АЛТАН-ОВООГ АР, ӨВРӨӨС НЬ УХАХ УУ

2014 оны 09 сарын 01

УРАН ТОЙРСОН ДАЖИН

Газрын доорх баялаг ард түмний мэдэлд гэх Үндсэн хуулийн заалт үнэ цэнээ алдаж, ашигт малтмалын орд газарт олгосон лиценз тойрсон маргаан тасрахаа болиод удаж буй. 2004-2005 онд төр нийт газар нутгийнхаа 40 хувь буюу 70 сая га газрыг уул уурхайн олборлолтод зориулж, лиценз хэлбэрээр тараасан байлаа. Гэсэн хэдий ч төр өөрийн хэмээн онцолсон стратегийн ач холбогдол бүхий орд газартаа ч эзэн сууж чадалгүй баялгаас бялуу хүртэгч болж хувирсан юм. Ийм цаг үед уул уурхайн салбар улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг болсон ч алсын бодолгүй тараасан лиценз, үүнээс үүдсэн маргаан, Засгийн газрын гуйвамтгай шийдвэр нь хөрөнгө оруулагчдыг үргээж, үе үе төр, иргэн, хөрөнгө оруулагчдыг хамарсан дажин дэгдэх нь энүүхэнд болов. Хөрсөн доорх баялгаа баруун солгойгүй лиценз болгон тараасны уршгаар дотоод, гадаадгүй үймж, иргэдээ хохироон, хөрөнгө оруулагчдын сэтгэлд сэв суулгаж буйн бурууг хүлээх эзэн, хариуцагч гэж алга. Өнгөрсөн зуны турш Сүхбаатар аймагт ураны лиценз тойрсон дажин өрнөж, намрын өдрүүдтэй залгав. Тус аймаг 13 сумтай. Энэ дажин анх 2008 онд Түмэнцогтоос бусад 12 суманд нь уран буюу цацраг идэвхт бодис хайх зөвшөөрөл олгосноос эхтэй.

Өнгөрсөн долдугаар сарын 22-нд эдгээр хайгуулын лицензийн наймынх нь хугацаа дууссан тул орон нутгийн иргэд уран хайх, цаашид олборлолт явуулахаар олгосон тусгай зөвшөөрлийг цуцалж, газар нутгаа хамгаалалтад авах шаардлагыг аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт хүргүүлсэн. Лицензэд хамрагдсан талбайд Төрийн тусгай хамгаалалттай бүс нутаг, Төрийн тахилгат Алтан-Овоо болон орон нутгийнхны эрхэмлэж явдаг Баяншарга, Зотол, Дарханхаан, Матадхаан, Шарга зэрэг уул багтсан нь нутгийнхны эсэргүүцлийг улам өдөөв. Онцлоход, Хатагин хошууны Зотол уул бүхэлдээ ураны лицензэд хамаарсан байсныг 2009 онд УИХын гишүүн Р.Буд хэл ам хийж байж, оройгоос нь таван км чөлөөлсөн бол уулыг бүхэлд нь лицензэд хамруулах шийдвэрт аймгийн Засаг дарга Ж.Батсуурь гарын үсэг зурсныг нутгийнхан нэлээд хожуу мэдсэн аж.

Монгол Улс Цөмийн энергийн тухай хуулиа өлгийдөж амжаагүй байхад олгосон энэ лицензийг уг нь орон нутгийн ИТХ хүлээн зөвшөөрсөн байх учиртай. Тодруулбал, Ашигт малтмалын хуулийн дагуу сум, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж лиценз эзэмших эрхийг нь баталгаажуулах учиртай ч лиценз олгосон он жилүүдэд ИТХаас ийм шийдвэр гараагүй, ИТХ нэг ч удаа энэ асуудлаар хуралдаагүй байна. Маргааны нэг талд сууж буй Засаг дарга Ж.Батсуурь хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэдгээ мэдэгдэж байгаа бол орон нутгийн иргэд тэмцлээсээ ухрахгүй гэцгээв. Ашигт малтмалын олборлолт даган үүсч буй байгаль экологийн доройтол, хор хөнөөлийг бууруулах талаар хуримтлуулсан 20 гаруй жилийн туршлага бидэнд бий. Тиймээс сүхбаатарынхан Нигерт 40 жил ураны уурхай ажиллуулж, хүн, байгаль, амьтныг цацрагаар хордуулж, ураны хог шаараа ил задгай хаясан хэрэгт буруутгагдан дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд өртсөн Францын “Арева” зэрэг компанийн үйл ажиллагааг эсэргүүцэх ажлаа мөд зогсоох шинжгүй болжээ.

“БИ ХААН БАЙНА”

Өнгөрсөн зун “Дэлхийн Монгол- Ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” ТББ-ынхан АНУ-ын эрдэмтэн Пол Робинсонтой хамтран Дорноговь, Сүхбаатар аймагт ураны хор хөнөөлийн талаар судалгаа хийсэн гэдэг. “Газрын гүнд хүхрийн хүчил шахан, уусган баяжуулах аргаар хайгуул хийж буй “Кожеговь” компанид мөрддөг тусгай стандарт байхгүй. Хүхрийн хүчлээр хордсон газрын гүн дахин цэвэршихг үй. Газрын гүнийг бүрэн цэвэршүүлсэн баримтыг дэлхийн хаанаас ч сураглаад олохгүй. Ийм түүх дэлхийд байхгүй” гэж мэдэгдсэн АНУ-ын эрдэмтэн Пол Робинсоны үг сүхбаатарынхныг эсэргүүцлээ үргэлжлүүлэхэд нөлөөлс өн бололтой. Дээр нь Онгон зэрэг суманд цооног гаргасан хэдий ч нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас нүхэнд нь мал амьтан, дархан цаазат амьтад унаж үхсэн. Онгон сумын иргэдийн ундны усны эх Хавиргын булгийн ундарга ширгэж, угаас цэвэр усны нөөц багатай сүхбаатарчуудыг эмзэглүүлж байгаа. Төрийн тахилгат Алтан-Овооноос эхлээд орон нутгийнхны шүтдэг уулаа лицензэд олгосон Сүхбаатар аймгийн болон сумдын Засаг дарга, зарим эрх бүхий төрийн албан хаагчдын амьдралыг жирийн иргэдийнхтэй харьцуулшгүй. Захын сумын байгаль орчны байцаагч нь гэхэд жийп хөлөглөж, орчин үеийн хауст амьдардаг. Түүнээс дээш албан тушаалтнууд нь бараг аймгаасаа баянд тооцогдох хөрөнгөтэй болсон талаар орон нутгийнхан мэдээлж байгаа юм. Лиценз тойрсон маргааны ард иргэдийн амьдрах, амьд явах эрх зөрчигдөж, их хэмжээний мөнгө угаагдаж байж болзошгүй гэж үзсэн орон нутгийнхан АТГ-т найдах л үлджээ. Үнэн, худлын ялгааг тайлах цөөн газрын нэг гэж үзэж буй тус газрыг сүхбаатарчууд буганд эврээ өгч явуулаад харуулдаж суудаг тэмээ шиг хүлээх болсон байна. Юутай ч өнгөрсөн зунаас эсэрг үүцэл өрнүүлсэн иргэд, ТББ-ынхан Сүхбаатар аймгийг хэрсэн лицензэд анхааралтай хандан газар, газрын доорх баялагтаа анхааралтай хандаж, иргэд, орон нутгийн эрх ашгийг бодож үзнэ үү гэсэн хүсэлтийг нэг биш удаа Засаг даргадаа тавиад бүтэлгүйтжээ. Засгаас “Үлгэр жишээ аймгийн дарга” гэх үнэлгээ авч олонд танигдаад буй тус аймгийн Засаг ноён Ж.Батсуурь тэднийг “Муу сайн рекетчид, та нар эндээс зайл. Би энэ нутгийн эзэн. Хэнд ямар газар нутаг өгөхөө би шийднэ, би Сүхбаатарын хаан байна” хэмээн цамнаж, зарим нэг хүнд “алганы амт” үзүүлж ч амжсан байна. Түүнчлэн аймгийн төв талбайд ураны хор хөнөөлийн талаар сурталчилж буй иргэдийн мэдээллийг сарниулахын тулд талбайн том дэлгэцээр дуу хуур цацдаг гэнэ. Ноён Ж.Батсуурьт иргэдийнхээ үзэл бодлыг сонсож, байр сууриа танилцуулаад үдэх ухаан дутсан төдийгүй орон нутгийн телевизээр ярилцлага өгч “Хүн, нохой нь мэдэгдэхгүй хүзүүндээ гинж зүүсэн хүмүүсийг нутгийнхаа хилээр оруулахгүй. Би нутгаа хамгаалж чадна” хэмээн хээв нэг ярьж суудаг болсон гэнэ.

“ЛИЦЕНЗИЙН АРААС ИРСЭН ХҮН”

Сүхбаатарынхан Төрийн тахилгатай Алтан-Овоо болон орон нутгийнхны шүтэж эрхэмлэдэг уул усыг тойрсон лицензийн зөвшөөрлийг цуцлах, лицензийг төрийн нэр барьсан шат шатны эрх мэдэлтний баяжих хөлжих хэрэгсэл болгохгүй байх, лиценз тойрсон наймаа, гадаад, дотоод сүлжээг цэцэглүүлэхгүй, хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх шаардлага тавьж буй аж. Энэ байр сууриа УИХ-д дуулгахыг хүсэж, зарим нь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Зоригтод хандан хад мөргөсөн байх юм. Дорнодын хүн хэмээн олноо танигдсан эрхэм гишүүн 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Эрдэнэцагаан сум бол миний эцгийн нутаг” гэж яриад жанжны нутагт хөл тавьж, Сүхбаатар аймгаас нэр дэвшсэн. Ингээд тус аймагт туйлын хайртай гэдгээ харуулж, “Ганга нуураа хамгаалъя” зэрэг уулзалт, ярилцлага зохион байгуулж шоудсан гэдэг. Энэ үгэнд иргэд итгэж, түүнийг УИХ-ын гишүүн болоход “Сүхбаатар аймаг ураны найман лицензтэй, газрын тосны маш том талбайн зөвш өөр өлтэй, зарим зөвш өөрлийг давхцуулж олгосон. Бичигтийн боомтоор авто зам тавилгүй олон жил газрын тос зөөлөө. Нутгийн хүн, мал амьтны эрүүл мэнд, байгаль орчинд муугаар нөлөөлж байна. УИХ, Засгийн газарт хохирол тооцох санал оруулж өгөөч” гэсэн хүсэлт илгээжээ. Гэвч эрхэм гишүүн огт хөдлөөгүй ба нутгийнхан М.Зоригт өөрсдийг нь “Сүхбаатарын хүү” хэмээн мэхэлснийг хожим олж мэдсэн гэнэ. Өдгөө сүхбаатарынхан М.Зоригтыг “Зүүн хязгаарын хэдэн лицензийн араас ирсэн хүн” гэх болжээ.

Учир нь аймгийн нутагт олгосон лиценз, хамрагдах талбай ил болж эхлэх үед Сүхбаатар аймагт түүний шинээр авсан занарын лицензийн сураг дуулдаж эхэлсэн байна. Тус аймгийн удирдлагууд Дарьгангын байгалийн цогцолборт газар, монголчуудын олон үеэрээ шүтэн, эрхэмлэж ирсэн Төрийн тахилгат Алтан-Овооны ар өврөөс ухах лиценз эзэмшигчдийг дэмжин, сонгогчдын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд дуулгаж, иргэдийн байр суурийг тусгах учиртай эрхэм түшээ сонгогчоо шүүхэд өгнө хэмээн цахим ертөнцөөр зарлаж сүхбаатарчууд олны анхааралд өртөөд байгаа. Бусад аймагт ч энэ байдал давтагдахгүй гэсэн баталгаа алга. Уул уурхайн салбар эдийн засгийн голыг нугалж байгаа нь үнэн ч байгаль, экологид хохирол учруулах ёсгүй. Лицензийг нэг аймгийн, нэг сумын газар нутгийн тодорхой хувьд олгох, байгаль орчин, хүн малд хоргүй, орон нутаг, иргэн болон төрд ашигтай байлгах зэрэг боломжит хувилбараар хослуулан шийдэх цаг ирснийг шийдвэр гаргагчдад сануулах учиртай. Д.ОТГОНЖАРГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД