ОРГОДОЛ ГЕРМАНЫГ НУУСАН ХЭРЭГТ ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ

2015 оны 09 сарын 22

ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлян Лёонхард манай улсад 11 жил нуугдаж байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сард “Голомт” хотхонд Ё.Гантөрийнх гэдэг айлд нас барж, олдсон нь тухайн үедээ дуулиан болсон. Гэвч өдгөө энэ хэргийн явц хэрхэж буй талаар хэн ч ам ангайхгүй байна.

Магадгүй тагнуулын байгууллагынхан шалгаж буй болохоор, тус албанд шалгаж буй хэргүүд нууцад хамаарчихдаг учраас тодорхой мэдээлэлгүй байж ч болох. Гэхдээ энэ хэрэг тагнуулын байгууллагын харьяалан шалгаад байх зүйл заалтад огт хамаарахгүй байгаа.

Учир нь талийгаач герман эртэй хамтран амьдарч байсан Ё.Гантуяаг охин, хүү хоёрынх нь хамтаар Эрүүгийн хуулийн 91.2.1-т заасан шунахайн сэдэлтээр хүний амь бүрэлгэсэн, 148.4-т заасан онц их хэмжээний хөрөнгийг нь залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр цагдан хорьсноос хойш хагас жил шахам боллоо.

Ё.Гантуяа болон түүний хүүхдүүд дээрх хоёр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох баримт тун хомс. Харин ч эсрэгээрээ хорт хавдраар өвчилсөн ХБНГУ-ын иргэнд эмнэлгийн тусламж үзүүлж, асарч тойлж байсан баримтууд байдаг. Тэгэхээр улсынхаа арилжааны банкуудыг залилж, 12 сая евро цүнхлэн Монголын хилээр Рудигер фон гэдэг нэрээр орж ирээд, Монголд 11 жил нуугдсан эрийг хэн нууцалж байв гэдгийг хамгийн түрүүнд тогтоох хэрэгтэй.

Гэвч манай хууль хяналтын байгууллагынхан түүний мөнгөнөөс хувь хүртчихсэн болохоор хахууль авсан албан тушаалтныг олох нь юу л бол. Харин ч Ё.Гантуяа болон түүний хүүхдүүдийг замаасаа зайлуулж, энэ хэргийн ул мөрийг бүр баллах сонирхол байж болох. Ё.Гантуяа болон түүний хүүхдүүдийг хүн амины хэрэгт сэжиглэн хорьсон нь анхных биш.

Түүнээс өмнө бас нэлээд удаан хугацаанд цагдан хорьсон байдаг. Хуульд онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгуулж буй хүнийг дээд тал нь хоёр жил хорьж мөрдөхөөр заасан. Ё.Гантуяаг 2004-2005 оноос хойш нэг бус удаа багагүй хугацаанд саатуулан шалгасан гэж үзвэл удахгүй батлан даалтад гаргаж болзошгүй.

Энэ үед гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээгээ авч түүнийг болон хүүхдүүдийг нь батлан даалтад авах хэрэгтэй ч юм бил үү.

  Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд