АРЬСНЫ ЧЕНЖҮҮД ТҮМНИЙГ ХУУРДАГ ШИГЭЭ ТӨРӨӨ ЗАЛИЛАХЫГ САНААРХАВ УУ

2015 оны 06 сарын 30

-Адууны 30 мянган арьс хил давуулах гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгов-

Монгол оронд өрнөсөн нийгмийн шилжилт, зах зээлийн шуурганд олон үйлдвэр аж ахуй өртөж, хаалгаа барихад хүрсэн. Тэдний нэг бол арьс ширний салбар. Хятадууд их мөнгө цүнхлэн ирээд, малын гаралтай түүхий эд, арьс шир авахын зэрэгцээ ховордсон ан амьтдын эд эрхтэнийг ч бараан дундаа оруулаад, хил давуулдаг нь нэгэнт тодорхой болсон. Өмнөд хөрш рүү жилд буюу идэшний цагаар 200-300 мянган адууны боловсруулаагүй арьс гардаг байсан гэх юм билээ. Энэ мэт хууль бус үйлдлийг зогсоох, түүхий эдээ боловсруулалгүй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болголгүй явуулах байдлыг эцэслэхийн тулд сүүлийн жилүүдэд төр, засгаас үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжих бодлого барьж буй. Боловсруулаагүй арьс хил давуулснаар манай эдийн засагт есөн тэрбум төгрөг орж ирдэг байж. Харин боловсруулснаар 12 тэрбум гаруй төгрөг болж, даруй гурван тэрбумаар улсын хэтэвч зузаарах тооцоо бий. Тиймдээ ч Засгийн газраас 300, 394 гэсэн хоёр ч тогтоол баталсан нь арьс ширний үйлдвэр эрхлэгчдэд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх орондоо ахиу татвар төлөх боломж олгосон.

Гэтэл боловсруулаагүй адууны арьс хилээр гаргах сонирхолтой хятадуудын гар хөл болсон ченж нэртэй улсын эдийн засагт ямар ч нэмэргүй этгээдүүд хуйвалдан, Мэргэжлийн хяналтынханд хахууль өгсөн үү, яасан ямартай ч адууны 30 мянган арьс хил давуулахаар завдсаныг өнгөрсөн нэгдүгээр сард гаалийнхан илрүүлсэн юм. Улмаар цагдаагийн байгууллагын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсанаар төрийн хууль, журам, тогтоол шийдвэрийг зөрчсөн төрийн алба хаагчид, хятадуудын гар хөл бологсдыг илрүүлэн, шалгаж эхэлсэн талаар бид тухайн үед нь мэдээлж байв. Адууны 30 мянган арьсны эзэд “Засгийн газрын тогтоолд адууны боловсруулаагүй арьс хилээр гаргах талаар нарийвчилж тусгаагүй. Тиймээс хилээр гаргаж болно. Тэгээд ч өнөөдөр Монголд адууны арьс боловсруулах үйлдвэр байхгүй” хэмээн ярьж байсан юм билээ.

Монголд үнэхээр адууны арьс боловсруулж чадахгүй гэж үү. Бид эртнээс арьс ширээ шүүлж, боловсруулан элдэж, эд зүйл хийгээд ахуй амьдралдаа хэрэглэж хэвшсэн. Уламжлалт аргаас гадна 1910 онд Хиагтад булигаарын завод байгуулагдан, арьс ширээ боловсруулж байсан, ардын хувьсгалаас хойш байгуулагдсан анхны машинт үйлдвэр арьс ширнийх байсан. Тэгэхээр монголчууд бид адууныхаа арьсыг боловсруулж чадахгүй юм гэж үү. 1990-ээд оны дунд үе хүртэл манайхан адууны арьсаар хүүхдийн гуталны зориулалттай шир бэлдэж байсан. Ардчилсан хувьсгалын дараах жилүүдэд хятадуудын бодлогоор үндэсний үйлдвэрүүд дампуурсан ч өдгөө сэргэж эхэлж байгаа. Хэдийгээр сэргээд удаагүй ч адууны гэлтгүй бүх төрлийн арьсаа дэлхийн түвшинд хүрэх хэмжээнд хагас боловсруулж байгаа билээ. Боловсруулсан арьсыг гадаадын үйлдвэрлэгчид худалдаж аваад дэлхийд алдартай цүнх ч хийж байгаа гэсэн. Үүгээр зогсохгүй Голландын загвар зохион бүтээгчид “Адуу мал” гэсэн брэнд бүтээгдэхүүн гаргаж, олон улсын зах зээлд худалдаж байгаа тухай сайхан мэдээ хэвлэлээр гарч байсан. “Алтайн харгиа”, “Фучер холдинг”, “Шандаст аргамаг”, “Би Эс Би”, “Их асар” зэрэг үйлдвэр адууны арьс хагас боловсруулаад урд хөрш рүү экспортолж байна. Тэгэхээр манайхан адууныхаа арьсыг боловсруулж чадахгүй хэмээсэн нь худлаа байгаа биз.

АЛБАН ХААГЧ НЬ ТӨРИЙН БОДЛОГОО ДЭМЖЭЭГҮЙ НЬ ГЭМТ ХЭРЭГ БИШ ГЭЖ ҮҮ

Дөнгөж хөл дээрээ тогтож ядан байгаа арьс ширний үйлдвэрлэлээ, малчдаа Засгийн газраас дэмжих үүднээс 2013 онд 300, 394 дүгээр тогтоол баталсан. Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолоор “Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг баталж, улмаар хонь, ямааны боловсруулаагүй арьс, үхрийн шир хилээр гаргахыг хоригложээ. Энэ тогтоолд Засгийн газар 2014 оны 330 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж, адуу, тэмээний ширийг боловсруулаагүй бол хилээр гаргахгүй байхаар тогтоожээ. Харин 394 дүгээр тогтоолоор дотоодын зах зээлийг гүн боловсруулсан арьсаар хангахын тулд малчдад урамшуулал олгох болсон юм. Ингэж төр нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд байхад түүнийг нь төрийн албан хаагчид нь эсэргүүцэж, хууль хэрэгжүүлэх байдалд хяналт тавих үүрэгтэй прокурорууд нь хууль зөрчигчдийн толгойг илж байгааг юу гэж ойлгох вэ.

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 27-нд Замын-Үүдэд адууны 30 мянган ширхэг арьс хил гаргахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрх бүхий албан тушаалтнуудын зөвшөөрлийн бичиг дагалдуулан хэсэг ченж аваачсан юм. Гаалийнхан Засгийн газрын тогтоолын дагуу түүхий арьс хилээр гаргахгүй байх, улмаар цагдаагийн байгууллагад шилжүүлснээр тухайн үеийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Боловсруулаагүй арьс гаргаж болохгүй, боловсруулж, нэмүү өртөг шингээсний дараа хил давуулж болохоор Засгийн газраас шийдвэрлээд байхад төрийн бодлогоо эсэргүүцэж, адууны боловсруулаагүй 30 мянган арьс хил давуулах зөвшөөрөл олгосон МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан Л.Баярхүү, мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Батболд нарт Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Хориглож, хязгаарласан эд зүйлийг онц их хэмжээгээр хил нэвтрүүлэхээр завдсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцож, цагдан хорьсон юм.

Магадгүй мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчдаар хууль бус шийдвэр гаргуулахын тулд ямар нэг өргөл барьц, шан харамж өгсөн байхыг ч үгүйсгэхгүй. Үүнийг сайтар шалгаж, нягталж тогтоохын оронд прокурорын байгууллагаас “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн төрийн бодлогыг эсэргүүцэгчдийн толгойг илжээ. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн I прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолд хачин үндэслэл олон бий. Тухайлбал, “…адууны боловсруулаагүй ширийг хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэж экспортын гэрчилгээ гаргасан байна” гэжээ. Тэгэхээр төрийн албан хаагчид болон ченжүүд нийлж төрийн бодлогыг эсэргүүцсэн нь бараг нотлогдсон гэхэд хилсдэхгүй.

Үүнээс гадна “Мост лийринг” ХХК-ийн захирал Т. Болдбаатар нь гэмт хэрэг үйлдлээсээ сайн дураараа татгалзсан” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хачирхалтай. Төр засгаас баялаг бүтээгчдээ дэмжинэ гэж байгаа энэ үед нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг бодох бус, арьсны ченж хятадууд гар хөл бологчдыг дэмжих шийдвэр гаргасан мэргэжлийн хяналтын байцаагчдад, тэдний хууль журам, тогтоол шийдвэр зөрчсөн үйлдлийг өөгшүүлсэн прокуроруудад хариуцлага тооцох ёстой юм биш үү.

ХЯТАД ЧЕНЖИЙН ГАР ХӨЛ БОЛОГСОД ХУУРАМЧ БАРИМТ ҮЙЛДЖЭЭ

Адууны 30 мянган арьс хил гаргахаар санаархсан хятад ченжүүдийн гар хөл болсон НӨАТ төлдөггүй хэдэн аж ахуйн нэгжийнхэн өнөөдөр өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд төрийн албан хаагчдаар тогтохгүй, төр засгийн түшээдийн “тархийг угаах” гэж оролдож байгаа. Тиймдээ ч нэгэн гишүүнд хандаж, адууны арьс нэг удаа хилээр гаргахыг зөвшөөрүүлэх шийдвэрийг УИХ-аар гаргуулахаар лообий хийж өгөөч хэмээн явж байгаа сураг байсан. Сонгууль дөхсөн энэ үед дахин зөөлөн сэнтийдээ суухыг хүссэн хэн ч төрийн бодлогын эсрэг, үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашгийг зөрчсөн зүйл хийхгүй нь ойлгомжтой.

Гэтэл арьсны ченж хятадуудын гар хөл болсон хэдэн хүн өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэхийн тулд хуурамч бичиг баримт үйлдэн, Аж үйлдвэрийн яаманд хүргүүлсэн байх юм. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны нэрээр бичсэн уг албан бичигт “Манай арьс шир боловсруулах үйлдвэрүүд адууны арьсыг боловсруулж чадахгүй тул Засгийн газрын хуралдаанаар хилээр нэг удаа гаргах зөвшөөрөл олгож өгнө үү” гэсэн утгатай зүйл бичиж тамга дарж, тус холбооны гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан гэнэ. Аж үйлдвэрийн яамныханд энэ бичиг эргэлзээтэй санагдсан тул дээрх холбоонд бичгийг нь шилжүүлж нягтлуулахаар болсон аж. Гэтэл хуурамч тамга, тэмдэг, гарын үсэг болох нь илэрч, өдгөө Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Адууны 30 мянган шир боловсруулалгүй хил давуулах гэж улайрч байгаагийн учрыг тайлбарлаж чадах хүн одоогоор алга. Гэхдээ албан бус эх сурвалжуудын мэдээлснээр адуу, илжиг, луусны ширний найрлагад байдаг нэг элемент нь өмнөд хөршийнхний уламжлалт эмийн найрлагад ордог учраас ямар ч үнээр хамаагүй түүхийгээр нь гаргах сонирхол хятадуудад байгаа гэнэ.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.195.44 энэ бол монголын эмгэнэл шүү дээ.дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг ардын сайхан үг байдаг байхаа.дээдчүүл нь албан тушаалын төлөө юугаа ч хайрлахгүй зүтгэж очсон хойноо өөрийн м шиг иддэ изалилдаг болохоор доод албан ттушуулынх нь болдог л юм байна гэж хариуцлагын систем байхгүй хууль хяналтын байгууллага нь шудрага байж чадахгүй болохоор дээрээс аваад доод албан тушаалдаа хүртэл шудрага бус явдал газар авсан шүү дээ.нөгөө шудрага байцгаая уриатай ерөнхийлэгчаээс ээ аваад шудрага баймаар юм даа
43.242.242.59 тэгвэл тэр ширний найрлагад байдаг нэг элементийг нь монголдоо гаргадаг болмоор юм байна.харин тэр төрийн албан хаагч гэдэг чинь монголд дархалагдсан ,даварсан,төрийн нэр барьж дээрэм,хулгайг зэрэг хийдэг хүмүүс шүү дээ.албан тушаал томрох тусам хулгайн хэмжээ нь томордог энэ тогтолцоог устгах эхний алхам бол МАН АН МАХН -с нэр дэвшигч хэн гуйдач байсан сонгуулиар санал өгөхгүй байх явдал юм.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд