ДЕКО: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

2014 оны 09 сарын 01

 “Tiger street Football 2014” хөлбөмбөгийн тэмцээний Монгол дахь тоглолтууд энэ сарын 29-нд болж өнгөрлөө. Камбож, Монгол, Сингапур гэсэн гурван улсыг дамнан зохиогдож буй тус тэмцээн энэ сарын 9-нд Камбож улсад нээлтээ хийсэн юм. Камбожид болсон гурван тойргийн дараах байдлаар өмнөх жилийн аварга Вьетнамын “Dat Vihn Tien” болон Камбожийн “Daniel FC” багууд есөн оноогоор тэргүүлж гараагаа амжилттай эхл үүлсэн бол эх орноо төлөөлөн оролцож буй “MNS FC” дөрвөн оноотой дөрөвдүгээрт, “Blue Wolves” гурван оноотой зургадугаарт бичигдээд байсан юм. Монгол дахь албан ёсны нээлтэд тус тэмцээний элч төлөөлөгчөөр сонгогдсон Португалийн супер од Деко хүрэлцэн ирсэн нь энэ тэмцээний онцлог байлаа. Тэрбээр Португалийн шигшээ багийн төлөө 75 тоглолтод оролцож, Европын лигт гурав, Ла лигт хоёр, Английн Премьер лигт нэг удаа түрүүлж “Порто”, “Барселона”, “Челси” зэрэг дэлхийн хамгийн нэр хүнд бүхий клубүүдэд тоглож байсан шилдэг хөлбөмбөгчин юм. Деко айлчлалынхаа хүрээнд “Барселона” болон “Челси” багийн фанатуудтай уулзан, дурсгалын зургаа татуулсан нь хөгжөөн дэмжигчдийн хувьд хэзээ ч мартагдашгүй дурсамжтай үйл явдал болов. Түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

-Манай улсад хүрэлцэн ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Юуны өмнө энэ тэмцээний элч төлөөлөгч болж Монголд анх удаа ирж буйдаа маш их баяртай байна. Монголын ёс заншил, өв соёл надад их таалагдсан. Элч төлөөлөгч бөг өөд мэргэжлийн хөлбөмбөгчний хувьд энэ тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгохын төлөө чадах бүхнээ хийхийг хүсэж байна. Тэмцээний нээлтийн өмнө болсон хэвлэлийн бага хурлын үеэр надад дээл бэлэглэсэн нь үнэхээр сайхан санагдлаа. Монгол дээл надад маш их таалагдаж байна.

-Та Монголын хөлбөмбөгийн хөгжлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монголчуудыг хөлбөмбөгийн талаар ийм сайн мэдлэгтэй, өдий зэрэгтэй хөгжсөн гэж бодож байсангүй. Харин Камбожид болсон эхний тойргийн тоглолтод Монголын хоёр багийн тоглохыг хараад миний бодол өөрчлөгдсөн. Ур чадвар өндөртэй, сайн тамирчин олон байгаа нь ажиглагдсан. Энэ тэмцээний дараа Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө хамтарч ажиллана.

-Энэ жилийн тэмцээний элч төлөөлөгч болох саналыг анх хэрхэн хүлээж авсан бэ. Юу нь таныг зөвшөөрөхөд нөлөөлөв?

-Би бусад хүүхдийн л нэгэн адил өглөөнөөс орой болтол гудамжинд хөлбөмбөг тоглож өссөн. Анх энэ тэмцээний элч төлөөлөгч болох саналыг хүлээж аваад, тоглох дүрмүүдтэй танилцахад бага насны тэр сайхан үеэ дурссан. Бас дүрэм нь надад их таалагдсан. Ямар ч спортод шинэлэг зүйл, зоригтой өөрчлөлт байх хэрэгтэй. Энэ өөрчлөлтийг хөлбөмбөгийн спортод хийсэн нь их сонирхолтой санагдаж байна. Мэргэжлийн хөлбөмбөгийн спорт тамирчин хүний үйлдэл, тоглолтын хэв маягийг ямар нэгэн байдлаар хязгаарлаж байдаг. Харин тэр хүлээстэй байдлыг эвдэж, шинэлэг алхам хийж буй хөдөлгөөнд нэгдсэндээ баяртай байна. Хөгжөөн дэмжигчдээс дүрэмд оруулж болохуйц олон шинэлэг санал гарч байгаа. Тэдний санал дээр тулгуурлаж дүрмийг шинэчилнэ. Бидний үйл ажиллагааг дэмжиж өөрсдийн санал бодлоо үргэлж хуваалцдаг хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа.

 

 Б.БУЯНДАЛАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД