ЭЦГ-ын ахлагч юуны учир офицерынхоо аминд хүрэв

2015 оны 10 сарын 12

Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид өнгөрсөн баасан гаригт Налайх дүүргийн VI хороонд байрлах нэгэн амралтын газарт ажлынхаа алжаал ядаргааг тайлах гэсэн биш нэг нь амиа алдаж, нөгөө нь хэрэгтний ширээнд суухад хүрэв.

Тус газрын дэд дарга Амгалангийн туслахаар ажиллаад нэг их удаагүй байгаа Өлзий гэх 1987 онд төрсөн, ахлагч цолтой залууг бусдын амь насыг бүрэлгэсэн хэмээн сэжигтнээр тооцон саатууллаа. Харин хохирогч нь дээрх хэлтсийн нууцын ахлах мөрдөн байцаагч албан тушаалтай, хошууч цолтой Хашболор гэдэг хүн.

Талийгаачийн хувьд 1975 онд төрсөн, сумын хэсгийн төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж, үе шатуудаар дамжин Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан, цагдаагийн сургуульд сурсан жилүүдээ оролцуулаад тус байгууллагад 23 жил ажиллаж байжээ.

Тэд баасан гаригийн үдэш үл ялих зүйлээс болж маргалдсан гэнэ. Зарим эх сурвалж “Тэд маргалдсаны дараа Өлзий хэмээх ахлагч залуу талийгаач хошуучийг нэг бус удаа цохисноос амиа алдсан” хэмээсэн. Харин өөр нэг эх сурвалж “Тэд маргалдах үед ахлагч нь хошуучаа түлхтэл согтуу хүн унахдаа хатуу зүйл мөргөөд газар дээрээ амиа алдсан” гэж байв.

Ямартай ч ЭЦГ-ын хэрэг бүртгэж мөрдөн байцаалт явуулдаггүй, бичиг цаас төлөвлөж байдаг хэлтсийнхэн бүх цагдаагийнхныхаа нэр хүндийг шавартай хутгачихав.

Уг нь Цагдаагийн баярыг долдугаар сарын сүүлчээр энэ жил сүр дуулиантай тэмдэглэсэн. Тэр үеэр ЭЦГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийнхэн амралтанд явж амарч чадаагүй учраас “шархаа нөхөх” гэж өнгөрсөн баасан гаригийг сонгосон аж. Ингээд сархад савнаасаа бусдыг дийлж ийм байдалд хүргэсэн бололтой.

Цагдаагийн ахлагч нь офицерынхоо аминд хүрсэн тохиолдол нэг бус удаа гарсан. Үүнээс өмнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд цагдаа, ахлагч цолтой Б шинэ жилийн үеэр архи уугаад хэсгийн төлөөлөгч, хошууч цолтой хамтрагчаа буудаж хөнөөгөөд, улмаар амиа егүүтгэж байсан юм.

Дээрх хэрэг гарах болсон хэд хэдэн үндсэн шалтгаан байж болохоор харагдаж буй юм.

Тухайлбал, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжингийн санаачлан хэрэгжүүлсэн Цагдаагийн албаны хуулиар албан тушаалын цол гэгчийг бий болгон тус байгууллагын алба хаагчдын захирах, захирагдах ёсыг хөсөр хаяж, сургууль төгссөн сонсогч гэнэт хошууч мөрдэс зүүж, насаараа ажилласан цол багатай албан тушаалтнаа захирах гэсэн явдал зэрэг эмх замбараагүйтлээс үүдэлтэй байж болох.

Уг нь цэрэг, цагдаагийн байгууллагад ахлах цолтой хүнтэйгээ архи уусан ч хүндэтгэж харилцдаг уламжлал тогтсон байв. Өөр нэг шалтгаан нь цагдаагийн байгууллагын шинэчлэл хэмээн Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албыг нэгтгэж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар байгуулсан.

Эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нар бие биенээ үгүйсгэдэг явдал байнга байсаар ирсэн энэ хоёр байгууллагыг нэгтгэсний дараа ийм хэрэг гарах үндэслэл болсон байж болзошгүй гэх хүн ч байна.

Юутай ч энэ хэргийн учир шалтгааныг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албанаас шалгаж байгаа бөгөөд тус газрын даргын ээлжит бус зөвлөлийн хурлыг өнөөдөр хуралдуулан шалгалтын дүнгээ танилцуулж, буруутай алба хаагчдад хариуцлага тооцох аж.

Харин эрүүгийн хэргийг тус газрын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм.

Г.РАВЖАА

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд