Монгол залууг зодсон хойд солонгосын иргэдэд ял шийтгэлээ

2015 оны 10 сарын 14

Дэлхийн улс орны анхаарлын төвд байдаг ч өнөөдрийг хүртэл хаалттай бүс гэж хэлж болохуйц орон бол БНАСАУ буюу Хойд Солонгос. Өвөө, аав, хүү гурван Кимийн удирдлага дорх энэ улсын иргэд нэг хэсэг манай улсын нутгаар дамжин Өмнөд рүүгээ дүрвэдэг байсан. Харин өдгөө Сирийн дүрвэгчид шиг хөлөг онгоцонд суун далай тэнгисээр аялан Бангладеш, Индонезээр дамжин өмнөд хөршдөө очих болсон. Харин ингэж хил давахыг хүсэхгүй нэг хэсэг нь хайрт удирдагчдынхаа төлөө харь оронд хар ажил хийдэг. Төр засагтаа авч буй цалингийнхаа тодорхой хэсгийг хураалгаж, үлдсэнийг нь ар гэрийнхэндээ хүргүүлдэг гэж байгаа. Ийм байдлаар ажилладаг Хойд солонгосчууд манайд олон. Нэг хэсгийг нь нутгийнхан нь хулхидан цалинг нь олголгүй ажиллуулах явдал гарсан талаар тухайн үед нь бид мэдээлж байв. Түүгээр зогсохгүй хойд солонгос иргэд хар ажил хийж байхдаа осгож нас барсан, Монголын Зэвсэгт хүчний алба хаагчдыг зодож гэмтээсэн, барилгынхаа ажилчидтай гар зөрүүлсэн гээд багагүй хэл ам гаргах болсон. Ийм нэгэн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ.
БНАСАУ-ын иргэн Жон Гуан Ил, Мэн Гуан Сон, Ким Мён Сү нар өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт “Эко констракшн” компанийн барилга дээр ажиллаж байхдаа ялихгүй зүйлээс болж Монгол залуустай маргалдсан гэнэ. Барилгын тэдний ажиллаж байсан давхарт цахилгааны 10-аад залгуур байсан ч ердөө хоёр нь цахилгаан гүйдэлтэй, үлдсэн гурав нь ажиллагаагүй байж. Хүчдэлтэй хоёр залгуурт солонгосчууд нэгэнд нь хөгжим, нөгөөд нь ажлынхаа багажийг залгасан байсан тул Э.Тулга гэх залуу ажлаа хийхийн тулд хөгжмийнх нь залгуурыг салгаад ажлын багажаа залгасан гэнэ. Гэтэл Ким Мён Сү ирээд буцаагаад хөгжмөө холбожээ. Энэ үед Э.Тулга тэдэнд ойлгуулахын тулд 10 хуруугаа гозойлгон “10-хан минут залгаад замаска зууръя” гэж дохитол нөгөөх нь ойлгоогүй бололтой, түлхээд буцаагаад хөгжмөө залгасан аж. Ингээд маргаан дэгдэж, солонгосчууд хүрз, тоосгоор Э.Тулга гэх залууг нэг бус удаа цохиод авсан байна. Энэ үед хамт ажиллаж байсан гурван монгол залуу ирж Э.Тулгыг салгаж авснаар зодоон дууссан аж. Үүний улмаас Э.Тулгын нүдний ухархай, хамрын яс цөмөрч хугаран, тархины зөөлөн эдэд нь хаван үүссэн юм байна. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт тооцогдохыг ШШҮХ-ийн шинжээч эмч нар тогтоожээ.
Э.Тулга ч бас зүгээр байсангүй Мэн Гуан Соныг барьж байсан алхаараа тоншоод авсан нь түүнийг бусдын биед гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татагдахад хүргэжээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан буруутайд БНАСАУ-ын иргэн Жон Гуан Ил, Мэн Гуан Сон, Ким Мён Сү нарыг тооцож, тус бүрийг нь 320 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэжээ. Харин Э.Тулгад холбогдох үйлдлийг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд