ЭЦГ-ынханд сахилгын арга хэмжээ авлаа

2015 оны 10 сарын 13

ЭЦГ-ын алба хаагчид нэгнийхээ аминд хүрсэн хэрэг ямар учраас гарав гэдгийг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албанаас шалгаж дүнгээ өчигдөр тус газрын даргын зөвлөлийн ээлжит бус хуралд танилцуулжээ.

Улмаар Р.Чингисийн тушаалаар буруутай алба хаагчдад сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал, ЭЦГ-ын дарга, хурандаа Б.Буянтөрд зургаан сарын турш цалингийн 20, дэд дарга, дэд хурандаа А.Амгаланг гурван сар мөн хувиар торгох арга хэмжээ авчээ.

Тэднийг алба хаагчдадаа тавих хяналтаа сулруулсан, үүрэг чиглэл өгөх ажилдаа хайнга хандсан хэмээн буруутгасан байна. Тэдэнд ийм арга хэмжээ авснаар албан тушаал ахих, цолоо нэмүүлэх зэрэгт нь хаалт болж байгаа юм.

ЭЦГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ажилтнууд хамт олноороо амралтад очоод ам мурийснаас нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өнгөрсөн баасан гаригт гарсан. Тиймээс тус хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батдэлгэрийг албан тушаалаас нь өөрчилж, бууруулах, шинэ ажилд томилогдсоны дараа авах цалингийн 20 хувиар зургаан сарын турш торгохоор болж, ямар албан тушаалд томилохыг ЦЕГ-ын хүний нөөцийн мэдэлд шилжүүлсэн байна.

Мөн тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Батзаяад ч адил арга хэмжээ авчээ. Тэднийг алба хаагчдаа амралтанд авч явахдаа үүрэг чиглэл өгч, удирдлага зохион байгуулалтаар хангах үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан гэнэ.

Хэрэг гарах үед Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ажилтнууд нэг байранд, ЭЦГ-ын бичиг хэргийн ажилтан, ахлах ахлагч Б.Өлзийбуян, Д.Ган-Эрдэнэ, Р.Батсуурь нар нэг байранд байсан аж. Энэ үед тэдэн дээр талийгаач хошууч очоод маргалдсан бөгөөд гарч явахад нь Б.Өлзийбуян нь цохиж амь насыг нь бүрэлгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэнэ.

Тиймээс Б.Өлзийбуянтай хамт байсан жижүүрийн цагдаа, ахлах ахлагч Д.Ган-Эрдэнийг төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр ажлаас нь халжээ. Тэрбээр өмнө нь сахилгын шийтгэлтэй байж. Харин ахлах ахлагч Р.Батсуурийг цалингийн 20 хувиар зургаан сар торгохоор болжээ.

Гэмт хэрэгт холбогдон, хүний амь бусниулан албаны нэр хүндийг унагасан ахлах ахлагч Б.Өлзийбуянг цагдаагийн байгууллагаас халахаар шийдвэрлэсэн байна.

Мөн энэ үеэр ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис бүх алба хаагчдадаа үүрэг чиглэл өгчээ.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд