СЭНСНЭЭС ҮҮССЭН САЛХИ НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДОХОД ХҮРГЭСЭН БОЛОЛТОЙ

2015 оны 12 сарын 25

Зэвсэгт хүчний 337 дугаар анги буюу цэргийн нисэх ангийн нисдэг тэргүүдээс дахиад нэг нь осолдож, ахин ашиглах боломжгүй боллоо.

ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалаас баталсан удирдамжийн дагуу тус ангийн удирдлага, сургагч-багш нар, ОХУ-д суралцаад ирсэн шинэ төгсөгч нар, дээрх командлалынхаа зарим албан тушаалтнуудын хамтаар шөнийн төлөвлөгөөт нислэг хийж байсан гэдгийг уг командлалын эх сурвалж хэлж байгаа юм.

Ингэж яваад үзэгдэх орчин нь хязгаарлагдсанаас болж осолджээ. Хэдийгээр албаныхан ослын буулт гэж буй ч тийм биш, осол гэдэг нь тодорхой байгаа юм.

Биднийг уржигдар 22.30 цаг, өчигдөр 14.30 цагийн үед 337 дугаар ангид очиход тус анги руу орох замыг хаасан, эргэн тойронд нь Улаанбаатар цэргийн хүрээний зарим ангийн байнгын бүрэлдэхүүн болсон ахлагч, сонсогч нарыг харуулд гаргасан байлаа.

Тэд “Ямар ч хүн оруулж болохгүй гэсэн үүрэг чиглэл дээрээс өгсөн. Ялангуяа сэтгүүлчдийг ойртуулж ч болохгүй гэж тушаасан” гээд цагдаа, онцгой байдал, ЗХЖШ, БХЯ, эмнэлгийн байгууллагын албаны хүмүүсээс өөр ямар ч хүнийг нэвтрүүлэхгүй байв.

Ослын талаар өчигдөр 09.00 цагт ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан нар мэдээлэл хийв.

Хурандаа Ц.Батсайхан “Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд арванхоёрдугаар сарын 23-ны үдэш МИ-8Т загварын нисдэг тэрэг осолдон, цэргийн нэг алба хаагчийн амь нас эрсдэн, 10 хүн гэмтэж бэртсэн харамсалтай явдал боллоо.

Нисдэг тэргээр цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу шөнийн дадлага сургуулилтын нислэг үйлдэж байсан. Нисдэг тэрэг осолдох үед 11 цэргийн алба хаагч байсан.

Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, мэс засалд орж, хагалгааны дараах эмчилгээ хийж байна.

Цэргийн дөрвөн алба хаагч доод мөч, нэгийнх нь хавирга хугарсан, гурвынх нь арьс зулгарсан гэсэн оноштойгоор Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.

Энэ нь төлөвлөгөөнд заагдсаны дагуу хийж байсан сургалт, дадлага бөгөөд сард өдөр, шөнийн дадлагыг 2-3 удаа зохион байгуулдаг.

Нислэгт нисгэгч, сургагч нисгэгч, аэродромын хангалт, гэрэлтүүлэг, дохиоллын инженер, техникийн бүрэлдэхүүн оролцож үүрэг гүйцэтгэж байсан. Ослын шалтгааныг тодруулахаар цагдаа, прокурор болон холбогдох бусад байгууллагын ажилтнууд үзлэг шалгалтаа явуулж байна” гэв.

Хурандаа С.Дашзэвэг “Хэргийн газарт үзлэг хийж дуусаагүй болохоор нисдэг тэргийг хэн жолоодож явсан, осол юунаас болж гарсан талаарх мэдээлэл хомс байна. Албан ёсны дүгнэлт гарсны дараа та бүхэнд мэдээлэл өгөх болно.

Бортмеханикч, ахмад М.Батбаяр Зэвсэгт хүчинд 17 жил зүтгэсэн, 37 настай байсан. Амь эрсэдсэн цэргийн алба хаагчийн ар гэрт БХЯ, ЗХЖШ-аас бүх талаар дэмжлэг үзүүлнэ” гэв.

Бортмеханикч гэж чухам ямар ажил үүрэгтэй хүн байв гэдгийг ИНЕГ-ын мэргэжлийн хүмүүсээс лавлахад “Нисгэгч, хоёрдугаар нисгэгчийнхээ сууж, хөдөлгүүр, техникийнхээ параметрүүдийг харьцуулан удирдаж явах үүрэгтэй хүн” гэв.

Тэгэхээр нисдэг тэрэгний бүхий л мэдээллийг харж нягтлан, хөлгийн даргадаа танилцуулж байдаг чухал үүрэгтэй хүн аж.

Нисдэг тэрэг 337 дугаар ангийн үндсэн байрлалаас зүүн урагш таван км орчим зайд унажээ. Ослын газарт Налайх дүүргийн Онцгой байдлын болон Цагдаагийн хэлтсийн ажилтнууд уржигдар орой 20.50 цагаас хойш ажиллаж байгаа гэдгийг дээрх хоёр байгууллагын эх сурвалж хэлж байна.

Биднийг өчигдөр 14.30 цагийн үед ослын газарт очиход БХЯ, ЗХЖШ-аас томилогдсон ажлын хэсэг тэнд бас ирсэн юм. Уг нь тухайн үед осолдсон нисдэг тэргийг ачихаар өргөгч цамхагтай машин (крантай), урт шалаанз хамгаалалтын бүсэд нэвтэрсэн ч төд удалгүй хоосон буцаав.

Үүний учрыг осол, хэргийн газарт ажиллаж буй албаны хүнээс утсаар лавлахад “Осол, хэргийн газрын үзлэг дуусаагүй байсан учраас 337 дугаар ангид байж байгаад дуусахаар нь ир гэж явууллаа” гэв.

Өчигдөр орой 19.30 цагийн үед холбогдоход ч “Үзлэг хараахан дуусаагүй байна. Зарим цахим хуудсанд урд хэсэгт нь гал гарсан гэх мэдээлэл цацагдсан гэж дуулдлаа. Шатсан, гал авалцсан зүйл огт байхгүй шүү. Ойр орчимд нь ч галын ул мөр алга” гэлээ.

Ослын дараачаас эхлэн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн харуул хамгаалалтыг чангатган, эмчлүүлэгсдийн ар гэрийнхнээс өөр ямар ч хүн дотогш оруулахгүй байлаа.

Осолдсон хүмүүсийн биеийн байдлыг эмч, сувилагч нараас нь тодруулахад “Харьцангуй тогтворжсон, хүнд гэмтсэн нэг хүний хөлийг тайрч болзошгүй байгаа. Юутай ч эмчилгээ, сувилгаагаа зохих түвшинд хийж байна” гэж ярив.

Нисдэг тэргэнд зорчиж явсан АДХЦ-ийн командлалын мэргэжилтэн, дэд хурандаа Бат-Оршихоос биеийн байдлыг нь лавлахад “Миний бие сайн байна. Одоогоор ярилцлага өгөх боломжгүй” гэсэн юм.

Мэргэжлийн зарим хүн “МИ-8Т загварын нисдэг тэргийг ОХУ үйлдвэрлэхээ больсон, анх 1960-аад оны сүүлчээс үйлдвэрлэж эхэлсэн, хямд үнэтэй “ажлын машин” гэж хэлэхэд болно. Түүнтэй адил, барууны “Heavy” гэж нэрлэдэг нисдэг тэргүүд үнэтэй, зардал ихтэй байдаг.

Дэлхий дахинд ийм агаарын хөлгүүд байнга осолдож байдаг. Манайх цөөн нисдэг тэрэгтэй, жижиг орон болохоор үүнийг дуулиан шуугиан болгож байна. МИ-8Т загварын манайд байгаа нисдэг тэргийг 1984 онд үйлдвэрлэсэн, нэлээд хэдэн жилийн өмнө Улаан-Үдэд их засварт оруулж, нислэгийн цагийг нь шинэчилсэн байх ёстой” гэж ярихтай ч таарлаа.

Тэдний таамаглаж буйгаар, шинэ орсон цас нисдэг тэрэгний сэнснээс үүссэн салхинд хөөрөн, үзэгдэх орчин хязгаарлагдаж, баримжаа алдагдсан юм шиг байна лээ. Цас орж байх үед юм уу, орсны дараа баримжаа алдагддаг.

Ш.Отгонбилэг агсан, НҮБ-ын шинжээчид, Японы сэтгүүлчдийн сууж явсан нисдэг тэрэгний ослын шалтгаан ч сэнснээс үүссэн салхины аясаар цас хөөрснөөс үүдсэн гэж дүгнэдэг шүү дээ” гэж байв.

Цэргийн анги байгууллага, хувийн компанийн мэдлийн нисдэг тэргүүд сүүлийн 10 гаруй жилийн дотор нэг бус удаа осолдож, манай нисэх хүчин хөл дүүжлэх унаагүй болж ч үзсэн.

Дээр дурдсан 2001 оны ослоос хойш УИХ-ын гишүүн асан Ц.Батаа Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр үнэг хөөж яваад осолдуулж, жагсаалаас гаргаж байв.

Түүний дараахан ХХЕГ-ын мэдэлд байсан нисдэг тэргийг эрх мэдэлтнүүд бороотой үед түймэр унтраах тушаал өгч явуулан сүйрүүлж 14 аврагчийн амийг сүйдэлсэн, үүний өмнө бүртгэгдсэн, нисдэг тэрэгний осол бол 2013 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд унасан, “А-Жет лимитед” компанийн МИ-8-ынх байв.

Зэвсэгт хүчний 337 дугаар ангид өдгөө 3-4 нисдэг тэрэг байгаа бөгөөд тэд заримдаа арилжааны нислэг үйлдэж, анчид, мотоциклийн раллийн зураг авахад оролцдог юм билээ.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.5.195.125 Одоо МИ-8 хэрэглэхийг хориглосон нь дээр. Энэ нисдэг тэрэг олон ч удаа осолд орлоо, олон ч хүний амийг авч одлоо.
172.101.82.153 uuriinhuu sensnii salhind hiischihdeg gej uu???
172.101.82.153 uuriinhuu sensnii salhind hiischihdeg gej uu???

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд