ТӨРИЙН АЛБА ТӨРЛИЙН АЛБА БОЛСОН УУ: Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар

2015 оны 10 сарын 28

-Энд ГЕГ-ын дэд дарга асан А.Муратын садангууд ажиллаж байна-

Монгол төрийн чухал албыг ах дүү, садан төрлийнхнөөрөө дүүргэж байгаа тохиолдол аль ч салбарт их байна. Уг нь Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд ашиг сонирхлын зөрчил үүсэж болохыг тухай бүр нь мэдэгдэж байна хэмээн заасан ч зарим байгууллагынхан үүнийгээ таг дараад өнгөрч буй бололтой.

Үүний тод жишээ нь Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт байгаа бололтой. Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос баталсан эрх зүйн баримт бичиг бий. Түүний дөрөвдүгээр зүйлд хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогыг мэдүүлэхдээ хэн хэнийг хамааруулах талаар тодорхой тусгасан байгаа юм.

Тухайлбал, уг журмын 4.2 дахь “Мэдүүлэг гаргагч, түүний гэр бүлийн байдал” гэсэн хэсэгт “Хамт амьдарч байгаа болон өрхийн бүртгэлд бүртгэлтэй, эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, эцэг, эхийг бичих бөгөөд үүнд гадаад улсад ажиллаж, сурч байгаа гэр бүлийн гишүүн хамаарна”.

4.3-т заасан Хувийн ашиг сонирхлын байдал гэсэн хэсэгт дараах зүйлийг мэдүүлнэ. 4.3.1-т “Мэдүүлэг гаргагчтай хамаарал бүхий этгээд” гэх хэсэгт Нийтийн албан тушаалтны эрхлэх асуудлын хүрээ, шууд болон шууд бус нөлөөлөх боломжтой байгууллагад харьяалалтай болон хамааралтай ажил эрхэлж байгаа (байсан) өрх тусгаарласан эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон эхнэр (нөхөр), хамтран амьдрагчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүүгийн нэрийг түүний эцэг (эх)-ийн нэрийн хамт, ямар хамааралтай болох, ажиллаж байгаа /байсан/ байгууллага, албан тушаал, бизнес, үйл ажиллагааны чиглэл, төрсөн газар, үндсэн харьяаг тус тус мэдүүлнэ” гэж заасан байгаа юм.

Харин Баян-Өлгий аймгийн Гаалийн газрынхан энэ хууль журмыг мэдэхгүй сууна уу, эсвэл мэдсэн ч үл ойшоож байгаа юм уу, бүү мэд. Садан төрлийнхөө хүмүүсээр улсын байцаагчдаа дүүргэсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ.

Тус аймгийн Гаалийн газрын дарга нь Есэнтэйн Зангар гэдэг хүн байдаг юм байна. Дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй хүн тус газрын даргаар ажиллахад хууль зөрчихгүй. Харин удирдлага дор нь ажиллаж буй хүмүүс түүний ах дүү хамаатан садан байгаа нь хууль журам зөрчсөн үйлдэл гэдэг нь тодорхой.

Баян-Өлгийн Гаалийн газрын Хүний нөөц, хяналт шинжилгээ, дотоод аудит хариуцсан гаалийн улсын байцаагч Монголханы Биржан. Тэрбээр Гаалийн газрын дарга Е.Зангарын хүргэн дүү. М.Биржан нь Есентэйн охидын нэг Манартай гэр бүл аж.

Тус газрын хяналт бүрдүүлэлтийн гаалийн улсын байцаагчаар ажилладаг Аятханы Баймухан нь М.Биржантай мөн л садан төрлийн холбоотой, үеэлүүд гэнэ. Түүний эцэг Михбайн Аятхан нь М.Биржаны ээж Михбайн Самияны төрсөн дүү нь юм байна.

Мөн газрын хяналт бүрдүүлэлтийн гаалийн улсын байцаагч Халиасхарын Нурбахыт нь А.Баймуханы хүргэн. Тэрбээр А.Баймуханы охин Б.Еликтэй гэрлэсэн аж.

А.Баймуханы хадам дүү нь Өнерханы Серикжан хэмээх гаалийн улсын байцаагч. Түүний төрсөн эгч Өнерханы Үмитхантай А.Баймухан гэр бүл гээд бод доо. Ө.Серикжаны эхнэрийн эгч дүүс бас л нэг бус бий. Түүний эхнэр Жүкейн Гүлбарша, Тус гаалийн газрын цогцолборын менежер Насырын Хайыпын эхнэр Жүкейн Гүлжанар, тус газрын Хяналт бүрдүүлэлтийн албаны дарга Муратайн эхнэр Жүкейн Гүлжайна нар төрсөн эгч дүүс.

Түүнээс гадна Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Аукетайн Муратын садан төрлийн хүмүүс Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт хэд хэд байгаа аж. Тухайлбал, түүний ах дүүгийн хүүхдүүд болох Б.Ерлан, Т.Ардах, Н.Хумырзах нар гаалийн улсын байцаагчаар ажиллаж байна.

Эндээс харахад тус Гаалийн газарт ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байгаа юм. Харамсалтай нь Гаалийн ерөнхий газрынхан болон АТГ-ынхан энэ зөрчлийг шалгахгүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөсөөр байгаа аж.

Бид ГЕГ-аас энд нэр дурдагдсан гаалийн улсын байцаагч, дарга нар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл үүссэн тухайгаа мэдээлсэн эсэхийг тодруулахаар хандахад “Бид хувь хүний ХАСХОМ-ийг гаргаж өгч болохгүй” хэмээн цааргалав.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд гээд төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг олон нийт цахим хэрэгслээр үзэж болдог. Гэтэл төрийн дунд тушаалын албан тушаалтнуудынхыг үзэж болохгүй, хувь хүний нууцад халдах болж байгаа нь хачирхалтай.

Төрийн албан хаагчдын дунд шатанд авлига, хээл хахууль газар авсан гэж дээр доргүй ярьж байгаа энэ үед Гаалийн ерөнхий газрынхан Баян-Өлгийн гаалийнхны ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөх боломжгүй гэдэг нь хаацайлж байгаа хэлбэр үү. Уг нь энэ хуулийн 25.1-д “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг нээлттэй байна” гэж заасан байх юм.

АТГ-аас Баян-Өлгийн гаальд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хүмүүс ажиллаж байгааг шалгасан эсэхийг тодруулахад “Манайд энэ талаарх гомдол ирээгүй учраас бид онцлон хянаж шалгаагүй. Хэрэв иргэдээс гомдол ирсэн тохиолдолд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн эсэх асуудлыг шалгана” гэсэн юм.

 Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.22.101 Nuuts tovchoo shig l yum unshlaa. Kazakuudaa gej bas l baliar humuus dee unen shuu. Tuuhendee tiim ch baisan odoo ch baliar heveeree gej bi boddog
141.0.14.9 арай л дэндүү
141.0.14.9 Таны хариулт ...kazakuud ingeed zawaaraad bj bsan ni deer. Iimerhvv bwal naad hed chini hezee ch tsor tsor hiihgvi
  • 2015 оны 12 сарын 02
141.0.14.9 Баян-Өлгийн Гааль ч биш засаг даргын даргын тамгын газар, татвар, нийгмийн даатгал гээд тэнд байгаа бүх төрийн байгууллагууд цус ойртоод ийм дүр зурагтай байгаа
  • 2015 оны 11 сарын 05
141.0.14.9 Улсын хилээр их хэмжээгээр сум ороод сураггүй болоод байдаг нь тэр юм шүү дээ.
  • 2015 оны 11 сарын 04

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд