ТҮГЖРЭЛИЙН ШАЛТГААН БОЛСОН ЗАМЫН БАЙГУУЛАМЖУУД

2015 оны 12 сарын 22

Нийслэлчүүдийг сүүлийн жилүүдэд байнга бухимдуулж буй зүйл бол замын хэт ачаалал буюу бидний нэрлэж заншсанаар түгжрэл. Түгжрэхгүй өдөр гэж бараг л үгүй болж. Арга ч үгүй биз.

Гурван сая хүнийх нь талаас илүү нь нийслэлдээ чихсэн, 400 мянган тээврийн хэрэгслийнх нь 80-90 хувь нь Улаанбаатарынхаа зам дээр “алалцаж” байгаа юм чинь.

Улсын нийслэлийн замын хэт ачааллыг бууруулах гэж янз бүрээр үзэж буй. Зарим уулзварыг өргөтгөж, шинээр зам тавьж буй ч түгжирсэн хэвээрээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт “JCI Монгол” байгууллагын залууст лекц уншихдаа “Зам өргөтгөж шинэчлээд түгжрэл буурахгүй байгаа нь өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлаас харагдлаа.

Тиймээс нийслэлчүүдийг бухимдуулж буй энэ байдлаас гарахад нийтийн тээврээ сайжруулах” гэсэн. Үнэхээр ч нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж метро, бусад төлөвлөсөн ажлаа хийснээр түгжрэл буурч магадгүй.

ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ ТҮГЖРЭЛИЙН

НЭГ ШАЛТГААН ГЭРЭЛ ДОХИО

Харин үүнээс өмнө түгжрэл саатал үүсгээд байгаа гэрэл дохионуудаа эргэж нэг хармаар санагдана. Яагаад ийн хэлэх болов гэхээр манай нийслэлийн зам дээр тэмдэг тэмдэглэл, гэрэл дохионууд хоорондоо зөрчилдөнө.

Үүний тод жишээ бол саяхан ЭМСЯ-ны баруун урд тавьсан гэрэл дохионы зохицуулалт. Нэг урсгал нь хоёр эгнээтэй зам дээр чигээрээ, баруун болон зүүн гар тийш эргэх зохицуулалттай гэрэл дохио суурилуулсан.

Чигээрээ болон баруун гар тийш эргэх гэрэл дохио асмагц хоёрдугаар эгнээнд буй тээврийн хэрэгслүүд түгжрээд зогсчихно. Яагаад гэвэл зүүн гар тийш эргэх гэсэн машинууд гэрлээ асахыг хүлээж байгаа нь бусдынхаа хөдөлгөөнд саад учруулж байгаа хэрэг.

Уг нь бол урдаасаа буюу ЗЦГ-ын уулзвар талаасаа ирж буй хөдөлгөөнийг улаан гэрэл асаан зогсоосны дараа хойноосоо явж буй хөдөлгөөнийг явуулах зохицуулалттай байхаар тийм гэрэл дохио суурилуулсан байх л даа.


Энэ уулзварын урдхан талд 13 дугаар хороолол руу эргэдэг шинэ гүүр, зам тавьсан. ЗЦГ-ын баруун уулзвар буюу Олимпийн гудамжаар чигээрээ ГХЯ-ны уулзварт орох машинууд нэг талынх нь замын хаагаад зогсох тохиолдол бий.

Гэтэл баруун гар тийш эргэх гэрэл дохио нь асвал нөгөө ойлгомжгүй тэмдэг тэмдэглэл, гэрэл дохио тавьсан этгээдүүд хариуцлага хүлээхгүй.

Харин хөөрхий муу жолоочийг замын цагдаа нар “Та эгнээ байр буруу эзэллээ” гээд хэтэвчин дэх хэдтэй нь ярина.

Зөвхөн Олимпийн гудамжинд энэ мэт түгжрэл үүсгэдэг гэрэл дохио, зохицуулалт байгаа юм.

Ганц энэ гудамжаар тогтохгүй нийслэлд ийм уулзвар өчнөөн байгаа.

АЮУЛТАЙ ТОЙРОГ

Хот төлөвлөлтийн бодлого нь буруу, жолооч нарын ухамсарын түвшин их дорой байгаа өнөө цагт хэдэн давхар зам бариад ч түгжрэл буурахгүй. Уг нь аливаа автомашин тээврийн хэрэгсэлд гэрэл дохио гээд хуруугаа хөдөлгөх төдийд бусад жолооч нарт мэдээлэл дамжуулж болохуйц тоноглол бий.

Гэтэл бүдүүлэг харанхуй нь дэндсэн, малынхаа бэлчээр дээр яваатайгаа адил сэтгэж хөдөлгөөнд оролцдог нөхөд гэрэл дохиогоо ч өгөхгүй хажуугаас шахаж орж ирнэ. Зарим нь хажуугаас мөргөнө, шүргэнэ, араас “амбаардана”.

Нэг хэсэг нь тулж орж ирчихээд хуруу гараа гозолзуулаад оруулчих гэж гуйна. Уг нь эгнээ байраа эртхэн эзлээд Замын хөдөлгөөний дүрэм, журмын дагуу оролцвол түгжрэл саатал үүсэх нь бага ч гэсэн багасах болов уу.

Манай зарим зөрүүд жолооч нар хуруу, гараа гозолзуулж, хажуугаас дайрч орох гэсэн нөхдийг оруулахгүй гэж зүтгэх нь олонтаа. Тиймээс жолооч нар зохиомол түгжрэл өөрсдөө бий болгож байна.

Түүнээс гадна бас л нөгөө гэрэл дохионы ойлгомжгүй зохицуулалт саатлын нэг шалтгаан болдог. Саппорогийн уулзварт хэдэн жилийн өмнө байсан аюулгүйн тойргийг авч хаяж, өдгөө дөрвөн замын уулзвар болгосон.

Энэ нь замын хөдөлгөөнд эерэг үр нөлөө үзүүлсэн. Тэр тойрог байхад жолооч нар байнга л шүргэлцэж, мөргөлдөн зогсдог байв. Тиймдээ ч “Аюулгүйн тойрог” бус “Аюултай тойрог” гэж нэрлэж байв.

Өнөөдөр Аюултай тойргийн багасгасан хувилбар “Гранд плаза”-гийн урд ТЗХЭГ-ын хойно байна. Уг нь тэнд гэрэл дохион зохицуулалттай. Гэвч гэрэл дохиогоор явдаг жолооч бараг л үгүй.

Цагдаа ч тэнд бараг ажил үүргээ гүйцэтгээд байгаа харагддаггүй. Тэгэхээр манай дүрмээ мөрддөггүй жолооч нар зүтгэж дайрч байгаад л түгжчихнэ.

Тэгэхээр Аюултай тойргийн хэрэгцээ тэнд үгүй. Харин ч хяналтын камераа сайжруулж, гэрэл дохионы солигдох хугацааг нь сайтар судалж байршуулвал тэнд үүсэх зохиомол түгжрэл багасах болов уу.

Энэ аюултай тойргоос гадна Таван шарын гэж нэрлэгддэг төмөр зам, автозамын уулзвар (призер) мөн л аюул дагуулж байна.

Тэр замд тусгаарлах хаалт тавиагүй байхад хамгийн хойд захын эгнээнээс зүүн гар тийш огцом эргээд осол гаргадаг байлаа. Одоо тэнд хаалт тавьсан, бас гэрэл дохио ч тавьж байгаа харагдсан.

Гэвч тэр уулзвар аюултай хэвээр л байна. Толгойт талаасаа ирж байгаа автомашин Таван шар талаасаа явж байгаа машинтай тэр л уулзварт “золголдчих” гээд хэцүү байх нь хэвээрээ.

“СОХОР”, “ДҮЛИЙ” ЖОЛООЧ НАР ТҮГЖРЭЛД НЭРМЭЭС БОЛНО

Замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүстэй өдөр бүр таардаг үзэгдэл бол зам дээрх хог шороог цэвэрлэж буй шар хантаазтанууд саваа түрэх нь түрж, чирэх нь чирч, аваачаад орчин тойрноо шүүрддэг.

Тэд бол улсын нийслэлийг цэвэр байлгах гэж нойроо хугаслан зүтгэж буй хүмүүс. Гэвч тэд маань осол гарч, түгжрэл үүсгэх нэг шалтгаан бий болгодог байх нь.

С.Өнөржаргал гэдэг хүний хийсэн судалгаа, дүгнэлтээс иш татахад “Манай улсад замын эвдрэл гэмтэл, нүх, овоолсон шороо, мөстсөн замын хэсэг зэрэг зүйлсийг тойрч гарах гэсэн жолооч хөдөлгөөний чигийг гэнэт өөрчлөх, тойрч гарах, эсрэг урсгалд орох зэрэг үйлдлийн бурууг жолооч нарт үүрүүлж байна” хэмээсэн байгаа юм.

Түүний дурдсан дээр нэмээд замын цэвэрлэгчдийг оруулж болохоор. Учир нь сүүлийн үед тэд нийслэлд орсон их цасыг цэвэрлэхдээ замын тусгаарлах зурвас руу шахаж овоолох болсон.

Түүнийг нь жолооч нар тойрч гарах гээд хавиралдах тохиолдол гарч л байна. Тэр бүрт жолооч нар л хоорондоо хохирлоо ярьж байгаагаас биш зам арчлалтынхнаас хохирол нэхэмжилсэн нь үгүй.

Энэ мэт байдлаас гадна замын тэмдэг тэмдэглэгээ зөрчдөг жолооч “найз нар” ч онцгой хувь нэмэр оруулна.


Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд шинээр байгуулсан уулзвар руу, 11 дүгээр сургуулийн хойд талд, баруун дөрвөн замын “Гранд плаза”-гийн уулзвараар Модны-2-ын зүг, Тээврийн дээд сургуулийн урд уулзварт зүүн гар тийш эргэхийг хориглосон тодоос тод тэмдэг уг нь бий.

Замын хөдөлгөөнд сохор, харалган хүмүүс ордог юм уу, тэдгээр тэмдгүүдийг хажуугаар өнгөрөнгүүтэй л зүүн гар тийш эргэхээр зогсоно.

Ард нь олон жолооч дуут дохиогоо өгөөд “тэнэг, мангар, мал”-аар нь дуудаад байхад сонссон шинжгүй суух нэгэн хэвийн үзэгдэл хотын замд бий болсон.

Цагдаа байвал дүрмээрээ яваад, байхгүй, эсвэл цаашаа хараад явж байвал зөрчдөг жолооч нараас болж түгжрэл үүсээд байгааг судлаачид тогтоогоод байна.

Тухайлбал, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа, судлаач С.Энхтөр “Замын хөдөлгөөний одоогийн байдал, тээврийн эрэлтийг урьдчилан тооцоолох системээр одоогийн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг загварчилж үзэхэд зам түгжрэлтэй байх нөхцөл харагдахгүй, замын ачаалал 0.41 орчим байна.

Гэвч бодит байдал дээр хотын төв хэсэг ба хотын төв рүү чиглэсэн гол зам түгжрэл ихтэй харагдаж байгаа нь хөдөлгөөний зохион байгуулалтай шууд холбоотой.

Улаанбаатар хотын замын түгжрэлийг үүсгэж буй гол шалтгаан нь зам дутмаг гэхээс илүү замын зохисгүй, буруу ашиглалт, замын багтаамжийг хангалттай ашиглаж чадахгүй байгаа явдал” гэсэн байна.

Тэгэхээр яалт ч үгүй түгжрэлд жолоочийн буруутай үйлдлээс гадна замын зохион байгуулалт буруу, гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээний ажиллах зарчим алдаатай байх нь нөлөөлж байна.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.40.122 Та замын хөдөлгөөнд соёлтой, бусдыгаа хүндэтгэн оролцвол болно доо
202.9.40.122 Манай Улаанбаатарт өргөн зам байгаад ч хэрэггүй
202.9.40.122 Хотын энэ түгжрэл жолооч биднээс улбаатай юм уу? Бид соёлтой, бие биенээ хүндэтгэдэг л болвол
103.57.95.183 Gandigiin gadamjnii tugsgul deer barigdsan home plaza jinhene gai bolj bgaa barilga tugjrel osol avaar tasrahgui barilgiig tumur karkasaar barisan buulgaad uur gazar bariulah heregtei
124.158.126.101 Uulzavart orood chigeeree yavaa mashin unguruuldeg uulzvar deer urduur dairahiig ni yana. Hervee bi hamgiin urd zogsoj baigaad nom yosoor ni chigeeree yavaa mashind zam tavij uguud gargval araas buun signal tegeed 2 talaar dairch orood l uuruu yavahgyi chugeeree yavj baigaa nuguu egneenuudiig ch yavuulahgyi. Gatsaa tugjee zamiin baiguulamjuudaas gadna durmee medehgyi mesen barimtaldaggyi haranhui buduuleg zuvhun amin huvia bodson humuusiin tolgoid baigaad baigaa yumaa

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд