ОРОСУУДАД ТУСАЛСАН ГЭХ ХИЛИЙН ЦЭРГИЙН ОФИЦЕРУУДЫГ ХОЛБОГДОЛГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

2015 оны 10 сарын 21

Төгсгөл. Түрүүч нь өмнөх дугаарт

ОХУ-ын хууль хяналтын байгууллагын ажилтнууд Алтанбулагийн хилээр орж ирэхдээ амин хувийн ажлаар зорчиж байгаа мэтээр бүрдүүлэлт хийлгэсэн байдаг. Гэхдээ албаны дүрэмт хувцастай орж ирсэн байхад тус боомтод ажиллаж буй тагнуулын ажилтнууд яагаад анзааралгүй өнгөрөөв гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна.

Тус боомтын нэг өрөөнд тагнуулын 4-5 ажилтан зэрэгцээд сууж байдаг юм гэсэн. Гадаадын тусгай албаны хувцастай хүмүүс орж ирээд монголчуудад байцаан шийтгэх ажиллагаа явуулаад байхад улс орны аюулгүй байдлыг хамгаалах нүд чих болох ёстой тагнуулын ажилтнууд нүдэн балай чихэн дүлий сууж байсан гэхэд гайхмаар. Тэр хүмүүстээ Тагнуулын ерөнхий газрынхан эрх биш хариуцлага тооцох биз.

ОХУ-ын тусгай албаны хурандаа, дэд хурандаа цолтой хоёр хүн, орчуулагчийн хамт орж ирэх болсон шалтгаан нь үнэндээ тус улсад үйлдэгдсэн эрүүгийн хэрэгт монголчуудыг сэжиглэсэнтэй холбоотой.

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард Байгал нуурын эрэгт аялж, амарч явсан ОХУ-ын Буриад улсын иргэн, 1991 онд төрсөн Б гэх бүсгүй бусдад хүчирхийлүүлсэн юм байна. Түүнд нь гаалийн мэргэшсэн бүртгэгч Г, Э нарын найз нэг залууг сэжиглэж, үүнийгээ бататгахын тулд манай улсад дураараа байцаан шийтгэх ажиллагаа явуулсан байгаа юм.

Уг нь Монгол Улс, ОХУ-ын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх, эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны гэрээ гэж байгуулсан. Түүндээ нэг бус удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аар соёрхон батлуулсан аж.

Уг гэрээнд аль нэг улсынхаа нутаг дэвсгэрт орж эрүүгийн хэргийн сэжигтэн, гэрчээс байцаалт авах талаар ямар ч үг үсэг байдаггүй юм билээ. Тэгэхээр ОХУ-ын тусгай албаны хурандаа, дэд хурандаа нар тусгаар тогтносон Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирэн ийнхүү зохисгүй үйлдэл гаргасныг нь дэлхийн олон улс мэдвэл шууд л оросуудыг буруушаах нь гарцаагүй.

ХИЛЧИД ЭНЭ АСУУДАЛД ОРОЛЦООГҮЙ, ГҮТГЭЛЭГ


 

Тэдэнд тусалж Алтанбулаг боомтын талбайд таван цагийн турш тэр бүр автомашин зогсоогоод байдаггүй газарт тэднийг зогсоон монголчуудад байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломж олгосон хилийн цэргийн Отгондаваа, Баярхүү гэх хоёр офицероос тагнуулын байгууллагынхан тайлбар мэдүүлэг авсан сурагтай. Тэдний нэг нь ОХУ-д сургууль төгссөн, хойд хөршийнхөнтэй холбоо сүлбээ сайтай нэгэн аж.

Уг нь хилийнхэн тагнуулынхандаа “Гадаадын тусгай албаны хувцастай, хурандаа, дэд хурандаа цолтой хүмүүс манай иргэдтэй уулзаад байна” гэж мэдээлэл өгсөн бол манай хойд хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа төрийн байгууллагынхан хоорондоо зөрчилдөхөд хүрэхгүй байсан болов уу.

Тагнуулынхан тэр өдөр нь ажлаа зохих журмын дагуу хийж, тэдгээр хүмүүсийг шалгаад хууль бусаар авсан мэдүүлгийг нь хурааж авах эрх уг нь нээлттэй л байсан. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр хэзээ хойно, хил гараад явчихсаных нь дараа гаалийнхнаа буруутгаж шалгасан байгаа юм. Ниргэснийх нь дараа бус, ниргэхээс нь өмнө үүл хуралдаж байхад л арга хэмжээ авч яагаад болохгүй байсан гэж.

Хил хамгаалах ерөнхий газрын албаны хүнээс энэ асуудлыг тодруулахад “Хилийн боомтын тухай хуульд зааснаар хил хамгаалах байгууллагын ажилтнууд орж гарах хоёр хаалган дээр л ажиллаж байгаа. Боомтын үйл ажиллагаанд оролцох эрхгүй болсон.

Бид хэвлэлээр гарсан офицеруудтай холбоотой асуудлаар Алтанбулагт үүрэг гүйцэтгэдэг хилийн 0101 дүгээр тусгай ангийн захирагчтай нь холбогдож тодруулсан. Тухайн өдөр тэр хүмүүс үүрэг гүйцэтгээгүй юм билээ.

Гаалийн салбарын эрхлэгчээс хууль хяналтын байгууллагынхан байцаалт аваад манай ажилтнуудыг гүтгэсэн болохыг нь тогтоосон. Гаалийн салбарын эрхлэгч нь л буруутай үйл ажиллагаа явуулчихаад хилийн цэргийн алба хаагчид руу буруугаа чихэж байгаа бололтой” гэв.

Д.БАТБААТАР: ТАГНУУЛ, ЦАГДААГИЙНХАН ӨС ХОНЗОН САНАЖ НАМАЙГ ХУУЛЬ БУСААР БАЙЦААСАН

Алтанбулаг дахь Гаалийн салбарын эрхлэгч Д.Батбаатараас болсон үйл явдлын талаар тодрууллаа.

-ОХУ-ын хууль хяналтын байгууллагынхан орж ирээд танай гаалийн салбарын өрөөнд байцаалт авсан. Тэрэнд нь танайхан тусалсан гэх мэдээлэл байгаа. Ийм зүйл болсон юм уу?

-ОХУ-ын хууль, хяналтын байгууллагын дүрэмт хувцастай хүмүүсийг дагуулан хилийн цэргийн хоёр офицер ирээд миний өрөөний үүдэнд уулзсан. Улмаар миний өрөөнд орж ирсэн. Тэгэхдээ гаалийн байцаагч Мөөгий гэдэг хүнтэй уулзъя гэсэн.

Тийм хүн байдаггүй гэсэн чинь тэр орчуулагч нь гэж явсан хүн Г-ийг дагуулан орж ирээд хувиараа ярилцах гэсэн юм гэсэн. Хүнтэй хувиараа хаана ч уулзаж болно шүү дээ. Тийм учраас эхлээд миний өрөөнд уулзчих гэж би хэлсэн. Гэтэл оросууд энд болохгүй, хүний дэргэд ярьж боломгүй асуудал байна, гараад уулзъя гэсэн.

Тэгээд манай ахлах байцаагч Ням-Эрдэнэ гаалийн биет үзлэгийн өрөөнд тэднийг оруулсан байгаа юм. Тэгтэл Г-ээс тайлбар авч байгаа тэмдэглэл үйлдэх гэхээр нь манай ахлах байцаагч Ням-Эрдэнэ ийм зүйл байж болохгүй гээд хөөж гаргаад үүдээ түгжсэн байна лээ. Би тухайн өдөр оросуудад тайлбар өгсөн гээд байгаа хоёр хүнтэй огт уулзаагүй.

Тэд өөрсдөө л санаачилгаараа уулзсан байна лээ. Гаалийн мэргэшсэн бүртгэгч Г эхнэрээ өөрөө дуудаж, тэр оросуудтай уулзуулсан гэсэн. Гаалийн байрны аль нэг өрөөнд оросууд манай иргэдээс байцаалт авах боломж олгоогүй.

-Хилийн боомтын талбайд ОХУ-ын тусгай албаны машин орж ирээд бүхэл бүтэн таван цаг болоход та бүхэн яагаад чимээгүй хараад байж байсан юм бэ?

-Хилийн боомтын тухай хуулийн 4.1.10-т зааснаар “Боомтын аюулгүй байдлыг хангах байгууллага” гэж боомтын аюулгүй байдлыг хангах, боомтод мөрдөх журмыг хэрэгжүүлэх хил хамгаалах, тагнуулын байгууллагыг хэлэхээр хуульчилсан байгаа.

Хилийн цэргийн хоёр офицер тэднийг дагуулж надтай уулзсан гэж би дээр хэлсэн дээ. Гаалийн бүрдүүлэлт хийлгэх гэж байгаа машин хэзээ ч тэр талбайд очиж зогсдоггүй. Манайхан 30 минутын дотор хяналт шалгалтаа дуусгасан.

Тэгээд манай хяналтаас гарсан гэсэн үг. Тэр машин тэр бүр машин зогсоод байдаггүй талбайд таван цаг зогсож байхад хилийн цэргийнхэн дээрх хуулийн заалтыг биелүүлж уг машиныг хөөхгүй яасан юм бэ. Оросын хуулийн байгууллагын хоёр хүн орж ирээд манай боомтын талбайд ажиллаад байхад тагнуулын байгууллагынхан юу хийж байсан бэ гэдэг асуудал сөхөгдөж байгаа юм.

Харин ч хилийн цэргийнхэн оросуудад үйлчилсэн болов уу гэсэн хардлага төрж байгаа. Яагаад гэхээр тэд таван цагийн дараа 20.30 цагийн үед оросуудыг хил гаргахдаа хойд хөршөөс орж ирдэг усан замаар урсгал сөрөн гаргасан.

Бүхэл бүтэн таван цаг болоход тагнуулынхан юу харж байсан юм бэ. Танихгүй хүмүүс ингэж урсгал сөрж хүн хилээр гаргаж өгнө гэж байж болох уу. Би тэр 2-3 хүнийг бол мэдэхгүй.

-Энэ асуудалтай холбогдуулаад таныг цагдаа, тагнуулынхан шалгасан гэсэн шүү дээ. Эрүүгийн хэрэг үүсгэчихээд байгаа юм уу?

-Намайг оросуудад орон байрыг нь бэлтгэж өгсөн гэх мэтээр хэвлэлээр мэдээлсэн байна лээ. Тийм зүйл болоогүй гэдгийг Г, Э нар ч мэдүүлсэн, Манай ахлах байцаагч Ням-Эрдэнэ ч хэлсэн байгаа. Харин ч тэднийг нэг бус удаа хөөсөн гэдгийг тайлбарласан байна лээ. Гэтэл намайг “Та өөрөө хилээр орж ирэх нарийн хуудсыг нь авч өгсөн байна лээ” гэж байсан.

Би буриадууд битгий хэл, УИХ-ын гишүүнд ч тийм хуудас авч өгч үзээгүй. Ийм мэдээлэл цацаад байгаа нь цагдаа, тагнуулынхны хувийн өс хонзонгоос үүдэлтэй байж болзошгүй. Тагнуулын мөрдөн байцаагч Нямбаатар гэдэг хүн надаас тайлбар аваад байгаа юм уу, мэдүүлэг аваад байгаа юм уу, бүү мэд. Гурван цаг гаруй байцааж, гар утсандаа сануулсан утасны жагсаалт, мессежийг маань шалгаад зогсохгүй, оросуудтай ямар хүмүүстэй харилцдаг вэ, хэн хэнийг таньдаг вэ гэх мэтээр байцаасан.

Ингээд нэлээд удаан байцаасны дараа “За Баагий ах аа та яв, яв” гэсэн. Тэгсэн мөртлөө цагдаагийнханд шилжүүлсэн. Гадаа нь цагдаагийн гурван алба хаагч хүлээж байгаад авч явсан. Улмаар намайг эх орноосоо урвасан гэх онц ноцтой хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч, миний нэр төр, алдар хүндийг гутаасан.

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн. Тухайлбал, тус хуулийн 10 дугаар зүйлийн “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч гэмт хэрэгт сэрдэн баривчилж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн. Тагнуулд тайлбар өгчихөөд гарч ирмэгц цагдаа нар авч явна гэдэг өөрөөр хэлбэл, баривчилж байгаа нэг хэлбэр гэж би үзэж байгаа.

Мөн “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн. Гар хурууны хээ авч, папильон сангийн зураг авна гэдэг бол намайг доромжилж байгаа нэг хэлбэр биз дээ.

Баривчилж байцаах гэж байгаа бол баривчилсан шалтгаан, үндэслэлийг хэлж өмгөөлөгч авах зэрэг эрхийг нь эдлүүлэх талаар арга хэмжээ авах ёстой гэдгийг дээрх хуульд тусгасан байтал тэгээгүй.

Мөн иргэний хувийн болон захидал харилцааны нууцыг хуулиар хамгаалахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 12 дугаар зүйлд заасан байтал үүнийг зөрчин цагдаа, тагнуулынхан бие биедээ хүчээр дамжуулж, улмаар гар утсан дахь хадгалсан дугааруудын жагсаалт, мессеж зэргийг хуулбарлаж авсан.

-Яагаад тэдэнтэй өс зангидсан гэж?

-Ер нь тагнуул, цагдаагийн байгууллагын зарим ажилтан Монгол Улсын хууль дүрэм зөрчсөн явдал гарч байсан. Энэ талаар би тэдэнд шаардлага тавьж, таслан зогсоож байсан явдал бий.

Тагнуул, цагдаагийн байгууллага үнэн мөнийг олохын төлөө бус, миний нэр төрийг гутаахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулсан.

Тухайлбал, www.medee.mn сайтын 2015 оны аравдугаар сарын 16-ны дугаарт “ОХУ-ын тусгай албаныхан Монгол Улсын иргэнийг хууль бусаар байцаахад Алтанбулагийн гаалийнхан зуучилсан уу” гэдэг нийтлэлд зөвхөн тагнуул, цагдаагийн байгууллагынхан мэдэж байгаа мэдээллийг задруулсан байна.

Үүнээс үзэхэд Сэлэнгийн Цагдаагийн газар хувийн байгууллага шиг болсон гэж би дүгнэж байна. Харин гаалийн байгууллагынханд зохиомол хэрэг тулгаж, дарамтлах гэж байгаа бол тэр хүмүүст би танай сониноор дамжуулан “Битгий горьд” гэж хэлье. Миний нэр төрийг гутааж болно, харин Монголын гаалийн нэр хүндийг гутаан доромжлохыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Харин манай гаалийн байцаагч нар хяналтаа сайн тавьсан байна лээ. Тэдэндээ танай сониноор дамжуулан баяр хүргэе.

-Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж та ТЕГ-ын дарга Б.Хурц, ЦЕГ-ын дарга Р.Чингис нарт захидал бичсэн гэсэн. Үнэн үү?

-Тийм ээ. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн дарга Энхбаяр, дэд дарга Энхбат, тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч Нямбаатар нарт холбогдуулан гомдол гаргасан. Ер нь Нямбаатар гэдэг нөхөр жирийн үед боомт дотор сэлгүүцэж явдаг, яг өөрийнх нь ажил үүрэгтэй холбоотой хэрэг болохоор яагаад тэр хүмүүсийн мөрдөн байцаасан материалыг хурааж авалгүй явуулсан юм бэ.

Энэ хүн өөрөө гадаадын тусгай албаныхантай холбоотой байж магадгүй, мөн шалгаж буй хэргээ нийтэд санаатайгаар задруулсан байж болзошгүй байгаа тул Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, ЦЕГ-ын дарга Р.Чингис нарт хандаж яаралтай шалгаж өгнө үү гэж гомдол гаргасан. Шалгаж шийдвэрлэхийг нь хүлээж байна.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.118.98 хэрэв хилийн цэргийнхэн холбогдолгүй гэж байгаа бол холбогдолтой бичлэг нь бий
202.21.106.113 Байгууллагын нэр баригч, халагдсан, хөөгдсөн гарууд ч их байгаа нь ямар нэг сувгаар холбоотой, эсвэл нууц мэдээлэл өгдөг нэрийн доор ажилладаг, хэтрүүлсэн ч хэсэгтээ өнгөрөөдөгөөс л ийм заваан зүйл гараад байгаа юм ?Гэхдээ ихэнх нь татаастай л улсууд хийдэг байх даа??

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд