Дорнодын ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар шүүгчид нөлөөлөхийг оролджээ

2016 оны 03 сарын 16

Дорнод аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Оюунд нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр 1.9 сая төгрөгөөр торгуулжээ.

Р.Зоригтбаатар нь уг шүүхэд “Аймгийн ИТХ-ын даргаас 2015 оны аравдугаар сарын 5-нд намайг үндэслэлгүйгээр огцруулсан нь хууль зөрчсөн” хэмээн гомдол гаргаж, хэргийг Б.Оюун шүүгч хянаж байсан гэнэ.

Энэ үед шүүгчийн туслах Ч.Батзоригтой уулзана хэмээн Тахарын албаныханд бүртгүүлэн дотогш нэвтрээд ерөнхий шүүгчийн өрөөнд орсон аж. Улмаар “ИТХ хуралдах гэж байна. Тэр хурлыг түдгэлзүүлж өг, тавьсан шаардлага биелүүлсэнгүй, дээд газарт чинь гомдол гаргана. Ёс зүйн хороонд өргөдөл бичнэ” хэмээгээд гарчээ.

Түүгээр ч зогсохгүй Б.Оюун шүүгчтэй дунд сургуульд хамт сурч байсан Ч.Энхболдтой утсаар ярьж, ИТХ-ын хурлыг хуралдахыг түдгэлзүүлэх захирамж гаргуулах хүсэлт тавьсан гэнэ.

Энэ мэтээр шүүх, шүүгчид нөлөөлөхийг оролдсон явдал гаргасан тул шүүгч Б.Оюун хэргийн оролцогч Р.Зоригтбаатарт холбогдуулан хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгээ Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн байна.

Тус зөвлөлөөс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хянан хэлэлцээд Р.Зоригтбаатарыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн буруутайд тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920.000 төгрөгөөр торгох шийтгэл оноожээ. Тэрбээр буцаж ажилдаа томилогдсон юм байна.

 Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд