С.РАДНААБАЗАР: 140 ХҮҮХЭД ХОЛБОГДСОН ХЭРЭГ ХАМГИЙН ОЛОН СЭЖИГТЭНТЭЙ НЬ БАЙЛАА

2015 оны 09 сарын 13

Монгол Улсад мөрдөн байцаах алба байгуулагдсаны 69 жилийн ойг маргааш тэмдэглэнэ. 1946 оноос эхэлсэн энэ албаны түүх өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тасарсаныг эс тооцвол амжилттай, дардан явж ирсэн. Энэ алба байгуулагдахаас өмнө тухайн үеийн ДЯЯ-ны төлөөлөгчийн цуглуулсан гэх нэг хуудас ч хамаагүй цаасанд үндэслэн хүмүүсийг ялладаг байж.

Тал бүрээс нь нотлох баримт цуглуулалгүй ажилладаг байснаас хэлмэгдүүлэлт явагдсан түүх ч бий. Харин мөрдөн байцаах алба байгуулагдсанаар аливаа гэмт хэргийг тал бүрээс нь нотлох үүрэг хүлээж ажилласан юм. Энэ өдрийг тохиолдуулан Мөрдөн байцаах газрын дарга, орлогч, хэлтсийн дарга, ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаагч гээд бүхий л албанд нь ажиллаж байсан, цагдаагийн бэлтгэл хурандаа Самбуугийн Раднаабазарын дурсамжаас хуваалцлаа.

-Гал сөнөөгч хүн хэрхэн мөрдөн байцаах байгууллагатай амьдралаа холбочихов оо гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Мөрдөн байцаах байгууллага маань 1946 онд үүсэн байгуулагдаж, түүхэн хөгжлийнхөө 69 дэх жилтэйгээ золгож байна. Энэ байгууллагатай би 1968 оноос амьдралаа холбожээ. Тэр жил би Хууль цаазын дунд сургуулийг хуульч мэргэжлээр төгсөөд мөрдөн байцаагчаар томилогдон ажилласан юм. Түүнээс хойш 24 жил мөрдөн байцаах байгууллагад ажиллажээ.

Анх томилогдсоныхоо дараа ч төрөл бүрийн л хэрэг мөрдөж байлаа. Тэгээд 2-3 жилийн дараачаас хүүхдүүдийн холбогдсон гэмт хэрэг мөрдөн шалгах болсон. Насанд хүрээгүй хүүхдүүдээс үйлдсэн гэмт хэргийг мөрдөх тусдаа хэлтэс байгуулсан юм. Тэр хэлтэст ажиллах болсон. Хүүхдийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дараа мөн газрын III хэлтэст ажилласан.

Улмаар хэлтсийн дарга болж, дараа нь Мөрдөн байцаах газрын орлогч дарга болж дэвшсэн. Мөн богино хугацаанд газрын даргын үүрэг гүйцэтгэж тамга “манаж” явлаа. Намайг мөрдөн байцаах байгууллагад ажиллаж байхад хамт олон минь их тусалж дэмждэг, мэдэхгүй, чадахгүй бүхнээ ахмад, туршлагатай хүмүүсээсээ суралцаж дэм авдаг байв.

Би энгийн сургууль төгссөн учраас цагдан сэргийлэх байгууллага, тэр дундаа мөрдөн байцаах албаны талаар мэдлэг багатай орсон л доо. Өмнө нь гал сөнөөх байгууллагад ажиллаж байсан юм. Тэгээд хуульч мэргэжил эзэмшээд мөрдөн байцаагч болсон. Манай мөрдөн байцаах алба ажиллаж буй хүнээ маш их сургаж, хүмүүжүүлж, боловсруулдаг газар байлаа. Одоо ч өөр болсон юм шиг ээ.

-Яагаад өөр болсон гэж?

-Сүүлийн үед мөрдөн байцаах алба маань хүн хүмүүжүүлэх сургах, ажилдаа тогтворжиж өсгөхөөсөө өөр тийшээ хандав.

Сая нэг хэсэг мөрдөн байцаах албаар маань тоглож ч үзсэн шүү дээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болоод Мөрдөн байцаах газрыг бүрмөсөн байхгүй болгож үзлээ. Харин дараа нь мөрдөн байцаах байгууллага байх нь зүйтэй юм байна гэж үзээд дахин байгуулсан нь сайн хэрэг. Мөрдөн байцаах байгууллагагүй улс орон гэж байхгүй л дээ.

Дэлхийн бүх л оронд зохион байгуулалт нь л өөр болохоос бус энэ алба байдаг юм. Мөрдөн байцаах газрыг татан буулгаж, хүчгүйдүүлсэн нь салбарын яамны, төр засгийг тэргүүлж байсан хүмүүсийн алдаатай бодлого гэж боддог. Энэ хугацаанд мөрдөн байцаах албаны хүч их суларч, туршлагатай, чадалтай боловсон хүчин тарамдлаа.

-1970-80-аад үед хүүхдүүд ямар хэрэгт ихэвчлэн холбогддог байв?

-Холбогдохгүй гэмт хэрэг гэж бараг л үгүй дээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа бүхий л төрлийн хэрэг, хүний амь бүрэлгэх, хулгай, дээрэм, танхай, бусдыг хүчирхийлэх гээд гардаггүй хэрэг гэж байхгүй байв. Тэр үед хамгийн их гарч байсан хэрэг бол “Сээгий” хэмээх туулайн арьсаар хийсэн малгай шүүрдэг, түүнээс улбаалсан дээрэм, хулгай, хүн амины хэрэг хүртэл гарч байлаа. Төрөөс ч нэлээд арга хэмжээ авсан, цагдаа ч их тэмцэл явуулсны дүнд энэ төрлийн гэмт хэрэг илт буурсан.

-“Сээгий” шүүрэгчдийн дотроос олон удаагийн үйлдэлтэй маш олон хүн холбогдсон хэрэг гарч байсан гэдэг. Тэр тухай ярьж өгөөч?

-Малгай шүүрдэг хүмүүсийн дотор айхтар хүмүүс байсан, байсан. Тухайлбал, “Сээгий” малгай булаадаг Баатаржав гэж хүн байлаа. Бүр зохион байгуулалттай бүлэг хүртэл үүсгэсэн байв.

Нэг удаа би их ноцтой хэрэг мөрдөж байлаа. 140-өөд хүүхэд холбогдсон юм. Тэр үед хорьж цагдахгүй бол болохгүй явдал ч байлаа. Тэгээд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Төв, Булган, Сэлэнгэ, Дорноговь аймгийн урьдчилан хорих газарт ноцтой үйлдэлтэйг нь хориод хэргээ мөрдөн шалгахын тулд сар шахам тойрч явж байв.

Тэдний дунд бусдыг хүчирхийлсэн, хүн дээрэмдсэн, амь насыг нь бүрэлгэсэн этгээдүүд ч байсан юм. Тэр олон холбогдогчийн заримыг нь ар гэр, хамт олон, найз нөхдийнх нь батлан даалтад өгөх гэх мэтээр шалгаж шийдсээр байгаад ноцтой хэрэгтнүүдийг нь шүүхэд шилжүүлсэн. 76 хүнийг нь шүүхэд шилжүүлж байлаа. Тэдний хэрэг 300 хуудастай, 25 хавтас болж байсан юм.

Миний шалгасан энэ хэрэг прокуророор хянагдаж, шүүхэд очоод Улаанбаатар хотын шүүхийн шүүгч Ичинхорлоо шийдвэрлэж, анхны ялын төлөвлөгөөгөөр хэрэг шийдэгдэж байв. Ер нь бол ийм олон холбогдогчтой хэрэг харьцангуй бага ч гэлээ, хүүхдүүд олноороо холбогдох явдал их байсан. Шүүхээс шийдвэрлэхээс аргагүй 76 хүнийг нь явуулсан нь энэ. Тэднээс хамгийн дээд тал нь 10 гаруй жилийн ял шийтгүүлсэн. “Азарга” Чулуунбаатар гэдэг хүн тийм ял сонссон байсан.

Ноцтой гэмт хэрэг үйлддэг хүмүүс нь янз бүрийн аргаар хүүхдүүдийг уруу татаж, өөртөө элсүүлээд, улмаар гар хөл болгох маягаар ажиллуулж, нэг хэсэг нь үүнээсээ дэвшиж, дороо хүүхдүүд нэмээд үржээд явчихдаг байсан. Яг л геометр прогрессоор өснө гэдэг шиг.

-Таны үеийн мөрдөн байцаагч нар одоогийнхтой харьцуулахад өөр болсон гэж та хэллээ. Ер нь мөрдөн байцаагчаар ажиллаж байгаа залуу хүмүүстэй хандаж ахмад хүний хувьд юу захиж сургамаар санагддаг бол?

-Мөрдөн байцаагч хүнд байвал зохих албаны онцлог гэж байдаг л даа. Тухайлбал, сайн хуульч байх ёстой. Сайн хуульч хүн зөвхөн нотлох баримтанд тулгуурлан шийдвэр гаргадаг л даа. Мөн сайн сэтгэлзүйч байх хэрэгтэй. Сэтгэлзүйн мэдлэгтэй хүн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчтой хялбархан ойлголцдог.

Түүнээс гадна тал бүрийн өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Ялангуяа шалгаж буй хэрэгтэйгээ холбоотой салбар шинжлэх ухааны онцлогийг сайтар судалж мэдсэн байх шаардлагатай болдог. Бусадтай зөв харилцдаг, хүнлэг энэрэнгүй, зарчимч байхын зэрэгцээ бусдаасаа байнга суралцаж байх нь чухал.

Мөрдөн байцаах байгууллагад зан чанар, мэдлэг боловсрол, ажил үйлсээрээ бусдыгаа үлгэрлэн дагуулж байсан олон хүн байлаа. Тухайлбал, гавьяат хуульч, ахмад Х.Лэгрэв, хошууч Р.Өлзийбүрэн, дэд хурандаа Ц.Содов, хурандаа З.Бадамдорж, С.Дамдин зэрэг хүмүүсийг дурдаж болно. Манай гавьяат хуульч С.Дамдин чинь лут мөрдөн байцаагч шүү дээ.

Ялангуяа энэ салбартаа бол тун няхуур нямбай, хүн чанарын хувьд ч маш мундаг хүн. Гавьяат хуульч цол хүртээгүй ч тэдэн шиг алдар хүндтэй хошууч Лхачин, Дулмаа, Баяртогтох “Хүн амины” гэж нэршсэн Ц.Готов зэрэг олон сайн мөрдөн байцаагч байсан шүү.

Түүнээс гадна мөрдөн байцаах ажлыг 10 хуруу шигээ мэддэг, түүнийгээ бусдад зааж сургадаг дарга нар олон байлаа. Жишээ нь дэд хурандаа Наваан, хурандаа Б.Даваасамбуу, Г.Доржпалам, Н.Давааням гээд онцгой авьяастнууд энэ албанд ажиллаж байсан юм шүү.

-Хүнлэг энэрэнгүй байх гэснээс хурандаа Ц.Жамъянсэнгээ агсны тухай “Нар сарны зааг” гэдэг уран сайхны кинонд хэргээ хүлээхгүй байдаг нэг айхтар хүнийг ээжийг нь тэнгэрт халихын өмнөхөн уулзуулж, хэн хэнийх нь сэтгэлийг дэвтээж байгаа хэсэг гардаг. Тэрэн шиг үйл явдал мөрдөн байцаагчийн амьдралд олон тохиолддог болов уу?

-Тийм явдал тохиолдоно оо. Би Л.Хуяг-Очир гэдэг хүний хэрэг мөрдөж байлаа. Зүүнхараагийн хорих ангид ял эдэлж байгаад суллагдахаасаа хэд хоногийн өмнө оргосон хүн. Оргоод 20 хонохдоо Улаанбаатарт 28 удаа хулгай хийсэн байв. “Сансар” гэдэг хочтой Нацагдорж гэдэг хүнтэй хоёул айлын гэр хулгайлж, Цагаанхуаранд нэг айлын хашаанд барьчихаад хулгайлсан эд зүйлсээрээ гэрээ тохижуулчихсан байсан юм.

Л.Хуяг-Очирыг анх байцаахад зарим үйлдлээ ярьж байна шүү. Хоёр дахь удаагаа очиход юу ч ярихгүй, дуугаа хураачихаад суугаад байдаг. “Чи яагаад байгаа юм бэ” гэтэл өөдөөс “Харин чи яагаад байгаа юм бэ” гээд хэдэрлэж байна. Би хэргээ хурдан шийдчих гээд л мөрдөн байцаалтаа үргэлжлүүлмээр байна гэтэл “би өнөөдөр чамтай юу ч ярихгүй” гэв. Маргааш нь очоод асуутал “Намайг танихгүй байна уу. Чи Ховдын 10 жилийн сургуульд байсан Раднаабазар мөн дөө” гэж байна.

Би ч “мөн” гэлээ. Тэгтэл нөгөөх Л.Хуяг-Очир маань надтай долдугаар ангид хамт сурч байж. Би нөгөөхөө таньдаггүй, тэр намайг таньчихаад “Их зан гаргаад байна” гэж бодоод байж. Ингээд амьдрал ахуйгаа ярилцаад нөгөөх маань ч хэргээ хүлээхдээ “Би насаараа шоронд суух гэж л оргосон юм. Эндээс гараад надад амьдрал байхгүй, ах дүү байхгүй хүн.

Тиймээс эргэж орох санаатай л оргож, дахин хулгай хийсэн юм. Би хулгай хийхгүй өнжиж чадахгүй. Хулгай хиймээр санагдахаар шөнө босоод нэг хоригдлынхоо оймсыг аваад дэрэн дороо хийж санаа амраад унтдаг юм” гэж байсан.

Ингээд би ч нөгөөхийнхөө хэргийг хурдан шалгаж, сарын дотор шийдэж өгсөн. Тэгээд 10 жилийн хорих ял сонссон. Түүнээс хойш олон жилийн дараа, би Мөрдөн байцаах газрын орлогч дарга болчихсон байсан үе л дээ. Нэг өдөр намайг сураглаж туранхай, эцэнхий хүн орж ирлээ. Лавлаад хартал нөгөө Л.Хуяг-Очир. Миний өрөөнд орж ирээд “Би суллагдчихлаа.

Чи надад тус болж миний хэргийг маш шуурхай шийдвэрлэж өгсөн. Одоо би дахиж хулгай хийхгүй. Хотод байвал дахиад хулгай хийх гээд байж магадгүй. Нутаг руу минь явуулж өгөөч” гэж байна. Би тухайн үеийн Засан хүмүүжүүлэх газрын даргатай ярьж, онгоцоор нутаг руу нь буцааж байлаа. Тэгэхээр хүнтэй хүнлэг харилцаж байвал цаад шалгуулж буй хүн ч гэсэн зөв харилцана гэж бодогддог юм.

-Таныг ажиллаж байх үеийн мөрдөн байцаагч нарын хангалт, тусгай хэрэгсэл одоогийнхтой харьцуулахад сайн байсан биз? Одоо ч төсөв мөнгөгүй гээд цагдаагийн алба хаагч бүрийг бүрэн хувцаслачихаж чадахгүй л байгаа шүү дээ.

-Харин ч маш их сайжирсан шүү дээ. Бидэнд гав, буу ч өгдөггүй л байсан үе бий.

Энд нэгэн түүх ярья л даа. Цагаантолгойн хүүхдийн колонид ял эдэлж байсан хүүхдүүд бие биенээ дээрэмдэж, гэмтэл учруулсан хэрэг бас гардаг байв. Тийм нэг хэргийг би мөрдлөө. 10 гаруй хүүхэд хотод авчирч шалгаад, Сэлэнгийн шүүхэд шилжүүлэхээр болов. Тэр үед мөрдөн байцаагч нарт буу, гав ч бараг байдаггүй, хуяглан хүргэх машин ч гэж үгүй шүү дээ. Би хэргээ шалгаж дуусчихаад, нөгөө 10 хүүхдээ “Зил- 130” машинд ачиж шүүхэд хүргэж өгөхөөр явлаа.

Дархан өнгөрөөд Сэлэнгийн Дулаанхааны гүүрээр гарч явтал дээр түжигнээд байна. Машины цонхоор хартал нэг хүүхдийн цээж бүхээгний салхивчаар цухуйчихсан явна. Зогсоод үзтэл дөрөв нь тэр салхивчаар гараад зугтчихаж. Тэгээд үлдсэнийг нь Сэлэнгийн шүүхэд хүргэж өгөөд буцаж сар шахам хайж байж нөгөө дөрвийг нь хотоос олж саатуулж байв.

Тэр дөрвийг олчихоод 51 дүгээр сургуулийн орчимд цаг шахам ноцолдож байж баривчилсан. Тэр үед Цогзолмаа гэж айхтар хүүхэн байсан юм. Түүнтэй нийлчихсэн явж байна. Нөгөө дөрвөө барих гэтэл бүгд над руу дайрлаа. Тэгэхээр нь Цогзолмаад нь хандан “Чи тэгэхгүй шүү” гэтэл тэр эмэгтэй надад тусалж хамт саатуулж өгч байлаа. Тэгэхэд бидэнд гав бороохой гэх мэт зүйлээр хангадаггүй байсны л илрэл юм даа. Одоо бол өөр болсон.

-Мөрдөн байцаах газарт шинэ чиг үүрэг бүхий хэлтэс байгуулсан нь мөрдөн байцаагчдыг мэргэшүүлж буй хэлбэр гэж үзэж болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Жишээ нь, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс гэдэг чинь байгаль орчин ямар байх ёстой, ямар үйлдэл нь байгаль орчны эсрэг гэмт үйлдэл болох вэ гэдгийг мэддэг хүмүүсийг бий болгож байгаа юм шүү дээ. Уг нь ингэж мэргэшүүлсэн алба хаагчдаа тогтвор суурьшилтай ажиллуулалгүй өөр тийш нь шилжүүлэх явдал гарч байгаа нь ХЗЯ-ны, командлалын бодлоготой холбоотой.

Сайн ажилтныг ажил сайжруулах гэж өөр газарт шилжүүлэн томилж болно. Гэхдээ л мэргэшсэн газраас нь холдуулна гэдэг бол асуудалтай шүү дээ. Үр дүн нь тун тааруу. Тэгэхээр тус байгууллагын боловсон хүчний бодлогыг эргэж харах л хэрэгтэй болов уу.

За олон илүү зүйл нуршсан бол уучлаарай. Энэ дашрамд, Мөрдөн байцаах байгууллага байгуулагдсаны 69 жилийн ойн өдөр энэ сарын 12-нд болно. Энэ өдрийг тохиолдуулан үе үеийн ахмадууд, Мөрдөн байцаах газарт одоо ажиллаж байгаа алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, төрөл төрөгсдөд танай сониноор дамжуулан аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.11.94 ӨМХИЙ НАСААРАА ХҮНИЙ МУУ ҮЗЭЖ ШОРОН ХАР САВ ДАМЖСАН БУУНЫ НОХОЙНУУД ҮХЭХДЭЭ ИХ МУУГАА ҮЗНЭЭ , ЦАГДАА ЦАГИЙН НАЙЗ БУЗАР
125.24.131.120 Ingeed umnu shalgaj baisan hergee hunii ner ustai n yariad suuj baigaa hun tegeed her mergejliin yos zuitei baigaa hereg ve.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд