Өнгө, мөнгөнд дарлуулсан түүхийн хосгүй үнэт өв устаж мэдэх нь

2015 оны 11 сарын 30

Өнөө цагийн монголчууд бидний “дайсан” нь түүх соёл маань болоо юу гэлтэй. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал харахад бүтэн мэт боловч түүнд өдөр бүр аюул заналхийлэл учирсаар байна. Мөнгө цагаан нүд улаан болсон зарим хүн энэ баялгаа ухаж төнхөн хил давуулахыг оролдсоор, харийнхан үүнд нь тусалж, хамтардаг гэхэд хилсдэхгүй.

Одоогоос сар шахмын өмнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Чойжин ламын сүм музейн дэргэд барьж буй барилгад гал гарчээ. Энэ барилга тус музейн хамгаалалтын бүс дотор сүндэрлэж байгаа юм.

Уг нь Засгийн газрын 2001 оны дөрөвдүгээр сарын 25-ны 96 дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт оршдог түүх соёлын үл хөдлөх дурсгалуудын хамгаалалтын бүсийн хэмжээг тогтоосон. Үүнд Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсийг 5.7 га, Чойжин ламын сүмийнхийг 2.0 га газар байхаар тусгажээ. Гэвч цаасан дээрх энэ тогтоол амьдрал дээр хэрэгжсэнгүй.

“Монголын хууль гурав хоног” гэдгийн үлгэрээр Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулж, баталснаас хойш бүтэн жил болоход уг хуулийн зарим заалт зөрчигдсөөр байхад хэн ч арга хэмжээ авсангүй.

Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсийг АПУ компанийнхан эзэмшин, үйл ажиллагаа явуулж байгаа. Тус музейнхэн эсэргүүцээд, эсэргүүцээд барсангүй.

Чойжин ламын сүмийн удирдлага, ажилтнууд ч бас эргэн тойрондоо барилга барьж буйг эсэргүүцээд л байдаг. Гэвч хамгаалалтын бүсэд нь хувь хүн, аж ахуйн нэгжүүд байшин барилга бариад өдгөө түүх соёлын үл хөдлөх дурсгалт тэр газар тэнгэр баганадсан барилга дундаас бараг харагдахгүй болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.

Тэдгээр барилгын нэгэнд нь энэ сарын эхээр гал гарч, тус музейнхнийг сандаргав. Гал даамжирч, сүм музей рүү шилжсэн бол хэчнээн их хохирол учрах байсан бэ. Лав л барьж буй харшуудаас нь үнэтэй өв соёл үгүй болох байсан биз.

Тус музей XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн давтагдашгүй цогцолбор гэж хэлж болно. 1908 онд бүрэн ашиглалтад орсон гэж тооцох юм бол өдгөө 107 жил болсон үл хөдлөх дурсгал. Хөх тоосго, модон бүтээцтэй энэ сүм музей рүү хамгаалалтын бүсэд хууль зөрчин барьж буй барилгаас гал дамжин орсон бол амархан дэгдэх нь тодорхой.

100 гаруй жил болсон мод хатаж, хуурайшин дарь шиг л дүрэлзэн асах нь ойлгомжтой. Тийм ч учраас холбогдох байгууллагаас хамгаалалтын бүсийг 2.0 га хэмээн тогтоож, энэ дотор байшин барилга барьж болохгүй, аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглочихсон.

Харамсалтай нь, мөнгөтэй, эрх мэдэлтэй нөхдөд хууль үйлчилдэггүй, тогтоосон хэм хэмжээг уландаа гишгэдэг болохоор тус музейд аюул заналхийлэл ойрхон байсаар.

2010 онд нийслэлийн Газрын албаныхан газрынх нь хэмжээг 609.7 ам метр хэмээн кадастрын зураг хийж, хамгаалалтын бүсээс “идсэн” байдаг юм. Харин сүм музейн удирдлагууд зарга хийж, Хууль зүйн яаманд хүртэл заалдсаар 2001 оны 96 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдгийг бататган авч чадсан.

Гэсэн хэдий ч “Чоно” групп, “Сити төв”, иргэн Ш.Баярсайхан зэрэг хувь хүн, аж ахуйн нэгжийнхэн өндөр байшин сүндэрлүүлчихсэн болохоор тэдгээр харшийг яаж ч чадахгүй л байна.

Сүм музейн урд талын Ямпай хаалганы дэргэд барьсан улаан тоосгон байшин (иргэн Ш.Баярсайханы) хамгаалалтын бүсэд орсныг тогтоож, нураах шийдвэр гарсан ч эрх мэдэлтэн, нийслэлийн Өмч, газрын харилцааны албаны томоохон албан тушаалтантай холбоотой учраас яаж ч чадахгүй өдий хүрч байгаа гэх мэдээлэл ч бий.

Монголын уран барилга, баримал, зургийн хосгүй дурсгал болох энэ музейг уг нь 1940 онд Судар бичгийн хүрээлэнд шилжүүлж, 1941 оны арваннэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар нэгдүгээр зэргийн хамгаалалтад авсан түүхтэй.


Сүүлд хамгаалалтын бүсийг 2.0 га газар болгож тогтоохоос өмнө ойр орчимд нь хоёр давхраас илүү өндөртэй барилга барихгүй байх тогтоол, шийдвэр гарч байсан гэдэг.

Гэтэл өнөөдөр Чойжин ламын сүм музейн дэргэд хоёроор тогтохгүй давхар өндөр барилгууд сүндэрлэж, түүх соёлынхоо хосгүй үнэт өв, дурсгалыг хэнд ч харагдахгүй болгочихоод байгаа гэдгийг уншигч танд энэ зураг тод харуулж буй биз.

Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд барьж байгаа болон барьсан барилга байшингаас үүдэлтэйгээр түүх, соёлын хосгүй үнэт дурсгалд заналхийлэл учирсан тохиолдол нэг сарын өмнө анх удаа тохиолдсон явдал биш. Түүнээс өмнө ч нурааж, гэмтээж байсан удаатай.

Тухайлбал, 2010 оны аравдугаар сарын 10-нд “Чоно” группийн “Блю скай цамхаг”-ийн цахилгаан, дулааны шугам тавихдаа “Боорчи” гэдэг компанийнхан 100 гаруй жил болсон сүмийн явган хүний чулуун замыг ховхлон авч, хэрмэн хашаанд тулган газар шорооны ажил хийжээ.

Ингэхдээ хэрмэн хашааг гэмтээж байв. 2011 оны нэгдүгээр сарын 23-нд чухам аль компанийнх нь мэдэгдэхгүй хэсэг хүн газар шорооны ажил хийж байхдаа эксковатороор хүндэтгэлийн зүүн хаалганы тулгуур баганыг нурааж гэмтээсэн гээд тухайн үед хэрэгжиж байсан Соёлын өвийн тухай хууль, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй шинэчлэн найруулсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн тохиолдол гарсаар байна.


Уг нь Соёлын өвийг хамгаалах тухай шинэ хуульд түүх, соёл, хосгүй үнэт дурсгалаа хамгаалах тухай хэд хэдэн сайн заалт орсон хэдий ч амьдралд хэрэгжиж байгаа нь үгүй. Тухайлбал, тус хуулийн 38 дугаар зүйлд Соёлын өвд хохирол учруулж болзошгүй дараах үйл ажиллагааг хориглоно гээд түүний эхний заалт нь “түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулах” гэж цагаан дээр хараар тов тодорхой хуульчилжээ.

Харамсалтай нь “Монголын хууль гурав хоног” гэгч л болж байна. Уг нь энэ зүйл заалтад тусгаснаар аж ахуйн үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаар байгаа юм.

Хуулийн биелэлтэд аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ, Засаг дарга хяналт тавьж хэрхэн ажиллах талаар ч хуульчилсан байдаг.

Уг хуулийн 15.1.6-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ нь устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах арга хэмжээ авах”, 16.1.6-д “Аймаг нийслэлийн Засаг дарга соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах” гэж заасан байгаа.

Харамсалтай нь, дээрх эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хэн нь ч, ямар ч арга хэмжээ авахгүй байна. Чойжин ламын сүм музейд аюул заналхийлэл улам л ойртсоор.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.115.82 8 тэрбум төгрөгөөр Берлинд ITB үзэсгэлэнд оролцож болоод байдаг юм бол энэ музейгээ өөд нь татаачээ! Хотынхоо бахархал болгох хэрэгтэй. Аль яаманд харъялагддаг юм? Жуулчин татна гэж худлаа ярихын оронд нүдэнд харагдах юм хийх хэрэгтэй!
202.21.115.82 УБ-т үзэж сонирхох газар ховор. Тэр ховор газрын нэг нь Чойжин ламын музей. Энэ музейгээ хотынхоо нэг бахархал болгоочээ. Засвар хийгээд үйлчилгээг нь сайжруулаачээ. Энэ музей аль яаманд харъялагддаг юм? Жуулчин татна гэж амаа хаттал ярьж, 8 тэрбум төгрөгөөр Берлиний ITB үзэсгэлэнд оролцохын оронд энэ музейнүүдээ өөд нь татаачээ!
202.126.89.145 Музейд ажиллагсад яагаад таг чимээгүй байгаа нь ойлгомжтой. Арай ч дээ
202.126.89.145 ATG shalgaarai
202.126.89.145 ATG SHALGAH HEREGTEI
202.126.89.145 MUZEIN DARGA OYUNJARGALIIG N SAIN SHALGAACHEE> YAHLAARAA GAZRAA ALDDAG BILEE!!

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд