“МӨСНИЙ ХАТАН ХААН”-д бараа нийлүүлэгчийг өршөөнө

2015 оны 12 сарын 16

Хар тамхи хэмээх хадны мангаатай тэмцэх, түүнээс хүүхэд залуусыг авран хамгаалах чиглэлээр дан ганц цагдаагийн байгууллага тэмцдэг ч үр дүнд төдийлөн хүрэхгүй байна.

Хууль тогтоогчид нь хар тамхитай тэмцэх чиглэлээр эрх зүйн орчныг нь боловсронгуй болгохын оронд харин ч өөгшүүлж байгаа нь хачирхалтай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч “Хар тамхины хэрэгтэнд өршөөл гэж үгүй” хэмээн 2012 онд хэлсэн удаатай.

Гэвч тэдэнд өршөөл үзүүлэхээр болчихоод байна. Төрийн тэргүүний тавьсан хориг хэлсэн үгнийх нь хаагуур өнгөрчихөв. Эсвэл Ерөнхийлөгчийн хуулийн бодлого хариуцсан түшмэд нь хэлсэн ярьсныг нь мартуулчихав уу.

Үгүй бол манай хууль тогтоогчид ов заль хэрэглэн хар тамхи хилээр оруулдаг хүмүүсийг өршөөхөөр болов уу. Эс бөгөөс прокурорууд ажиллачихав уу, бүү мэд.

Юутай ч хар тамхи, мансууруулах бодис удаа дараа хилээр оруулж ирсэн хэргийн холбогдогчийг өнгөрсөн зун, намар хэл амтай баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахаар болжээ.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан Х.Тамир, ТЕГ-ын Мөрдөн байцаах албанд ажиллаад удалгүй халагдсан Б.Амарбаясгалан нарт холбогдох хар тамхины хэргийг ЭЦГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн зун илрүүлсэн нь нэлээд дуулиан тарьсан.

Энэ хүмүүс Говьсүмбэрт очиж, БНХАУ-аас ирж байгаа Сүхбаатар гэдэг хүнийг тосон, хар тамхиа авч байгаад үйлдэл дээрээ баригдсан.

Хар тамхи хэрэглэгчид, мансуурагчид ийнхүү өөрсдөө тухайн бодисыг олж авахын тулд хүн явуулсан гэдгийг тагнуул, прокурорын байгууллагын эх сурвалжууд бидэнд тухайн үед хэлж байв.

Энэ явдлаас өмнө “Мөсний хатан хаан” хэмээн хар тамхи хэрэглэгч, хүүхэд залуусын дунд алдаршсан С.Баярмаа гэх эмэгтэйг хууль хяналтын байгууллагынхан саатуулсан учраас хэрэглэх “бараа”-гаа олж авахын тулд хүн явуулсан.

Мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд алдартай С.Баярмаа гэдэг эмэгтэй хэн бэ гэдэг нь бас анхаарал татна. Тэрбээр өмнөд хөршид нэлээд олон жил хулгай хийж амьдарч байхдаа “Мөс” борлуулах санаа олж авсан бололтой.

Ингээд ямар нэг аргаар хил давуулан авчраад, цааш нь борлуулдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна.

Тиймээс С.Баярмаад НПГ-аас Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, уг хэргийг давтан үйлдсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Уг хэргийг өнгөрсөн даваа гаригт хэлэлцэхээр товлосон ч шүүгдэгч С.Баярмаа нэмж өмгөөлөгч авах хүсэлтээ шүүхэд гаргаснаар шүүх хурлыг хойшлуулжээ.

“Мөсний хатан хаан” С.Баярмаад барааг нь өмнөд хөршөөс авчирч өгдөг байсан хэрэгт Х.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг холбогдуулж Эрүүгийн хуулийн 188.3-д заасан “Хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар, давтан, их хэмжээгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.

Х.Мөнх-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын явцад есөн удаагийн үйлдлээр нэг кг орчим “мөс” хэмээх мансууруулах бодис оруулж ирсэн нь тогтоогдсон учраас дээрх зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэмээн прокурорын байгууллагын эх сурвалж мэдээлсэн юм.

Хилээр есөн удаа буюу удаа дараагийн давтан үйлдлээр нэг кг мансууруулах бодис оруулж ирж байхад өмнөд хөршийн хил, гаальд ажиллаж байгаа хүмүүс яагаад мэдэхгүй өнгөрөөж байв. Ийм их хэмжээний бодис оруулж ирсэн хүнийг яагаад өршөөх болов гэдэг нь хачирхалтай.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн наймдугаар зүйлд “Өршөөлд хамруулахгүй байх нөхцөл байдал” гэсэн хэсэг бий. Үүнд 188 дугаар зүйлийг оруулалгүй шийдвэрлэсэн нь хар тамхи хилээр нэвтрүүлэгчдийг өөгшүүлж байгаа хэлбэр гэлтэй.

Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг хордуулагчдыг хууль тогтоогчид нь ч, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчид нь ч өөгшүүлсээр байгаа нь харамсалтай.

Өмнө нь Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүх, шүүгч нар “хилээр оруулж ирснийг нь яаж батлах юм бэ” гээд хэрэгсэхгүй болгодог байв.

Уг нь хар ухаанаар бодоход гадаад паспорт дээрх хилээр нэвтэрсэн тамгыг нь үндэслэж шалгаад л шийдвэрлэчихэж болмоор байтал хар тамхи зөөвөрлөгчдийг өөгшүүлж байгаа нь Төрийн тэргүүнийхээ санаачлагыг үл ойшоож буй мэт.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд