2015 оны 10 сарын 29
ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд өнгөрсөн бямба гаригт Зэвсэгт хүчний 150 дугаар анги буюу олноо “Элит”-ийн батальон гэж нэршсэн ангийн буудагч-ахлагчийн аминд хүрсэн нь дуулиан тарьж байна. Үе тэнгийнхэн Баянзүрх дүүргийн долдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Венус” зочид буудалд ажлын бус цагаар наргиж, улмаар хэдэн хундаганы дараа Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн алба хаагч маргааныг эхлүүлсэн нь эд мөрийн баримтаас харагдаж буй гэнэ.
Энэ үед Тусгай хэлтсийн хоёр ажилтан зэвсэгт хүчний алба хаагчийг цохитол амийг нь хохироон хэргийн газрыг орхиж явсан аж. Энэ үйл явдалтай холбогдуулан Мөрдөн байцаах газар (МБГ)-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн хамтран эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, зочид буудлын хяналтын камерын бичлэгт үндэслэн ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнуудыг сэжиглэн баривчилсан гэнэ.
Энэ талаар өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тус төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн “2015 оны аравдугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байдаг зочид буудалд амиа алдсан хүн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу шалгахад тухайн иргэн гаднын нөлөөтэй нас барсан байх магадлалтай байсан.
Энэ хэрэгт таван хүнийг сэжигтнээр тооцож, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэдний дунд цагдаагийн байгууллагад ажилладаг хүн бий” гэсэн юм. Энэ явдлаас 14 хоногийн өмнө ЭЦГ-ын ажилтан, ахлах ахлагч Б.Өлзийбуян тус газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ажилтан, хошууч Х-ын аминд хүрсэн нь мөн л олны анхааралд байгаа билээ.
Цагдаагийн байгууллагын хуульд өөрчлөлт оруулсны харгайгаар эх захаа алдсан, ёс зүйгүй явдал ар араасаа гарсаар байна. Гэтэл ЦЕГ-ынхан зарим хэргийг нуухыг оролдож байгаа нь хачирхалтай. ЭЦГ-ынхан нэгнийхээ аминд хүрсэн хэрэгт тус газрынханд хариуцлага хүлээлгээд өнгөрч байгаа.
Гэтэл дараа нь Тусгай хэлтсийнхэн хүний аминд хүрсэн дуулиан дэгдсэн нь ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан тушаалаас чөлөөлж магадгүй хэмжээнд хүрч болзошгүй байгаа гэнэ.
Өнгөрсөн мягмар гаригт ХЗЯ-ныхны дунд ЦЕГ-ын даргыг өөрчилж, оронд нь бригадын генерал А.Дулаанжаргал юм уу, сандлын дуулианаас болж ажлаасаа халагдсан хурандаа Ш.Ганболд нарын нэгийг томилох нь гэсэн яриа гарсан нь үүнтэй холбоотой бололтой.
Г.РАВЖАА
Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд