“БАЯН СУУТ”-ЫН БАЛГААР ЯЛБАГИЙН ГОЛЫН МАЛЧИД ХАДЛАНГАА АВЧ ЧАДАХГҮЙ НЬ

2015 оны 10 сарын 13

Сэлэнгэ нутаг хэзээнээс нааш байгалийн сайхан, ан амьтнаараа хүн зоны сэтгэлийг татаж, нүдийг хужирладгаараа алдартай. Намрын шар нар ээсэн ийм нэг өдөр буюу өнгөрсөн баасан гаригт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбаг багийг зорилоо. Хэнтийн нурууны салбар уулсын ой хөвч, алдарт Минжийн хангайг дөтлөх уулс цагаан нөмрөгөө нөмөрчээ.

Цасан хэвнэгээ өмссөн уулсын дундуур ороосон авто зам шавар шалбааг ихтэй, энхэл донхол нь жолооч битгий хэл, машинд зүгээр сууж яваа хүнийг ч ядраана. Энэ замаар хүнд даацын, мод ачсан машин л явдаг бололтой.

Нутгийн иргэд нь тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцээд ч бардаггүй, байгалиа нүдэн дээрээ сүйтгүүлээд л сууж байдаг нь харамсалтай.

 

Ийм нэгэн замаар уулс ороож гэлдрүүлсээр наран хэвийх үест зорьсон газраа хүрлээ. Хэдийгээр Мандал сумын Ялбаг багийн нутаг гэх боловч Ерөөгийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын бүсэд харьяалагддаг аж.

Ялбагийн голын эргэн тойронд алтны компаниуд ухаж сэндийчиж, бөмбөгдүүлсэн газар шиг хонхор, заримд нь ус тогтсон, өөр нэг хэсэгт нь уул, толгод шиг овоолсон зэгэл шороогоор дүүрчээ. Биднийг Ялбагийн голын хөндийд очиход ихэнх компани нь буугаад явчихсан, “Хууль надад үйлчилдэггүй” гэж том дуугардаг гэх Цэцгээгийн Баярцогт захиралтай “Баян суут” гэх компани л үйл ажиллагаа явуулж байлаа.

Нутгийн иргэд нь тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцээд ч бардаггүй, байгалиа нүдэн дээрээ сүйтгүүлээд л сууж байдаг нь харамсалтай.

АШИГЛАЛТЫН БҮҮ ХЭЛ ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ Ч

“БАЯН СУУТ”-Д БАЙХГҮЙ

“Баян суут” компанийн үйл ажиллагаа явуулж буй Ялбагийн голын Хуст нарийн гэдэг газрын хөрс, байгалийг нүд халтирам болгожээ. Уг нь тэнд Ц.Баярцогт захиралтай дээрх компани анх нөхөн сэргээлт хийнэ гэж очсон гэдэг. Гэвч юун нөхөн сэргээх вэ. Бид очоод байгалийг ийм ч болгох гэж дээ гэх харуусал л тээн ирлээ. Нутгийн малчдын ярьж буйгаар Хуст нарийны хэмээх 10 гаруй км үргэлжлэх аманд түмэн зүйлийн шувууд шулганалдан, цэцэгс, өвс ургамал өнгө алаглан ургадаг.

Хэд хэдэн айл энэ амнаас хадлангаа авдаг, хэдэн малаа өвөлд өнтэй оруулчихдаг болохоор өвөлжөөгөө ч тэнд барьсан байж. Сэнгэнэсэн сайхан устай Хуст нарийны горхи ч хүн малын ундаа болдог байв. Түүгээр зогсохгүй өөрсдөө түүгээд хэрэглэхэд бие нь илааршдаг нэн ховор эмийн ургамал дэлгэрсэн сайхан хангай байсан гэнэ.


Харин 2012 оноос хойш “Баян суут” хэмээх компани үйл ажиллагаа явуулж эхэлснээр Хуст нарийны горхи үгүй болж, түүний оронд ухаж төнхсөн нүхэнд нь хөрсний болон цас борооны ус урсаж орон хөлгүй нуур, цөөрөм шиг зүйл үүсгэчихээд байгаа ажээ. Бид тус компанийн алт олборлож, угааж буй талбай руу орж очиход хиймэл нуур болж тогтсон хэд хэдэн нүх байхтай таарсан. “Баян суут” компанийнхан Хуст нарийны амны эхнээс эхэлж ухаад биднийг очиход бараг адагт нь хүрч байв.

...Нутгийн иргэд үнэхээр түүнээс эмээдэг болжээ. Цагдаагийнхныг дагуулан хэд хэдэн удаа “их баривчилгаа” хийж, эхнэр хүүхдийг нь уйлуулж, эргэнэг, авдрыг нь онгичсон тохиолдол ч байдгаас тэд ийн айдастай суух юм билээ. Түүгээр ч зогсохгүй Ц.Баярцогтын компанийн үйл ажиллагаанд дургүйцсэн нутгийн нэгэн эмэгтэй найр наадмын цагаар халамцсан үедээ түүнтэй ам мурийхад Зүүнхараагийн цагдаа нар ирээд барьж аваачин хэд хонуулсан тохиолдол ч бий гэдгийн нутгийнхан айдас хүйдсээ үл ойшоон бидэнд ярьсан юм...

Тэнд улаан шар өнгөтэй эксковатороо хөрсийг нь хуулж, шар эксковатораар алтны агууламж бүхий шороог хүнд даацын таван машиндаа ачдаг юм байна. Нэг л машин явах нарийн замаар хүнд даацын ачааны машинууд цуван Хуст нарийны амны эхэнд байх алт угаах усан буу (скруббер) байрласан талбайд аваачиж асгах юм билээ. Хэчнээн ч их газрыг ингэж сэндийчиж, хөрсийг нь хар саарлаар эргэлдүүлж байгаа юм бэ, бүү мэд.

Хэрэв нөхөн сэргээлт хийж байгаа бол хуулсан хөрсөө тусад нь аваад хадгалж, хамгаалан алтны агууламж бүхий шороогоо тусад нь усан буугаараа бууддаг байлтай. Гэтэл “Баян суут”-ын талбайд хар хөрсөө хамгаалан тусад нь буулгаж байгаа зүйл огт алга. Ухсан шороо, хөрсөө холилдуулан буулгачихаж байх юм билээ. Зулзаган цагаан хус бүхий ой Хуст нарийны амыг бүрхсэн байх бөгөөд түүнийг нь хүчит техникээр хуу хаман авч, шороо дээр нь асгаж сүйтгэж байгаа нь харамсалтай.

“Урт нэртэй” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан гол горхины урсац, бүрэлдэх эх, ойн сангаас 50 метр зайд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглохоор заасан. Гэтэл Хуст нарийны горхины эрэг дотор ухаж сэндийчиж, зулзаган хусыг үндсээр нь, бут бутаар нь сүйдэлж байгааг хараад сэтгэл шимшрэхгүй байхын арга байсангүй.

Хуст нарийны аманд “Баян суут” компани ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж нутгийнханд ярьдаг гэнэ. Гэтэл ашиглалтын бүү хэл, хайгуулын тусгай зөвшөөрөл ч үгүй гэдгийг МХЕГ-ынхан хэлж байна. Тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж, АМГ-аас сунгаагүй гэнэ. Нөхөн сэргээлтийн эрх бол байдаг гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагынхан хэлсэн.


Гэхдээ 2012 онд уул уурхайн олборлолтод нэрвэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийх компаниуд шалгаруулахаар Сэлэнгэ аймгаас тендер зарлажээ. Энэ тендерт “Баян суут” материалаа илгээсэн боловч хэд хэдэн шаардлага хангаагүйн улмаас нөхөн сэргээлтийн эрх авч чадаагүй гэдгийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын эх сурвалжууд мэдээлсэн.

Тэгэхээр “Баян суут” компани нь ямар ч тусгай зөвшөөрөлгүй, мөнгөтэй, хүнд техник хэрэгсэлтэй “нинжа” л ажиллаж байна гэсэн үг. Гэтэл ийм компанид хууль үйлчилдэггүй нь хачирхалтай.

ЦАГДААГ ЗАХИРЧ ХҮН БАРИВЧЛУУЛАХ ЭРХ КОМПАНИЙН ЗАХИРАЛД БАЙХ УУ, Р.ЧИНГИС ДАРГА АА, М.ЭНХ-АМГАЛАН ПРОКУРОР ОО

Ялбагийн голд нутаглаж буй олон айлаар ороход “Баян суут” компанийн үйл ажиллагаа болон захирал Ц.Баярцогтынх нь аашилж аяглаж байгаад бүгд л ам муутай байлаа. Тэд “Бид энд нутаглаад багагүй хугацаа өнгөрч байна. “Баян суут” компанийн ухаж буй Хуст нарийны аманд бидний олон айлын өвөлжөө болон хадлангийн талбай байсан юм.

Гэтэл тус компани өвөлжөөний чинь газрын төлбөрийг өгнө гэх зэргээр худлаа хэлээд тэндээс нүүлгээд ухаж сэндийчихийн зэрэгцээ хадлангийн талбайгүй болгочихлоо. Хэдэн малаа дагаж амьдардаг малчид бид малынхаа идэш тэжээлийг одоо хаанаас бэлтгэх болж байна вэ. Арга ядаад моддын чөлөөнд хэдэн бухал шимээсгээр хадаж авлаа. Энэ өвлийг энэ жаахан өвсөөр барахгүй шүү дээ.

Тэгээд өвс худалдаж авах талаар л бодож байна. Уг нь Хуст нарийны ам, горхио дагаад хадсан бол өвөлд бид алзахгүй байсан. “Баян суут” компани ингэж ухаж байгаад л хаяад явчихна. Гэтэл ирээдүй хойчид маань хөрс нь эргэсэн шороо л үлдэх болоод байна шүү дээ. Энэ компани нөхөн сэргээлт хийх нэрээр ухаж төнхөөгүй бол найман төрлийн эмийн ургамал, хус, хуш, жодоо гээд ховор модод сүйрэхгүй, устахгүй байсан нь лавтай.

Захирал Ц.Баярцогт гэдэг залуутай нь уулзахаар “Хууль надад үйлчилдэггүй юм. Та нар хаашаа ч заргалдаад нэмэргүй” гэдэг. Үнэхээр том арын хаалгатай бололтой. Нутгийн иргэд бидэнд амьтан ах дүү, найз нөхдөөсөө сонссон мэдээллээр бол Ц.Баярцогт Зүүнхараагийн унаган хүүхэд юм билээ. Төрсөн нутгийнхаа нэгээхэн хэсгийг ийм болгож байгаадаа харамсдаггүй л юм байх даа.

Тэрбээр том арын хаалгатай учраас хууль хяналтын байгууллагынхан яаж ч чадахгүй байх шиг байна. Уг нь цагдаа, мэргэжлийн хяналтынхан ирээд лацдаад л явдаг юм. Маргааш нь ажиллаад эхэлдэг. Өдөр шөнөгүй ухдаг.


 Ц.Баярцогт “М-Си-Эс”-ийн харьяа “Спирт бал бурам” компанийн захирал Д.Элдэв-Очиртой худ ургийн барилдлагаатай. Бас Улсын ерөнхий прокурорын газрын нэг хэлтсийн дарга эрх бүхий албан тушаалтантай садан төрлийн холбоотой юм гэсэн. Түүнээс гадна Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ч энэ компанийнхантай холбоотой, түүний нэртэй уурхай Сэлэнгэд хэд хэд байдаг. Тэгэхээр хууль намайг яаж ч чадахгүй гээд ямар ч зөвшөөрөлгүйгээр ухах нь арга ч үгүй биз. Бас нэг найз буюу хэрэгт хамт холбогдоод байгаа Ууганбаатар нь ТЕГ-ын дарга Б.Хурцтай найз гэсэн.

Ц.Баярцогт нутгийн иргэдийг гомдоохгүй байж болно доо, уг нь. Гэтэл тийм биш. Зүүнхараагийн цагдаа нарыг дагуулж орж ирээд “Энэ энэ хүмүүсийг баривчил, ийм зүйлийг хураа” гэх мэтээр цагдаагийн алба хаагчдад тушаал өгч баривчлуулдаг. Магадгүй биднийг хэвлэлийнхэнд ярилцлага өглөө гээд баривчлуулж, 3-30 хоног хорьчихож чадах л хүн” гэж байлаа.

Нутгийн иргэд үнэхээр түүнээс эмээдэг болжээ. Цагдаагийнхныг дагуулан хэд хэдэн удаа “их баривчилгаа” хийж, эхнэр хүүхдийг нь уйлуулж, эргэнэг, авдрыг нь онгичсон тохиолдол ч байдгаас тэд ийн айдастай суух юм билээ. Түүгээр ч зогсохгүй Ц.Баярцогтын компанийн үйл ажиллагаанд дургүйцсэн нутгийн нэгэн эмэгтэй найр наадмын цагаар халамцсан үедээ түүнтэй ам мурийхад Зүүнхараагийн цагдаа нар ирээд барьж аваачин хэд хонуулсан тохиолдол ч бий гэдгийн нутгийнхан айдас хүйдсээ үл ойшоон бидэнд ярьсан юм.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.195.92 Энэ арай дэндэнээ. Мөнгөтэй хүмүүст хууль үйлчилдэггүйн тод жишээ энэ шүү дээ.
202.72.247.249 та нар муусайнууд хичнээн орилоод яадгийн ард эрдэнэбат тэргүүтэй асаалттай танкууд байхад яахийн тэр муу цогтбаатар гэдэг цагдаа юу вэ чам муу бацаанийг ах нь харнаа сэлэнгийхэн намайг нь яаж ч чадахгүй за юу мэргэжлийн хяналтын газрын дарга гөлөг ч надруу хуцаж чадахгүй тэр гөлөг чинь өөрөө аль хэдийни 70 хүрсэн өвгөн байцагчтайга нийлээд уурхай тойрч татвараа аваад явдаг л яс горьдсон нохойн гөлөг штээ, тэр өвгөн нь яахавдэ чаавас 5 цаас харсан амьтан ерөө бол асуудал биш,
202.72.247.249 чи нөгөө баярцогт гэгчнүү. булхайгаа ярьж байгаад, булайгаа дэлгэвээ хө
  • 2015 оны 11 сарын 01
150.129.142.3 эээ дээ мөн чиг юу хэлэхээ мэдэхгүй байна аа бид чинь хуультай оронд амьдарч байна у эсвэл үгүй юу хууль байхгүй бол тэрийгээ эртхэн хэлээд хэн хүчтэй нь дийлдэг араатны нийгэм шиг болгомоор юм зэрэмдэг хууль эх орныг минь зэрэмдэглэж байна үнэхээр их харамсалтай

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд