“Шунхлай”-н ШТС-ын түгээгчийг хөнөөсөн хэрэгт нэг хүнийг саатуулжээ

2014 оны 09 сарын 01

 Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, “Өндөр дов” буюу олны нэрлэж заншсанаар Дундговь руу салдаг уулзварт байрладаг “Шунхлай” компанийн ШТС-ын түгээгч Ц-гийн амь насыг хохироон нэг сая төгрөгийн (урьдчилсан байдлаар) орлогыг нь дээрэмдэн зугтсан хэрэг наймдугаар сарын 18-ны шөнө гарсан билээ. 80 гаруй настай ээж, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг эмэгтэйг ээлжийн амралттай байх үед удирдлага нь дуудаж ажилд нь оруулсан байдаг. Уг хэрэг гарснаас хойш хагас сар өнгөрөхөд хууль хяналтын байгууллагынхан гэмт этгээдийг олоогүй байна. Төв аймгийн Цагдаагийн газар, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд хамтран эрэн сурвалжлах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэгт холбогдуулж өнгөрсөн долоо хоногт нэгэн залууг сэжиглэн 72 цаг саатуулжээ. Гэвч түүнийг уг хэрэгт холбогдолгүйг цагдаагийн байгууллагынхан холбогдох шинжилгээ, бусад нотлох баримтаар тогтоосон гэнэ. Гэмт этгээд хэргийн газарт эд мөрийн хэд хэдэн баримт үлдээсэн бөгөөд түүнийг нь шинжилж үзэхэд сэжиглэн саатуулсан залуугийнхаас тэс өөр байсан аж. ДНХ-ийн шинжилгээгээр өөр дүн гарсан учраас саатуулагдсан залууг гурав хоногийн дараа сулласан юм байна. ЗБГХТГ-ын эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийн газарт үлдээсэн ул мөрөө баллах үүднээс гэмт этгээд ШТС-ын компьютерийнх нь хард дискийг авч явсан хэдий ч гутлын мөрөөс гадна өөр хэд хэдэн ул мөр үлдээсэн байгааг мөрдөгчид бэхжүүлж авсан юм. Мөрдөн шалгалтын явцад гэмт этгээд ШТСын хажуугийн зуслангийн байшинд компьютерийг эвдэж, хард дискийг нь аваад цонхоор гарч, хойд зүгт явган гүйсээр Хустайн даваан дээр гарсан аж. Тэндээсээ автомашинд сууж явсан болохыг цагдаагийн байгууллагынхан тогтоогоод байгаа. Тиймээс Хустайн даваа орчмоос 2014 оны наймдугаар сарын 17-18-нд шилжих шөнө сэжиг бүхий этгээдийг суулгаж явсан автомашины Б.МӨНХ-ЭРДЭНЭ жолооч, эсвэл сэжигтэй машиныг харсан хүн Төв аймгийн Цагдаагийн газарт хандаж мэдээлэл өгөхийг тус газраас хүслээ. Цагдаагийн байгууллагынхан үнэн зөв мэдээллийг өндөр үнээр худалдаж авч, нууцыг чанд хадгална гэдгээ илэрхийлсэн юм.

 

 Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД