Ж.БАТСАЙХАН: Н.Алтанхуягийн хөрөнгө орлогын мэдүүлэг, түүнтэй шууд холбогдох хэрэг АТГ-т шалгагдаагүй

2015 оны 07 сарын 01

АТГ-аас өчигдөр энэ оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа хэвлэлийнхэнд мэдээллээ. Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхийлөгч асан П.Очирбат хөрөнгө орлого, Ерөнхий сайд асан С.Баярын АНУ дахь олон сууц, Н.Алтанхуягийн хөрөнгө орлогын мэдүүлэг болон түүний хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох хэрэг зэргийг түлхүү сонирхож байсан юм. Олны анхаарал татсан зарим хэрэгт АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг дараах хариултыг өгсөн юм.

-Ерөнхийлөгч асан П.Очирбатын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулахаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү хандаж байсан. Түүнийг шалгасан уу?

-УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, “Хос дэнс” ТББ-ын тэргүүн Гантамир нарын гаргасан гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын хөрөнгө орлогын мэдүүлэгт АТГ-аас хяналт шалгалт хийж, хариуг нь О.Баасанхүү гишүүнд хүргүүлсэн. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярыг шалгуулах хүсэлт тавьсан. Үүний дагуу шалгаад хариуг нь Г.Уянга гишүүнд хүргүүлсэн байгаа.

-Н.Алтанхуягийн хөрөнгө орлогын мэдүүлэгт шалгалт хийсэн талаар тэрбээр өөрөө хэлсэн байсан. Ямар нэг зөрчил илэрсэн юм уу?

-Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгана. Шалгах байгууллага нь манайх биш. Харин хөрөнгө орлогын мэдүүлэг нь зөрчилтэй байж болзошгүйг тус дэд хороонд мэдэгдсэн.

-Н.Алтанхуяг гишүүний санаачилсан хуулийн төсөлд танайх ямар санал хүргүүлсэн бэ?

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачлан өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, мөн эдгээрийг даган гарах тогтоолын төслүүд бий. Гишүүн Н.Алтанхуягийн зүгээс өөрөө эдгээр хуулийн төсөлд санал авахаар АТГ-т хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу АТГ-аас тодорхой саналаа хүргүүлсэн гэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж байгаа эсэх талаар илүү мэдээлэл авахын тулд АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор УИХ-ын Ёс зүйн дэд хороонд албан бичиг хүргүүлсэн юм байна. Түүний хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчил илэрсэн гэсэн үг үү?

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст иргэн С-д холбогдох үйлдлийг шалгах явцад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан оффис, үйлчилгээний зориулалттай долоон давхар (зоорийн давхрын хамт) барилгыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн гэр бүлийн хүний захиалгаар барьсан нь тогтоогдсон. Н.Алтанхуяг гишүүн өөрөө ч хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн объектод нь хууль, хяналтын байгууллагаас халдсан гэх агуулгатай зүйлийг олон нийтэд мэдэгдсэн.

Эдгээртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг үзэхэд 2010 оноос хойш “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт, 100 ам метр талбайтай, 30 сая төгрөгийн үнэ бүхий кафены зориулалттай байшин” гэх хөрөнгийг мэдүүлж ирсэн байна. Хамгийн сүүлд гаргасан буюу 2014 оны мэдүүлэгт уг байшингийн хэмжээ, үнэлгээг мөн энэ хэвээр мэдүүлсэн байсан. Иймээс хөрөнгийн бодит хэмжээ, үнэлгээ нь мэдүүлэгт бичигдсэн байдлаасаа зөрүүтэй байж болзошгүй талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд мэдэгдсэн байгаа.

-УИХ-ын Ёс зүйн дэд хороонд мэдэгдсэн нь ямар үндэслэлтэй юм бэ?

-АТГ нь УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах чиг үүрэггүй, УИХ-ын гишүүний мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгана гэж Авлигын эсрэг хуульд заасан байгаа. Тиймээс тус газар Н.Алтанхуяг гишүүний мэдүүлэгт ямар нэг хяналт шалгалт хийгээгүй, зөвхөн эрүүгийн хэрэг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгийн бодит хэмжээ, үнэлгээ нь мэдүүлсэн байдлаас зөрүүтэй байж болзошгүй асуудлыг Ёс зүйн дэд хороонд мэдэгдсэн. Ер нь мэдүүлгийг бүртгэж, хадгалах эрх бүхий албан тушаалтан нь хууль зөрчсөн байж болох үндэслэл илэрвэл зохих субъектэд нь мэдэгдэх, шалгуулах үүрэгтэй.

-Н.Алтанхуяг гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг шалгагдсан гэсэн үг үү?

-Өөр этгээдэд холбогдох хэргийг Мөрдөн шалгах хэлтсээс шалгах явцад дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг, мөн түүнтэй шууд холбогдох эрүүгийн хэрэг тус газарт шалгагдаагүй.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.230.218 Цонжин болдогийн цаахна байдаг ” Алтанхуягийн амралт ” гээд бүр нэршчихсэн газрыг манай хуулийнхан мэддэг л байлгүй дээ
124.158.107.20 Тоо бодоцгооё. Суурийн давхартайгаа нийлээд 7 давхар барилгын нийт талбай ердөө л 100-хан шоо дөрвөлжин метр гэнэ. Нэг давхарт 14 шоо метр талбай ногдох нь. Суурийн талбай нь ердөө л 3 х 4 метр газар дээр подвальтайгаа нийлээд 7 давхар барилгыг 30 сая төгрөгөөр барьчихдаг хүн Монголд байнаа. Бодвол хана шалыг нь зартонон хайрцгаар хийсэн юм болов уу? Эсвэл дээр үеийн хужаа нарын сууц шиг хонь ямааны гавлын ясаар хийсэн ч байж мэднэ. Яг юугаар хийснийг нь Алтантуяа өөрөө л сайн мэдэх юм байна.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд