Б.Батзаяаг төрийн мөнгө угаасан хэмээн буруутгаж байна

2015 оны 11 сарын 03

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн баасан гаригийн үдэш гэрээс нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь энэ долоо хоногийн онцлох гол дуулиан болж байна.

Энэ үйл явдалтай холбогдуулан Б.Батзаяагаас гадна БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Самсунг С&Т” компанийн захирал, БНСУ-ын иргэн, нэгэн банк бус санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, “Монголын төмөр зам” компанийн хэлтсийн дарга зэрэг хүмүүсийг саатуулсан байгаа юм.

Түүгээр зогсохгүй “Самсунг С&Т” компани, банк бус санхүүгийн байгууллагын байранд цагдаагийнхан прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийжээ.

Зарим үзлэг нэгжлэг, хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлтийг хураан авах ажил ням гаригийн орой хүртэл үргэлжилсэн талаар “Монголын төмөр зам” компанийн нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж мэдээлсэн юм.

Хэдийгээр үүнийг төр засгийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн илэрхийлэл гэж зарим хэвлэлд мэдээлж, ажлаасаа чөлөөлөгдөж болзошгүй байгаа ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис “Женко”-гийн хүнийг баривчилсан нь ямар нэгэн сэжмээр үүнтэй холбоотой хэмээн шар сонинууд бичиж байна.

Бид бодит мэдээллийг уншигчдадаа хүргэхийг зорьж баттай эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулснаа хүргэе.

Б.БАТЗАЯАД ХОЁР ЗҮЙЛ АНГИАР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

“Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг баривчлах болсон үндэслэл нь Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажилтай холбоотой аж.

Японы Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад айлчлахдаа дээрх чиглэлийн замын, уг компанийн бэлтгүүлсэн ТЭЗҮ-ийг үл ойшоосон тухай мэдээлэл байдаг. Уг ТЭЗҮ-ийг боловсруулахад “МакКензи” компани оролцсон юм. Зөвхөн ТЭЗҮ-ийг боловсруулахад гаргасан өртөг нь 5.6 сая ам.доллар гэдэг.

Татвар төлөгчдийн энэ мөнгө гадаад дахь харийн компанийн дансанд ороод Монголд эргэж иржээ. Ингэхдээ Б.Батзаяагийн найзын банк бус санхүүгийн байгууллагын дансаар орж ирсэн гэнэ. Хамгийн сүүлчийн гүйлгээ гэхэд “МакКензи”-гаас саяхан буцаж орж ирсэн сурагтай.

Тиймээс түүнийг эд хөрөнгө залилан мэхэлсэн гэж Эрүүгийн хуулийн 148.4-т заасан зүйл ангиас гадна мөнгө угаасан үйлдэлд шалгаж болзошгүй байгаа талаар удирдлага дор нь ажиллаж байсан хүн хэлж байгаа юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү “Уг хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг цагдан хорьж, шалгаж байгаа.

Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангид зааснаар сэжиглэн, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгаж байна” гэсэн юм.

Энэ хэрэгт холбогдуулж “Самсунг С&Т” компани буюу Монгол Улсад SCTCEM гэх нэрээр бүртгэлтэй компанийн захирал Ли Жон Гёл, “Монголын төмөр зам” компанийн хэлтсийн дарга Зориг, “Бизнес инвест деволопмент” банк бус санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан Бат-Эрдэнэ гэсэн дөрвөн хүнийг саатуулсан юм.

Б.Батзаяа, Ли Жон Гёл нарыг өнгөрсөн баасан гаригт 461-т албадан саатуулж, 72 цаг хорьсон бөгөөд өчигдөр эрүүгийн хэргийн сэжигтнээр татаж буй тогтоолыг нь танилцуулан, үргэлжлүүлж 30 хоног цагдан хорихоор болжээ. Харин Зориг, Бат-Эрдэнэ нарыг бямба гаригт саатуулсан бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн хорих эсэхийг нь шийдвэрлэх юм байна.

Энэ хэргийг хууль хяналтын байгууллагынхан өнгөрсөн баасан гаригт ч илрүүлж байгаа юм биш, эртнээс судалж, баримтжуулж байгаад улмаар прокурорт хэрэгт цугласан нотлох баримтуудыг танилцуулсан аж. Үүний хүрээнд прокурор албадан саатуулах, баривчлах тогтоол үйлдсэн гэдгийг тус байгууллагын эх сурвалж мэдээлсэн юм.

“САМСУНГ”-ТАЙ ЛИ ЖОН ГЁЛ ЯМАР ХОЛБООТОЙ ЮМ БОЛ

“Самсунг С&Т” гэх компани “Монголын төмөр зам” компанид менежментийн гэрээгээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг хийж өгч байгаа. Хийж өгч байгаа ч гэж дээ. Монголчууд л бүх л ажлыг нь хийж, үүрэхийг нь үүрч байгаа бол тус компани аахилахыг нь аахилж байгаа юм.

“Монголын төмөр зам” нэг шоо метр шороог есөн ам.доллараар бодож, Монголын компаниудад хөлсийг нь төлж байгаа бөгөөд зургааг нь үндсэн ажлыг нь хийж байгаа монголчууд, гурвыг нь солонгосчууд авч байгаа гэх мэдээллийг төмөр замын далан барих ажилд оролцогч компанийн ажилтнууд хэлдэг юм.

Тэгэхээр Монголын хөрөнгөөр монголчуудыг ажиллуулчихаад дундаас нь солонгосчууд хэдэн төгрөг “цохиж” аваад алга болж байгаа гэсэн үг. “Самсунг С&Т” компани бол дэлхийд алдартай “Самсунг”-тай ямар ч холбоогүй гэдгийг олон эх сурвалж хэлж байна.

Зарим хүн “Самсунг”-ын охин компани гэж байсан ч энэ нь ташаа гэнэ. Манай улсын бүртгэлд бүртгүүлсэн компани нь SCTCEM нэртэй бөгөөд яаж яваад “Самсунг”-тай холбогдсоныг хууль хяналтын байгууллагынхан шалгалтын явцад тодруулах бололтой.

Харин дэлхийд алдартай компанийн нэрийг ингэж ашиглаж байгаа нь ямар учиртай юм бол гэж гайхах хүн олон. Ямартай ч тус компанийн ажилтан гэх солонгос хүмүүс Монголд орж ирэхдээ дандаа жуулчны виз авдаг гэнэ. Тэдэнтэй Б.Батзаяа тэргүүтнүүд нэгдсэн бололтой.

Бидэнд олдсон мэдээллээр “Монголын төмөр зам” компанийн эзэмшлийн галт тэрэгний хоёр ч зүтгүүрийг БНХАУ-аас худалдан авч, улмаар түүнийгээ арилжааны нэгэн банкны барьцаанд тавьж, 500 гаруй сая ам.долларын зээл авч “Самсунг С&Т” буюу SCTCEM-д шилжүүлсэн аж.

Ингээд тус компаниас их хэмжээний мөнгө банк бус санхүүгийн байгууллагын дансад орж, улмаар Б.Батзаяад хүрсэн бололтой. Галт тэрэгний зүтгүүрийг барьцаанд тавих эрх олгоход тухайн үеийн ТӨХ-ны удирдлага ч оролцсон байдаг юм байна.

Тиймээс энэ хэрэгт Б.Батзаяагаас гадна нэлээд олон хүнээс тайлбар, мэдүүлэг авах сурагтай. Тухайлбал, ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, Цэцийн гишүүн Д.Сугар, салбарынх нь сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, А.Гансүх нараас гэрчийн мэдүүлэг авах бололтой. Энэ талаараа Х.Баттулга өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдээлсэн байв.

Ямартай ч Тавантолгойн ордыг ашиглахад чухал ач холбогдолтой төмөр замыг барих нэрээр залилан мэхэлж, улсад олон тэрбум буюу 280 гаруй сая ам.долларын хохирол учруулан, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийн мөрөөр хууль хяналтын байгууллагынхан орлоо. Улстөрчид л нөлөөлчихгүй бол нэлээд үр дүнд хүрч мэдэх юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.115.118 худлаа мэдээлэл бн, энэ банк бусиин униин д.н ийм их биш, өөр эх үүсвэр гэж зориг ярьсан байна лээ
183.81.169.22 Юун улс тор нолоолох вэ 140сая даллор бага монго биш шуу улсад буцааж авах хэрэгтэй даварсанихулгай чууд вэ
202.55.191.76 А.Гансүхийг гэрчээр биш яллагдагчаар байцаах хэрэгтэй. Т
43.242.242.59 жинхэнэ ажлыг нь хийсэн олон компаниуд хийсэн ажлынхаа санхүүжилтыг авч чадахгүй дампуурахдаа тулаад тэднээс авлагатай компани,иргэд Шүүх-д нэхэмжлэх гаргаад явж байгаа,гэтэл мөнгий нь энэ 4 нөхөр завшчихсан явдаг нээрээ арай л биш ээ,муухай муухай гэхэд ч багадаж байна,БИД ББСБ хүртэл мөнгө угаачихсан аан,
172.56.13.219 Maf iin muruur orloo do mungiig idej tsadahgui humuus 300 saya $ idsen
122.201.28.7 Ashgui de

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд