Ж.АМГАЛАН: ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ ХАМААГҮЙ ЯРИХ НЬ СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ

2015 оны 10 сарын 27

Монгол Улс төвийг сахисан бодлого баримтлах тухай хуулийн төслийг УИХ-д саяхан өргөн мэдүүлсэн. Түүнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын индэр дээрээс байнга төвийг сахисан орон байх тухай зарлаад байгаа.

ОХУ-ын Жанжин штабын академийн Үндэсний аюулгүй байдал-төрийн удирдлагын стратеги судлаач Ж.Амгалантай төвийг сахихын ач холбогдол, алдаа эндэгдэл юу байдаг талаар ярилцлаа.

-Монгол Улс байнга төвийг сахих бодлоготой байхаар Ерөнхийлөгч зарлалаа. УИХ-аар ч хуулийн төсөл хэлэлцэхээр болж байна. Төвийг сахисан орон байх боломж манайд байгаа юу?

-Энэ талаар ярихын тулд эхлээд бүс нутгийнхаа нөхцөл байдлыг харгалзах хэрэгтэй болов уу. Өнөөдөр Ази-Номхон далайн бүс нутагт улс хоорондын болон улс доторх газар нутгийн маргаан, санал зөрөлдөөн, салан тусгаарлах үзэл, зэрэг нийгмийн эмзэг асуудал их.

Мөн энэ бүс нутагт БНХАУ, АНУ, ОХУ, Япон зэрэг дэлхийн гол нөлөө бүхий орон, Австрали болон АСЕАН-ы даяаршсан оролцоо томоохон байр суурь эзэлдэг. Цөмийн зэвсэгтэй БНХАУ, АНУ, ОХУ, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд оролцдоггүй Хойд Солонгос, энэ төрлийн зэвсэгтэй болоход ойрхон Япон, Тайланд, Өмнөд, Хойд Солонгос, үй олноор хөнөөх зэвсэг, түүний төрөл зүйлийн технологи дэлхий нийтэд хяналтгүй байгаа шүү дээ.

Энэ бүс нутгийн орнууд цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр бүс нутагтаа болон бусад бүс нутагт идэвхтэй байр сууриа ойрын 50 жилдээ хадгалж, улам нэмэгдүүлэх хандлагатай байна.

Хүчний тэнцвэрийн харьцааны төлөөх тэмцэл, үндэстэн дамнасан компаниудын ашиг сонирхол, байгалийн баялагт эзэн суух өрсөлдөөн, хөрөнгө-санхүүгийн урсгалыг удирдах сонирхол, зах зээл, ажиллах хүчийг гартаа авах оролдлого бүс нутагт нэмэгдсээр байна.

Терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, шашны үзэл зэрэг глобал аюул нутагшсан бүс нутагт бид оршдог. Тиймээс эдгээр аюул нь манай улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний болон нийгмийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Холбоотон, эвслийн орнуудын элдэв шахалт, цэргийн бус аргаар аюулгүй байдалд нөлөөлөх урт, дунд хугацааны стратеги ажиллагаа, эдийн засгийн нэг талын ноёрхол тогтоох бодлого, иргэний, нийгмийн аюулгүй байдалд үзүүлэх далд нөлөө зэрэг нь манай улсыг сөргөлдөөний талбар луу аажмаар татан оруулах аюултай юм. Дээрх аюул, эрсдэлээс зай барьж явах, сэргийлэх нэг арга бол төвийг сахих статустай байх явдал.

-Монголчууд Швейцарийг л төвийг сахисан орон гэж мэддэг. Өөр ямар орнууд ийм статустай вэ?

-Швейцарь улс 1815 оноос төвийг сахих үзэлтэй орон болж, хоёр ч том дайнд татагдаж оролгүй улсаа бүтэн авч үлдэж чадсан. Үл итгэлцэл газар авсан түүхийн он жилүүдэд улс хоорондын нарийн төвөгтэй асуудалд зуучлан идэвх гаргаснаар олон улсын түвшинд нэр хүндээ өсгөж итгэл олсон улс.

Дэлхийн ямар ч асуудлыг том гүрнүүд Женевт очоод шийдье гэдэг нь тэнд итгэлцлийг бий болгож болдог байна. Тухайлбал, цэрэг-улс төр, аюулгүй байдлын талаар олон улсын түвшинд зохицуулсан Женевын 14 конвенцийг судлахад зарим нь бүр 1864 онд гарсан, одоо ч үзэл санаа нь хадгалагдаад явж байдаг, сүүлийн 120 гаруй жилд давхардсан байдлаар 78 улс хамрагдсан дайн, зэвсэгт мөргөлдөөн, маргаан бусад глобал асуудлыг зохицуулах, хоорондын гэрээ байгуулахад оролцсоноос харахад энхтайванч гадаад бодлогын асар их туршлагатай, итгэл хүлээсэн улс байж чаджээ.

Мөн дэлхийн II дайны дараа Австри улс 1955 оноос, коммунизм нуран унаж ардчилал зах зээл эхлэхэд Туркменистан улс 1995 оноос байнга төвийг сахих статустай орон болж бусад улсад үлгэр жишээ болоод явж байна.

Эдгээр орон өөр өөрийн онцлогтой, маш хүчирхэг батлан хамгаалах тогтолцоотой, дотоод аюулгүй байдлаа нэгдсэн байдлаар хангах нийгмийн тогтсон үзэл баримтлалтай, эдийн засгийн суурь боломж нь амьдрах дархлааг бий болгосон байгаа юм.

-Газар зүйн байрлалын хувьд Монгол Улс Ази, Европыг холбон оршиж байгаа. Энэ маань төвийг сахих бодлогод ямар нөлөө үзүүлэх вэ?

-Манай улсын газар зүйн байрлал бол бүс нутагтаа болон Ази, Европыг холбосон том зуучлагч, баталгаажуулагч орон болох боломжтой. Торгоны зам, эдийн засгийн коридор, хуурай газар-агаарын дамжин өнгөрөх аюулгүй бүс гээд ярьж, судалж байгаа асуудлыг “Төвийг сахих статус”-тай холбоод үзэхэд нааштай үр дүн гарахаар харагддаг.

Мөн гаднын нөлөөнд татагдан орохоос эхлээд манай улсад ямар нэг аюул эрсдэл бий болж улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, аюулыг холдуулах зорилгоор “Төвийг сахисан статустай орон” гэж зарлаад явж чадах уу, гэвэл бид бүрэн чадна, тийм боломж байна.

Хамгийн наад зах нь газар нутгийн маргаангүй, гаднын илт мөргөлдөөн, санал зөрөлдөөн үүсэх проблемгүй байна гэдэг бол дэлхий дээр байгаа ховорхон боломжуудын нэг. Үүнээс гадна бидэнд байгалийн баялаг байна. Баялгаа дэлхийн зах зээлд нийлүүлэхдээ болж өгвөл хавтгай тэнхлэгээр нь харьцаж, нэмүү өртөг шингээж гаргаад жижиг тоглолт хийгээд явахад болохгүй гэх газаргүй.

Нэгэнт л гадаад бодлогодоо байнга төвийг сахих үзэл баримтлах тул бид дэд бүтэцдээ их анхаарах хэрэгтэй. Болж л өгвөл нутаг дэвсгэр дотроо төмөр зам, агаарын тээвэр, автозамтай байх нь чухал.

Яагаад гэвэл хориглосон гурван зарчмыг баримтлахад гол нөлөөлөх зүйл дэд бүтэц болдог гэдгийг мартаж болохгүй. Цаг хугацаа, дэлхийн хөгжил биднийг хэзээ ч хүлээхгүй учир бид дэлхийн хэмжээнд сэтгэж, хүчээ төвлөрүүлэн бодлогоо цэгцэлж зүтгэж байж л бусадтай хөл нийлүүлэх нь мэдээж.

-Цэргийн бус буюу улс төр дипломатын аргаар тусгаар тогтнолоо хамгаалах тухай сүүлийн үед их ярьж бичдэг болсон. Манайх ч ийм аргаар тусгаар тогтнолоо хамгаалж байгаа гэж ойлгож болох уу?

-Төвийг сахих статустай орнууд түүнийгээ олон улсад улс төр-дипломат, эдийн засаг, мэдээлэл-сэтгэл зүй, хууль-эрх зүй, уламжлалт стратегийн түншлэлийн аргаар баталгаажуулан аюулгүй байдлаа хангах талаар ихээхэн ахиц олж байгаа. Олон улсад дээрх аргуудыг “Аюулгүй байдлыг цэргийн бус аргаар хангах арга” гэж хүлээн зөвшөөрч, эдгээрийг цуст дайны аргаас илүүд үзэх чиг хандлага гарч байна.

Цэргийн бус аргаар гадаад аюулгүй байдлаа хангах арга олон улсын практикт жил ирэх тусам өргөжин хүрээгээ тэлж байна. Улс төр-дипломатын, эдийн засгийн, мэдээллийн, хууль эрх зүй-гэрээний арга гээд асуудлыг шийддэг гарц, боломжуудыг сайн хөршийн харилцаа, харилцан итгэлцэл, найрсаг харилцаа, стратегийн түншлэл зэрэгт тулгуурлан хэрэглээд явах бүрэн боломжтой.

Орчин үед байнгын, идэвхтэй ажиллагаа, цэрэг-улс төр, эдийн засаг-нийгмийн тогтвортой байдал, сайн бэлтгэсэн боловсон хүчин, бусдын итгэл даах чадвараас олон юм хамаарч байна.

Тухайлбал, НАТО гэдэг эвсэл яагаад ийм хүчирхэг бодлоготой байна вэ, заримдаа НҮБ-аас ч илүү нөлөөтэй болчих гээд байдгийн учир бол ерөөсөө л маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, шилдэг бизнесмэнүүдийн баг ажилладагтай холбоотой гэдгийг олон орны судлаачид хүлээн зөвшөөрдөг.

-Төвийг сахисан статустай болоход бид эхлээд “эцэг” хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байх, тийм үү?

-Төвийг сахих бодлоготой болсноор олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн дөрвөн эрхтэй болохоос гадна хатуу хориглосон найман асуудал байдаг нь Үндэсний батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэхтэй холбоотой.

Төвийг сахих статустай орнуудад сөрөг хүндрэлтэй асуудлууд байнга үүсдэг. Дотоод, гадаад аюулгүй байдлаас шалтгаалан гэнэтийн хүнд асуудал (хил дамнасан дүрвэгсэд, халдварт өвчин, байгалийн гамшиг гэх мэт) тулгарч мэдэх юм. Ялангуяа улсын нийгэм-эдийн засаг, гадаад харилцаа, Батлан хамгаалах салбарын хүрээнд тодорхой хүндрэлүүд байнга шахам гарч байдаг.

Тийм учраас төвийг сахих статусыг хөрш зэргэлдээ болон аюул учруулж болзошгүй орнуудаар улс төр-хууль эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрүүлсэн хоёр болон олон талт гэрээ хийх, стратегийн түншлэл бүхий болон уламжлалт харилцаатай орнуудаар баталгаа гаргуулсан, батлан даалгасан гэрээ хэлэлцээр хийх, Байнга төвийг сахих статусын тухай өөрийн зүгээс баталгаажуулсан үндэсний хууль тогтоомж гаргаж олон улсад баталгаа гаргаж өгөх, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаа, энхийг дэмжих ажиллагаа, хүч дэмжих ажиллагаа, авран гаргах ажиллагаа зэрэг олон улсын ажиллагаанд өргөнөөр оролцох замаар аюулгүй байдлаа бэхжүүлэх бодлогыг олон талт болгох, төвийг сахисан статустай орны хувьд эрх үүргийн хүрээнд Гаагийн 1907 оны 13 конвенцийн хэдэд нь нэгдэн орох талаар судалж шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Гадаад талдаа ийм байна.

Харин дотооддоо улстөр-нийгмийн тогтвортой байдлыг байнга хангах хууль эрх зүйн орчны болон эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж, төр улсын нэгдмэл бодлогыг хэлбэрэлтгүй сахих, Үндсэн хуулийн тодорхой зүйл ангид өөрчлөлт оруулах шаардлагатай болно.

Тухайлбал, Үндсэн хуулийн 10.1-д “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна” гэж заасан заасан заалт бий.

Түүнд байнга төвийг сахих талаар нэмэлт өөрчлөлт оруулах, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг баримт бичгүүдэд холбогдох өөрчлөлт тусгах шаардлагатай болно.

Мөн Зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг нэг зорилгод чиглүүлж, үйл ажиллагааг нь чадваржуулах замаар батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэх, улсын хил орчим, орон нутгийн хамгаалалтын тогтолцооны үзэл баримтлалыг гаргаж бүх түвшинд хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний нэгдсэн номлол, Улсын батлан хамгаалах стратеги-удирдлага, төлөвлөлт, орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлал, төрийн болон төрийн бус байгууллагуудыг дайчилгааны бодлоготой болгох, Дотоодын цэргийн тухай хуулийг Аюулгүй байдлын цэргийн тухай хууль болгох замаар орон нутгийн хамгаалалтын цэрэгтэй болох шаардлагатай.

-Үндэсний аюулгүй байдал гэж чухам юуг хэлээд байна вэ. Улстөрчид байнга л үндэсний аюулгүй байдал гэж ярих боллоо шүү дээ.

-Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд Үндэсний аюулгүй байдал гэсэн ойлголтыг анх удаа АНУ-ын ерөнхийлөгч Т.Рузвельт Панамын сувгийг нэгтгэхтэй холбогдуулан 1904 онд конгресс дээрээ хэлсэн байдаг. Харин манайхан бусад улс орны адил нэлээд хожуу энэ ойлголтыг хэрэглэсэн.

Харин одоо бараг хүн бүр ямар ч хамаагүй асуудал дээр үндэсний аюулгүй байдал гэж ярьдаг болжээ. Энэ том ойлголт том асуудлыг хамаагүй яриад үймүүлээд байвал яг тэр хэмжээгээрээ магадгүй түүнээс илүүгээр үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө шүү.

Энэ бол улс төрийн, бизнесийн, ашиг сонирхлын шоуны сэдэв биш юм. Эдээрээ оролдвол эвдэхийн цондон гэдэг дээ.

-Зарим судлаач, хуульч “Нийгмийн аюулгүй байдлын үзэл баримтлалттай болох хэрэгтэй” гэж ярьдаг. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтдаа оруулж, ярьж, засаж залруулж байх асуудал бол Нийгмийн аюулгүй байдлын үзэл баримтлал юм. Нийгмээ одоо нэг шинжилж үзээд доторх асуудлаа цэгцтэй болгохгүй бол дотоодод байтугай гадаад талдаа сөрөг нөлөө бий болох шинжтэй боллоо гэдгийг анхаарах цаг болжээ.

Олон улсад судлаад тогтсон жишигт нийцүүлж хийсэн 1992 оны Үндсэн хуулийн 11.1-д “Нийгмийн дэг журам хангах нь төрийн үүрэг мөн” гэж зааж баталгаажуулж өгсөн атал хэрэгжилт нь ямар байна, юу руу яваад байна гэдгийг олж харах нь чухал байх.

“Нийгмийн аюулгүй байдлын үзэл баримтлал”-тай болсноор нийгэмд улс төрийн тогтвортой байдал хадгалагдах боломж бүрдэж, төрийн албаны баталгаа бий болдог. Нийгэмд бугшиж, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн гэмт хэрэг (хээл хахууль, хулгай, танхай балмад үйлдэл, хар тамхи, халдварт өвчин гэх мэт)-ийн түвшинг бууруулах, иргэн, нийгмийн зүгээс хянах, шаардах орчин бүрдэнэ.

Нийгмийн аюулгүй байдал хангагдсанаар иргэдийн зүгээс эх орноо хайрлах, хүн амын гадагшаа явах нь багасах, дайчилгааны нөөц бэлтгэх тогтолцооны эх үүсвэр бий болно.

Аль ч улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдал түүний бүрэлдэхүүн хэсэг болсон нийгмийн аюулгүй байдлыг хангахад бүх нийтийн оролцоо хангалтгүй, салангид үзэлтэй бол юунд хүрэх аюултайг Украин улсад өрнөсөн үйл явдал харууллаа шүү дээ.

Эцэст нь хэлэхэд төлөвшөөгүй, итгэл үнэмшил муутай иргэн, тогтсон үзэл баримтлалгүй нийгэмтэй улс нэг их хол явахгүй, аливаа эрсдэлийн өгөөш болдог тул түүнээс сэргийлэхэд, хариуцлагатай болоход байнга төвийг сахих статус ач холбогдолтой.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.10.94 Тийм шүү. Үндэсний аюулгүй байпал гэдэг хэн хүнгүй бураад байдаг асуудал биш, бас бие биенийгээ хардаж сэрдэж доромжлоод байдаг ч асуудал биш. Монгол хүн бүрийн санаа зовж, үндэснийхээ эв нэгдэл, бүрэн бүтэн байдлын төлөө соёлтойгоор ярилцах асуудал л даа. Нэг насныхаа амьдралыг энэ асуудалд зориулж яваа хүний үгийг сонссон сэтгүүлч танд баярлалаа
210.137.153.113 Dotoodiin tsergiin shtabiin harh chin genet yun surhii sudlaach bolchiv? avah ch yumgui hayah ch yumgui buurunhii yum yarisan bna.
112.72.13.225 Haanaas garaad irev ene aimaar sudlaach bas general. Yahav yzel bodloo hellegyi yahav. Aria l Murun deer baigaa murdsiin hemjeend hurtw/o helsengyi. Yahav chiglyylsen l bna
202.55.191.78 Hyatadiin tagnuul yum bish vv
202.70.46.208 manaih arai l boloogui

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд