Цагдаагийнхан “Гандан бороо” гэх Ч.Батбаярыг саатуулжээ

2015 оны 12 сарын 02



Цагдаагийн байгууллагынхан рецедив гэгдэх хүмүүсийг авлаж эхэлж буй бололтой.  Олон жил орон шоронгоор явж, “Гандан бороо” нэрээр эрүүгийн ертөнцөд танигдсан Чимэдийн Батбаяр гэх 50 гаруй насны эрийг уржигдар цагдан хорьсон нь үүний илрэл бололтой. Түүнийг бусдыг айлган сүрдүүлж онц их хэмжээний эд хөрөнгийг нь залилан мэхэлж авсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн аж.
Энэ талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд “Ч.Батбаярыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Эрүүгийн хуулийн 148.4 гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ зүйл заалт Өршөөлийн хуульд хамрагдаагүй” гэж мэдээлсэн юм. Түүгээр ч зогсохгүй нэр дээр нь байгаа зарим үл хөдлөх хөрөнгүүдийг нь битүүмжилж эхэлсэн байна. Эрхэлсэн тодорхой ажил, бизнесгүй тэрбээр бусдыг залилан олж авсан байж болзошгүй гэсэн хардлагын улмаас хууль хяналтын байгууллагынхан “Лексус-570” машин, үл хөдлөх хөрөнгүүдийг нь битүүмжилж байгаа аж.
“Гандан бороо” гэх Ч.Батбаяр нь 1990-ээд оны эхэн үед хулгайн хэрэгт холбогдож байсан бөгөөд түүнээс хойш хуурамч гадаад паспорт хийж хүмүүсийг БНСУ руу явуулж байсан гэдэг. Орон сууцны ченж хийж байгаад бусдыг залилан мэхэлсэн хэрэгт холбогдон 2005 нд ял шийтгүүлж байжээ. Улмаар 2008 онд Өршөөлийн хуульд хамрагдан ялаас чөлөөлөгдсөн гэж түүнийг мэдэх хүмүүс нь хэлэх юм билээ.
Ч.Батбаярт дарамтлуулан эд хөрөнгөө залилан мэхлүүлсэн хүмүүс өдгөө хууль хяналтын байгууллагад хандаж хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгч эхэлсэн бөгөөд зарим хохирогчийг эрэн сурвалжилж байгаа гэнэ. Тиймээс “Гандан бороо” гэх Ч.Батбаярт эд хөрөнгөө мэхлүүлэн алдсан хүмүүс цагдаагийн байгууллагад хандаж болох гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд