ЭЛЧИН САЙД В.ПҮРЭВДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

2014 оны 09 сарын 01

Монгол Улсаас Лихтенштейний Вант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус улсын Угсаа Залгамжлагч Эрхэм дээд Хунтайж Алуа-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.  Элчин сайд В.Пүрэвдорж Угсаа Залгамжлагч Хунтайж Алуа-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол, Лихтенштейний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг эрэлхийлэн идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Угсаа Залгамжлагч Хунтайж Алуа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүлж байх болно гэдгээ илэрхийллээ.  Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын өмнө Элчин сайд В.Пүрэвдорж Лихтенштейний Гадаад хэрэг, боловсрол, соёлын сайд хатагтай Аурелиа Фриктэй уулзаж, хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг улам бүр идэвхжүүлэх, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт хөгжүүлэх мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд хоёр тал хүний эрхийг хамгаалах, ардчиллыг хөгжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж санал солилцов.  Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолд Лихтенштейний Вант Улсын Гадаад хэргийн асуудал эрхлэх албаны захирал, Элчин сайд Мартин Фрик болон Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд оролцов.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД