Хорих ангиуд Ариун цэврийн хууль зөрчиж байжээ

2015 оны 06 сарын 29

Дүүргийн I прокурорын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран тус прокурорын газрын хяналтад байдаг хорих ангиудад шалгалт хийжээ. Энэ удаа тэд Төрийн хяналтын шалгалтын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Ариун цэврийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан аж.
Тоосгоны гэж нэрлэгддэг ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй хорих 409 дүгээр ангийн захиргаа ял эдэлж буй хүмүүсийн ахуй нөхцөл, амьдрах орчныг сайжруулахад онцгой анхаарснаар бүх шалгалтдаа сайн дүн авсан гэнэ. Харин жирийн дэглэмтэй хорих анги, зарим үйлдвэр, аж ахуйн газар тааруухан дүн үзүүлсэн байна. Тодруулбал, зарим хорих анги, харьяа үйлдвэрийн газрууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128 дугаар зүйл (Ялтны ахуйн нөхцөл)-ийг хангалгүй, хүмүүжигчдийг эрүүл ахуй, ариун цэврийн тусгайлан тогтоосон шаардлага хангасан байранд байлгах зэрэг заалтыг зөрчсөн аж. Шалгалтаар хүнсний агуулахынхаа болон ундны усны  эх үүсвэр гүний худгийн дэргэд хогоо овоолсон, гаднах жорлон нь орчны бохирдол үүсгэх нөхцөл бүрдсэн нь илэрсэн гэнэ. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хорих ангийн болон ШШГЕГ-ын удирдлагад албан шаардлага хүргүүлэхээр болсон байна.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд