“Нарантуул”-д үүрлэсэн галт зэвсгийн наймаачдыг баривчиллаа

2015 оны 11 сарын 19

ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд XIII хороолол, “Нарантуул” зах орчимд шалгалт хийж, байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсэг, сум, хэрэгслийг хууль бусаар их хэмжээгээр худалдан борлуулдаг бүлэг этгээдийг илрүүлэн, шалгаж эхэллээ.

Сэжигтнүүдийн нэг хэсгийг автомашинаараа сум хэрэгсэл зөөж байхад нь үйлдэл дээр нь саатуулсан бол бусдыг нь “Нарантуул” дээр “Сум байна, сум байна” хэмээн орон нутгийн иргэдэд шивнэж байхад нь баривчилсан гэнэ.

Уг нь “Нарантуул” дахь Цагдаагийн хэсгийнхэн хэдэн жилийн өмнө хууль бусаар буу, сум зардаг хүмүүстэй нэлээд тэмцэж, наймаачид нь ч тус захаас холдон, өөр газарт хөдөөний иргэдийг угтан “Наймаа байна” хэмээн шивнэдэг болсон.

Гэвч хэсэг хугацааны дараа тус захын өргөтгөл буюу орон нутгийн машины зогсоол хавиар сумны наймаачид эргэлдэж, өөр бараа зарж байгаа дүр эсгэн суудаг болоод удсан.

Харин энэ удаад ЭЦГ-ынхан галт зэвсэг, сум хэрэгслийн наймаачдын гол гэгдэх 3-4 хүнийг саатуулсан гэнэ. Мөн уг наймаачдын эзэмшилд байдаг, “Нарантуул” захын өргөтгөл хэсгийн чингэлгүүдийг нэгжихэд байлдааны зориулалттай АКМ, винтов, ТТ, ангийн зориулалттай калибр, “Дробинк”, “Ремингтон” маркийн бууны 6000 гаруй ширхэг сум илэрснийг цагдаагийнхан эд мөрийн баримт болгон хураан авсан байна.

Наймаачид ангийн болон байлдааны галт зэвсгийн нийт 7500 орчим ширхэг сум хууль бусаар олж авч хадгалсныг ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнуудын явуулсан дээрх ажиллагааны дүнд тогтоохын зэрэгцээ бусдад зарж борлуулсныг ч баримтжуулсан гэнэ.

Өдгөө дээрх дөрвөн хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгалтыг үргэлжлүүлж байна. Энэ нь Хууль зүйн сайдын өнгөрсөн сарын 26-нд баталсан А/245 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн ажил гэнэ.

Дээрх тушаалаар “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”, “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журам”-ыг шинэчлэн баталсан аж.

 Г.РАВЖАА

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд