15 БҮСГҮЙ СЕКС СҮРДҮҮЛГИЙН ХОХИРОГЧ БОЛЖЭЭ

2015 оны 09 сарын 09

Улс орны хөгжлийг дагаад банк санхүүгийн салбарт ч өөрчлөлт дэвшил бий болж, бидэнд илт мэдрэгдэх болсон. Мэдээж цүнхтэй мөнгө сугавчлаад явахгүй, төлбөрийн карт хэмээх тооцооны хэрэгсэл гарч, иргэд ч түүнийг хэрэглэж заншсан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр төлбөрийн карт ашиглан залилан мэхлэх явдал сүүлийн үед нэлээд гарах болов. Гадаадын хакерууд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын мэдээллийн санд нэвтэрнэ.

Улмаар хүмүүсийн мэдээллийг хулгайлан төлбөрийн картанд суулган, гар хөл бологчдодоо өгдөг. Түүнийг нь авсан хүмүүс хөгжил буурай, эсвэл хөгжиж буй орнууд руу очиж, гүйлгээ хийж мөнгийг гаргаж авдаг нь өдгөө нэгэнт ил болоод байгаа. Цагдаагийн байгууллагынхан энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, хуурамч төлбөрийн картаар гүйлгээ хийж буй гадаадын хэд хэдэн иргэнийг баривчлан хуулийн хариуцлага хүлээлгэсэн.

Манай банкны хамгаалалт сайн учраас сэжигтэй гүйлгээг дор нь илрүүлж, гэмт этгээдүүдийг хил давахаас нь өмнө барьж чадсаныг банкны ажилтнууд ч, цагдаагийнхан ч хэлдэг. Тийм учраас ийм санаа агуулж хилээр орж ирдэг хэрэгтнүүд цөөрсөн аж.

МОНГОЛЧУУД ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ЗОЛИОС БОЛЖ 1.6 ТЭРБУМ ТӨГРӨГ АЛДЖЭЭ

Цахим орчинд гарч буй гэмт хэргийн үйлдэл, арга улам нарийсч байгаа. Цахим төлбөрийн хэрэгсэл ашигладаг ийм төрлийн залилан мэхлэх гэмт хэргээс гадна их мөнгөтэй боллоо хэмээн итгүүлж, цахим шуудангаар луйвар хийж буй тохиолдол ч цөөнгүй гарах болсон. Тэр дундаа гадаадынхантай худалдаа арилжаа хийдэг аж ахуйн нэгж, байгууллага иргэдийг “Данс өөрчлөгдлөө. …. тоот дансанд мөнгөө шилжүүлээрэй” хэмээн хуурамч захидал илгээж луйварддаг хэрэг олон гарах боллоо.

Тухайлбал, Малайз, Англи, Сенегал, Филлипин улсаас үйлдэж буй интернэт луйврын гэмт хэрэгт манай улсын иргэд олноороо хохирох болсон аж. Цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд “Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн олон нийтийн цахим сүлжээ болох фэйсбүүк орчныг ашиглаж байна.

Гэмт этгээдүүд иргэдэд “Их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны эзнээр сонгогдох, өв залгамжлахад минь санхүүгийн туслалцаа үзүүлээч” гэх зэрэг байдлаар харилцаа холбоо тогтоож итгэл үнэмшил төрүүлээд, утсаар хэд хэдэн удаа холбогдож, цахим захидлаар харилцдаг.

Үүнийгээ итгүүлэхийн тулд хуурамч батламж, гэрчилгээ, төлбөрийн карт зэргийг шуудангаар илгээж, дараа нь урьдчилгаа төлбөр, татвар зэрэг шалтгаанаар бага бус хэмжээний мөнгийг дансандаа шилжүүлэн авах болжээ. Гэмт этгээдүүд банкны данс ашиглахаас гадна Western Union, Moneygram зэрэг олон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг түгээмэл ашиглаж байна.

Иймд ард иргэд та бүхэн интернэт орчинд үл таних гадаад иргэдтэй ямар нэг байдлаар харилцахгүй, банкны мэдээллээ солилцохгүй, хууран мэхлэх аливаа үйлдэлд автагдахгүй байх хэрэгтэй” хэмээн анхааруулж буй юм.

Манай улсын тухайд хуурамч захидал, цахим шуудангийн залилан буюу олон улсад “Нигерийн залилан” гэж нэрлэгддэг луйврын хэрэг анх 2012 оны долдугаар сард бүртгэгджээ. Түүнээс хойш цахим луйврын 27 хэрэг гарч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн тооцоо судалгаа цагдаагийн байгууллагад байгаа юм билээ.

Түүнээс гадна олон нийтийн цахим сүлжээнд хэт задгай хувцасласан зургаа оруулснаас болж, эсвэл зургийг нь эвлүүлээд секс сүрдүүлгийн хохирогч болгох тохиолдол ч цөөнгүй гарах болов. Хамгийн анх 2013 оны дөрөвдүгээр сард иргэн Агийн зургийг “Олон нийтийн сүлжээгээр цацна, Western Union, Moneygram-аар тодорхой хэмжээний мөнгө шилжүүл” гэж дарамталсан хэрэг гарсан нь энэ төрлийн гэмт хэргийн Монгол дахь анхны тохиолдол гэж хэлж болно.

Түүнээс хойш ийм гэмт хэрэг тасралтгүй гарч байгаа бөгөөд зөвхөн энэ оны байдлаар 15 хүн хохирогч болсон байх юм. Хохирогчид 20-35 насны, нийгмийн бүхий л давхаргын эмэгтэй байгаа аж.

Цагдаад хандсан нь л энэ болохоос хандаагүй хэчнээн хүн дарамтлагчдад мөнгө төлснийг бид мэдэхгүй.

ДӨРВӨН КИНОГ ЗОХИОГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ОЛОН НИЙТЭД ТАРААЖЭЭ

Манай улсад оюуны өмч хулгайлсан хэргийг шүүхээр шийдсэн тохиолдол ганцхан. Тэр нь Касперский хэмээх компьютерийн вирусын хамгаалалтыг хууль бусаар хувилж зарж байсан хүнд эрүүгийн хариуцлага тооцсон тохиолдол. Тэгвэл цагдаагийн байгууллагад дөрвөн ч киноны уран бүтээлчид гомдол гаргаснаар зарим цахим хуудас ажиллуулдаг хүмүүсийг шалгасан байна.

ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст энэ онд “Зүрхээр наадагч”, “Миний ах атаман”, “Чонон сүлд”, “Аав” уран сайхны киноны уран бүтээлчид гомдол гаргаж шалгуулсан бөгөөд дээрх кинонуудыг хуулбарлаж, цахим хуудаст тавьсан хүмүүст Эрүүгийн хуулийн 140 дүгээр зүйлд заасан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн аж.

Уг зүйл заалтад “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлүүлсэн, түгээсэн, борлуулсан, тэдгээрийн улмаас их хэмжээний орлого олсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг. Түүнээс гадна садар самууныг сурталчилж байсан дотоодын зургаан цахим хуудсыг хаасан бол гадаадын 35 сайтад Монголоос хандах эрхийг хязгаарлаад байгаа гэнэ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд