Г.ШИЙЛЭГДАМБА АВЛИГАЧ УУ, ЗОЛИОС УУ

2015 оны 12 сарын 16

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба бусдаас 500 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст байцаагдаж суугаа.

Энэ хугацаанд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн “Г.Шийлэгдамбыг арваннэгдүгээр сарын 4-нд сэжигтнээр тооцон, мөн сарын 18-нд яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн 268.2-т заасан бусдаас онц их хэмжээний хахууль авсан хэмээн цагдан хорьсон” гэсэн мэдээллийг хэвлэлийн олон нийтэд хүргэснээс хойш сар орчмын дараа албан ёсоор мэдээлсэн билээ.

Чухам хэнээс, ямар ажил хийхийн тулд энэ их хэмжээний хахууль авсныг одоо болтол мэдэгдэхгүй байгаа нь олон нийтийн дунд хардлага төрүүлсээр байна.

Мөрдөн байцаалтын энэ хугацаанд Г.Шийлэгдамбын эрүүл мэндийн байдал муудаж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд саяхан гарсныг ч хэвлэлийнхэн олж мэдчихээд байхад дүлий дүмбэ оргиод л сууж байна, АТГ-ынхан.

...Томуугийн хугацаа нь дууссан вакциныг устгах талаар МХЕГ-ын дүгнэлт гаргуулалгүй, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй ярилцаад 2010 оны аравдугаар сарын 12-ны А/78 тоот тушаал гарган Налайх дүүргийн нутагт аваачиж булуулсан байгаа юм...

Уг нь АТГ-ын удирдлага сэжигтэн, яллагдагчийн эрүүл мэндийн байдалд онцгойлон анхаарахыг Мөрдөн байцаах албаныхандаа сануулсан юм билээ.

Үүний дагуу л Г.Шийлэгдамбыг III шатны эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлээд гаргасан байх.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа эрүүгийн хэргүүдийн сэжигтэн, яллагдагчаар татагдсан хүмүүсээс найман хүнийг л цагдан хорьсон байгаа гэсэн мэдээллийг Нийслэлийн прокурорын газраас бидэнд өгсөн.

Тэр наймын дундаас Г.Шийлэгдамбын эрүүл мэндийн байдал муудаж эмнэлэгт хэвтсэн бол бусад нь өвдсөн ч өвдөөгүй мэт байна.

Манай улсын хамгийн чухал бөгөөд эмзэг, бас авлига цэцэглэж болзошгүй, цэцэглэж байсан салбар бол эрүүл мэндийнх. Өнгөрсөн хугацаанд энэ салбарын сайдаар мэргэжлийн хүн ч томилж үзлээ.

Мэргэжлийн бус хүнийг ч тавьж ирэв. Улстөрийн албан тушаалтан учраас мэргэжлийн бус байсан ч болно хэмээн салбараа ч мэдэхгүй хүн томилох нь ердийн үзэгдэл болсон.

Өмнө нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Л.Гүндалай, Н.Хүрэлбаатар, Г.Шийлэгдамба, Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, өдгөө ажиллаж байгаа Г.Ганчимэг гээд хууль хяналтын байгууллагын хараанд өртөж, шалгуулж байсан хүмүүс тус салбарт цөөнгүй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР МӨНГӨНИЙ УУРХАЙ БИШ БАЙЛТАЙ

Г.Шийлэгдамба, Г.Гантуяа нарт хэн, ямар учраас хахууль өгөв гэдэг нь өдий хүртэл нууц хэвээрээ. Харин Г.Шийлэгдамбыг эрүүгийн хэрэгт холбогдуулсан нь улстөрийн шалтгаантай, гүтгэлэг хэмээн үзэж буй.

АТГ-ын тавьсан урхинд орчихлоо гэх хүн ч цөөнгүй бий. Өвөрхангай аймгийн зарим иргэн “Г.Шийлэгдамбыг урхинд оруулж шалгаж эхэлсэн нь тус аймагт түүний нэр хүнд бусад намын нэр дэвшигч, санаархагчдаас өндөр байгаатай холбоотойгоор өрсөлдөгчдийнх нь хийсэн явуулга байж болзошгүй” гэж ярьж байна.

Тэгвэл Г.Шийлэгдамбын намын нөхөд нь “МАХН-д ногдох сайдын нэг суудлыг АН-ынхан авахын тулд ийм болхи, явуургүй улстөр хийж байна” хэмээн ярих.

Аль нь ч байлаа гэсэн эрүүл мэндийн салбарын сайдын албан тушаалын хаялга их, унац өндөр байдаг учраас Г.Шийлэгдамбыг шавартай хутгаж байна гэж үзэх хүн мэр сэр байгаа юм.

“Би сайд болъё” хэмээн санаагаа илэрхийлж байгаад чимээ тасарсан хүн бол экс сайд С.Ламбаа. Тэрбээр намын нөхдөдөө хандаж бичсэн ил захидалдаа “АН-ынхан бид хоёр ч удаа эрүүл мэндийн салбарыг МАХН-д өглөө. Одоо өөрсдөө энэ салбараа буцаагаад авъя” гэсэн санааг цухуйлгасан байдаг. Магадгүй энэ нь өөрөө сайдын албан тушаалд очиж, тус салбараас зарласан тендерээс хувь хүртэх гэсэн далд санаагаа илэрхийлсэн байж ч болох.

Дэлхий даяар 2010 онд томуугийн цар тахал дэгдэж, үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байв.

Манай Засгийн газар А/H1N1/ вирусын халдвараас сэргийлэх зорилгоор ДЭМБ-ын санхүүжилтээр Канад улсын Глаксо Смит Клайн компанийн “Арэпанрикс” вакцинаас 810.000 хүн тунг авсан байдаг.

ДЭМБ-аас дээрх вакциныг тавдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон хэрэглэхгүй байх талаар албан тоот ч ирүүлсэн гэх юм билээ. Гэтэл тухайн оны тавдугаар сарын 5-ны байдлаар дархлаажуулалт дөнгөж 54.2 хувьтай явагдаж, ХӨСҮТ-ийн хүйтэн агуулахад томуугийн 370.000 гаруй хүн тун вакцины үлдэгдэл байжээ.

Энэ асуудлыг яамны салбар зөвлөлийн 2010 оны тавдугаар сарын 19-ний хурлаар хэлэлцэж, томуугийн вакциныг 2015 оны тавдугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хэрэглэхгүй байх, хүчингүй болсон вакцины үнийг нөхөн төлүүлэх асуудлыг тавих талаар тус мэргэжлийн салбарын 008/005 дугаар бүхий хурлын шийдвэр гарчээ.

Энэ үед тухайн вакциныг тоолоход 319.500 хүн тун буюу үнийн дүнгээр нэг тэрбум 200 сая төгрөгийн үлдэгдэлтэй байв. Энэ их хөрөнгө зарсан вакцин ямар ч үр ашиггүй болж улсын өчнөөн тэрбум төгрөг зүгээр хаягдсан байгаа юм.

Энэ хэний “гавьяа” байв гэдгийг одоо шалгах, нэхэх хүн алга. Тухайн үеийн салбарын сайд С.Ламбаа томуугийн хугацаа нь дууссан вакциныг устгах талаар МХЕГ-ын дүгнэлт гаргуулалгүй, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй ярилцаад 2010 оны аравдугаар сарын 12-ны А/78 тоот тушаал гарган Налайх дүүргийн нутагт аваачиж булуулсан байгаа юм.

Эрүүл мэндийн сайдын суудал унац, хаялга арвинтай, мөнгөний уурхай гэж улстөрчид санадаг, унагадаг байж болзошгүй баримт энэ мэтээр нүдэнд ил байна.

Магадгүй С.Ламбаа түрүүлж дуугаран эрүүл мэндийн сайдын суудлыг АН авъя гэсэн Г.Шийлэгдамбын шийдвэртэй ч холбоотой байж болох. Хээл хахуулийн хэрэгт холбогдон саатуулагдахаасаа өмнөхөн Г.Шийлэгдамба ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүг ажлаас чөлөөлсөн билээ.

Тиймээс Д.Нямхүүг ажлаас нь холдуулахгүйн тулд С.Ламбаа ийм захидал намынхандаа илгээсэн байх гэсэн хардлага төрүүлж байна.

Г.ОРЧЛОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.120.207 Урьдын авилга авч байсан арвин туршлагатайлдаа

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд