МАНАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД АЗТАЙ, ОДТОЙ, ӨНГӨТЭЙ БАРИЛДЛАА

2014 оны 09 сарын 01

 Өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр хуваарь ёсоор багийн барилдаан болсон. Багийн барилдаанд чансаа өндөр 16 улс дөрвөн хэсэгт хуваагдаж өрсөлдд өг билээ. Манай эрэгтэйчүүд В хэсэгт Япон, Алжир, Хятадтай орсон. Оноолтоор эхний барилдаанаа Японтой хийсэн ч дийлсэнгүй, 5:0-ээр хожигдож тэмцээнээ дуусгажээ. Эрэгтэй багийн төрөлд хагас шигшээд Герман, ОХУ, Япон, Гүрж гэсэн шилдгүүд шалгарч үлдсэн. Энэ дундаас Гүрж, Япон хоёрын сонгодог тулаан олны анхаарлыг зүй ёсоор татаж байлаа. Барилдааны эцсийн дүнд Япон 4:1- ээр илүүрхсэн бөгөөд Таканори Нагасе Автандил Чрикивилитэй барилдаж даагаа сайхан нэхсэн юм. Аваргын төлөө ОХУ, Япон нар хүч үзэв. Эхний хоёр жинд зохион байгуулагч орны жүдочид ялалтыг авсан. Гэхдээ сүүлийн гурван жинд япончуудыг барсангүй. Ийнхүү Япон залуус багийн төрөлд босоо байлаа. Эмэгтэй багийн төрөлд манай бүсгүйчүүд “D” хэсэгт өрсөлдсөн. Тэд эхний барилдаанаа Казахстантай хийж 4:1-ээр хожсон юм. Улмаар хэсгийн аваргын төлөө Кубын жүдочдтой өрсөлдөв. Өнгөрсөн жил манай тамирчид Кубад 3:2-оор дийлдэж байсан удаатай. Тиймээс даагаа давхар нэхэх сайхан боломж олдсон юм. М.Бундмаа эхэлж вазаригаар өрсөлдөгчөө буулган авсан. Дараагаар нь дэлхийн аваргад тун сайхан барилдаж тавдугаар байрт орсон Д.Сумъяа иппоноор учраа бөхөө савж, нийт 2:0- ээр манайхан тэргүүлж эхэлсэн. Гэхдээ 63 кг-д Б.Мөнгөнчимэг бага зэрэг туршлага дутаж, ялагдал хүлээснээр 2:1 болов. Улмаар хамгийн хариуцлагатай барилдааныг Ц.Наранжаргал хийсэн. Тэрбээр өрсөлдөгчөө өчих мэхээр цэвэр хожиж, манай баг хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо. Их шөвөгт манай жүдочид Польштой өрсөлдөв. Энэ удаа гавьяат М.Бундмаа өрсөлдөгчөө өлгөж хавираад цэвэр тавьж гараагаа тун өнгөтэй эхлүүлсэн. Дараа нь Д.Сумъяа өрсөлдөгчөө сууж үүрч эргээд вазари авч хожсон. Ингээд гурав дахь барилдаанд Б.Мөнгөнчимэг даралтаар цэвэр хожиж, манай эмэгтэйчүүдийн 2007 онд авсан хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж цаашид алтын төлөө хүч үзэхээр болов. Францын хүчирхэг багтай шигшээ барилдаанд гар зөрүүлэхээр болов. Эхлээд М.Бундмаа харамсалтай ялагдал хүлээсэн ч Д.Сумъяа өрсөлдөгчөө үүрч юүко авч түүнийг цайруулан ерөнхий харьцааг 1:1 болгов. Харин Мөнгөнчимэг дэлхийн аварга Кларистэй тун сайхан барилдсан ч төгсгөлөө муу хийж вазари алдан хожигдов. Гэхдээ Ц.Наранжаргал өрсөлдөгчөө торгуулиар хожиж сүүлийн барилдаанаар бүх зүйл шийдэгдэхээр болов. Б.Мөнхтуяа барилдаан эхлээд удаагүй байхад иппон бууж, францын баг дэлхийн аварга боллоо.

 

Б.ЦОГТ-ОЧИР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД