац хураахаар төлөвлөж байна. Харин Хэнтий аймгийн тариаланчид энэ жил тариалангийн талбайгаа 11.000 га-гаар нэмж, нийт 24 мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалсан. Үүний 16677 га-г үр тариа, 170 га-г овъёос, 365 га-г арвай, 175 га-г малын тэжээл, 5640 га-г рапс, 440 га-г эмийн ургамал, 367 га-г төмс, 205 га-г хүнсний ногоо эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оноос 45.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Аж ахуйн нэгжүүд атаршсан 8700 га талбайг өөрсдийн орхисон талбайтай хамт эргэлтэд оруулснаар тус аймгийн хэмжээнд тариалангийн талбай хоёр дахин нэмэгджээ. Ялангуяа улаан буудай, үр тарианы тариалалт өнгөрсөн оныхоос 34 хувиар нэмэгдсэн байна. Рапсаас татгалзаж, улаан буудай тарьсан хэнтийнхэн энэ намрын ургацаа хураахаар саваа бэлдэж эхэлжээ. Сааль ч арвин байх нь тодорхой болжээ.

 

 Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД