УУРХАЙН ТАЛБАР ДАХЬ НОГООН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2014 оны 09 сарын 01

 Монгол, Германы техникийн хамтын ажиллагааны “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн хүрээнд МХЕГ, “Монполимет” групп, Монголын байгаль орчны мэргэжилтн үүдийн холбоо хамтран өнгөрсөн долоо хоногт онол, практикийн хурал зохион байгуулж, үр дүнгээ хэлэлцлээ. Энэ хүрээнд бид Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Монполимет” группийн Тосон үйлдвэртэй танилцсан юм. Тосонгийн голдирлын болон дэнжийн ордод уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг уг компанийнхан байгаль орчны нөхөн сэргээлт хэрхэн хийснийг тус салбарын мэргэжилтнүүд болон нутгийн иргэдэд газар дээр нь тайлбарлан харуулав. Зарим хүмүүс телевиз, сониноос л нөхөн сэргээлтийн талаар дуулж байснаас биш ийн нүдээр үзэж байсангүй хэмээн ярьцгааж байлаа. Үнэндээ бол бид саяхныг хүртэл уулыг тал, усыг шалбааг болгоод тухайн газраа сэндийчин, нөхөн сэргээлт хийх талаар ойлголтгүй байсан. Энэ балгаар нь байгаль орчин сүйдэж, зарим аймаг, сумын иргэд ундны усгүй болсон баримт ч бий. Тэгвэл хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийн нэг томоохон шалгуур болох нөхөн сэргээлтийн ажлыг салбартаа жишиг болохуйц хийж чадсан Тосон үйлдвэрээс сурвалжлав. Дэлхийн томоохон уул уурхайн компаниуд ашигласан газраа нөхөн сэргээхээс гадна эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах тал дээр түлхүү анхаардаг болжээ. Энэхүү төслийг есөн жилийн дотор гурван сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлж дуусаж буй аж. Тосон үйлдвэр 723 га талбайд олборлолт явуулснаас техникийн нөхөн сэргээлтийг 675.7 га талбайд, биологийн нөхөн сэргээлт буюу 10 гаруй төрөл зүйлийн мод, бут, мөн төдий хэмжээний ургамал 433 га-д тарьжээ. Үүгээр зогсохгүй нутгийн иргэдийн хүсэлтээр үхрийн нүд, чацарганы 500 ширхэг модыг дөрвөн жилийн өмнөөс тарьж ургуулсан нь үр шимээ өгөөд эхэлсэн байна. Түүнчлэн мод үржүүлгийн газар, хүлэмжийн аж ахуйтай тул өндөр үнээр тарьц, суулгац, үр худалдан авахгүй байх давуу талтай. Өмнө нь “Урт нэртэй” хууль батлагдаагүй байхад Туул голын эргээс 50 метрийн зайд уулын ашиглалт явуулж байж. Дээрх зурагт байгаа газарт овоолсон шороо байсан гэнэ лээ. Тэгвэл биологийн нөхөн сэргээлт хийснээр Туул голын урсац сайжирч, цурхай, цулбуурт, зэвэг зэрэг зүйлийн загас, жараахай нугас, ангир, цахлай, дэглий, хун гээд усны олон шувууд нутагладаг болжээ. Мөн 16 га газарт хиймэл нуур бий болгож, дүүжин гүүр барин, саравч хийсэн нь тухайн орчныг сайтар тохижуулсан болохыг харуулав. МХЕГ-ын Хяналтын албаны газрын дарга Б.Батсайхан “Сүүлийн таван жилийн судалгаанаас харахад алтны шороон ордын олборлогч компаниуд техникийн нөхөн сэргээлтийг заавал хийх ёстой, үгүй бол тухайн компанийн нэр хүндэд муу гэдэг ойлголттой болж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байна. Мөн гаднаас хүмүүс урин нөхөн сэргээлт хийлгэдэг байсан үе ард хоцорсон. Монголчууд өөрсдөө нөхөн сэргээлтээ хийгээд сурсан гэдгийг энэ уурхайгаас харж болно” гэв. “Монполимет” группийн Нөхөн сэргээлтийн албаны дарга Т.Октябрь “Бид энэхүү ажлыг хийхэд 10 гаруй жил зарцуулсан. Энэ жил гэхэд л 227 га талбайд 10-12 төрлийн олон наст ургамлын 73 тонн үр тариалсан. 2005 онд мод үржүүлгийн газар байгуулсан. Бид 15 зүйлийн модыг үрээр болон мөчрөөр үрслүүлж, жилд дунджаар 2000 ширхэг суулгац тарьж, дөрвөн төгөл байгуулсан” гэв. Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Д.Болормаа “Алтан Дорнод компанийн нэг га, Монполимет компани хоёр орчим га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, чацаргана, үхрийн нүд тарьж орон нутагт хүлээлгэн өгч байгаа нь сайн талтай. Гэхдээ уурхайн нөхөн сэргээлтийг компани бүр яг ингэж хийх ёстой гэсэн ойлголт байхгүй. Тухайн орон нутгийн онцлогоос хамаарч, аялагчдад зориулсан, аль эсвэл тариаланчдад зориулсан газар байгуулах уу гэсэн сонголт бий” хэмээв.

 

 Б.БЯМБАСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД