ЯДУУ ХҮН ЯЛЛАГДАГЧ БОЛБОЛ “ХОЖНО”

2015 оны 06 сарын 26

УИХ-ын гишүүд хууль баталж тоглож байна. Урд хойдохынхоо учрыг олохгүй тэдний зарим нь явцуу эрх ашгийнхаа төлөө УИХ-аас шийдвэр гаргуулчихаж байгаа нь эмгэнэлтэй. Харин баталсан хууль нь Монгол хөрсөнд ургахгүй, Цэцийн босгонд бүдэрч, тороод өсөж өндийж чадахгүй юм. Цэц дээр уначихмаар хууль амьдралд хэрэгжээд, бас ч болоогүй иргэд, хуульчдын эрх ашгийг хөсөрдүүлээд байгааг юу гэж ойлгох вэ. Жишээ нь, ийм эрх зүйн баримт бичиг бол Төлб өрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль.

“ЯЛЛАГДАГЧИЙГ ӨРӨВДӨХ ХУУЛЬ”

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаатай эдэлнэ” гэж заажээ. Хууль зүйн туслалцаа авах гэж юуг хэлээд байна вэ гэж тээнэгэлзэх хэрэг хэнд ч алга. Шаардлага гарвал Монгол Улсын иргэн бүр хууль зүйн туслалцааг тэгш хүртэх эрхтэй гэсэн санааг салаа утгагүйгээр, бүр тун ойлгомжтой Үндсэн хуульд томьёолж. Тэгвэл “хууль зүйн туслалцаа авах” эрхийг хууль тогтоогчид ялгавартай тогтоожээ гэж болохоор хууль мөрдөгдөж байна.

УИХ-аас 2013 оны долдугаар сарын 5-нд Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль гээчийг баталжээ. Хуулийн нэрнээс нь ч үзсэн зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх юм байна гэж ойлгогдохоор. Яллагдагч гэж хэн болох талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “Энэ хуулиар тогтоосон журмын дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тогтоол үйлдэж, ял сонгосон этгээдийг яллагдагч гэнэ” гэж тодорхойлжээ. Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд яллагдагчийн төлбөрийн чадваргүй байдлыг хэрхэн тодорхойлохыг хүртэл заажээ. Тэдгээрт, Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн, нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон хүн хамаарахаар байна. Дээрх хуулийн дагуу Хууль зүйн яамны харьяанд төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй Хууль зүйн туслалцааны төв, нийслэлийн бүх дүүрэг, аймгийн төвүүдэд байгуулжээ. Салбаруудад улсын өмгөөлөгч нар ажиллахаар зааж. Улсын хэмжээнд бүхэл бүтэн тогтолцоо бий болгож байгаа нь сайн хэрэг. Харамсалтай нь, зөвхөн яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрх л хангагдах нь.

Тэгвэл гэмт хэргийн хохирогч, тэр тусмаа төлбөрийн чадваргүй хохирогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хэрхэн хангах вэ. Уг нь УИХ-аас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай бие даасан хууль баталсан. Чухам энэ л хуульд нөгөө орхигдсон төлбөрийн чадваргүй хохирогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хамгаалсан байх гэж бодоод түүнийг сөхвөл уг хуулийн 18 дугаар зүйлд “Хамгаалалтад байгаа хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлж болно” гэж заажээ. Хамгийн гол нь төлбөрийн чадваргүй иргэн хууль зүйн туслалцаа авах Үндсэн хуульд заасан эрх нь хаана явна аа. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй хуульчдын шууд мөрддөг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг уншихад төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг Хуульчдын холбоо зохион байгуулахаар заажээ. Энэ хуулийн 45 дугаар зүйлд “Хууль зүйн туслалцаа хүсэгч нь төлбөрийн чадвар болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь энэ тухай Хуульчдын холбоонд мэдэгдэн өмгөөлөгч томилуулах арга хэмжээ авахаар тусгасан байгаа юм. Төлбөрийн чадваргүй иргэнд холбогдох хэрэг мөрдөхийн тулд Ховдын Булган дахь Цагдаагийн хэсгийн мөрдөн байцаагч, хэргээ шийдвэрлэхийн тулд алс баруун хязгаар Баян-Өлгийн шүүхийн шүүгч Улаанбаатарт байгаа Хуульчдын холбоонд хандаж өмгөөлөгч томилуулах нь. Өөр арга алга. Хуулийн заалт ийм байна.

МОНГОЛЫН ТӨР СЭЖИГТЭН ЯЛЛАГДАГЧ, ЯЛТНЫГ ХАМГААЛАХААС ӨӨР АЖИЛ ХИЙХГҮЙ НЬ

Сүүлийн үед баталж байгаа хууль, анхаарал хандуулж байгаа хүмүүс нь л сэжигтэн, яллагдагч, ялтны эрхийг хамгаалахад чиглэж байгаа гэхэд нэг их хилсдэхгүй л болов уу. Эрүүгийн хууль хэмээх урьдчилан анхааруулах зорилготой хуулиасаа гишүүд нь айж гацаагаад байгаа атлаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн байж болзошгүй сэжигтэн, яллагдагч, ялтныг хамгаалах чиглэлд онцгойлон анхаарахын учир юу вэ. Ард түмнээ бүгдийг нь сэжигтэн, яллагдагч хэмээн харж байгаа юм биш биз дээ. Эсвэл өөрсдөө сэжигтэн, яллагдагч болохын цондон уу. Хүний эрхийг хамгаалах байгууллага нь сэжигтэн, яллагдагч, хүмүүжигчийн эрхийг л ярина уу гэхээс, гэмт хэрэгтэй гар нүцгэн шахуу тэмцэж буй цагдаа, онц аюултай хэрэгтнүүдтэй бүхэл өдрийн турш нэг дор хоригдон суугаа хуягуудын эрхийн талаар ганц ч үг ган хийдэггүйн шалтгаан юу вэ. Тэд тангараг өргөсөн төрийн тусгай алба хаагчид. Тиймээс ямар нэг эрх эдлэх ёсгүй юм болов уу. Монголын төр сэжигтэн яллагдагч, ялтныг бөөцийлөөд, гэрч хохирогчийг хамгаалах чиглэлээр бараг л ажилладаггүй нь хачирхалтай. Гэмт хэрэг үйлдэгчдийг хамгаалах чиглэлээр баталсан хуулийн нэг тод жишээ нь, өгүүлэн буй Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль. Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хэмээх АНУ-ын хуулийн хуулбар монгол хүний ёс жудагт тохирохгүй, монголын практиктай зөрчилдөөд байгааг олон хуульч анзаарч л байгаа нь гарцаагүй.

Дээрх хуулийг 2013 оны долдугаар сарын 5-нд буюу наадмын уур амьсгал орчихсон, УИХ-ын гишүүд хууль бөөндөн баталдаг өдрүүдийн нэгэнд хэлэлцүүлжээ. Ингээд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж. Аймаг, дүүрэг бүрт байгуулсан Хууль зүйн туслалцааны төв хэмээх уг байгууллагад тэтгэвэртээ гарсан юм уу, эсвэл эрхзүйч, хуульчийн гэрчилгээ аваад удаагүй залуус л ажиллах болж. Дархан-Уул аймагт Р.Лхамсүрэн гэх насаараа өмгөөлөгч хийсэн нэгэн хүнийг ажиллуулах болжээ. Тэрбээр төлбөрийн чадваргүй 100 гаруй сэжигтэн яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлж, 70 гаруй хувь нь хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлж байсан гэнэ. Өмгөөлөгч Р.Лхамсүрэнгийн ярьж буйгаар “Г гэх залуу хулгайн хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс 10 жил хорих ял шийтгүүлсэн байжээ. Би төлбөрийн чадваргүй яллагдагчид туслалцаа үзүүлэх хуулийн дагуу түүнд эрх зүйн туслалцаа үзүүлж, давж заалдах гомдол гаргаснаар Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны IX шүүхээс Г-ын ялыг хөнгөрүүлж, таван сар 10 хоног баривчлах ял болгож шийдвэрлэсэн. Мөн танхайн хэрэгт холбогдож, таван жил хорих ял шийтгүүлсэн У гэх залууд эрх зүйн туслалцаа үзүүлж, гурван сар 10 хоног баривчлах ял болгон өөрчлүүлсэн. Энэ мэт олон хүнд хуульд заасны дагуу эрх ашгийг нь хамгаалахад тусалж байтал Хууль зүйн туслалцааны төвийн захирал Б.Отгоны 2015 оны дөрөвдүгээр сарын 8-ны тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, намайг халсан.

Шалтгаан нь төлбөрийн чадваргүй хоёр хохирогчийг өмгөөлсөн, хөдөлмөрийн чадвараа алдсан болон гэр бүлийн хүчирхийлэлд байгаа хүнийг өмгөөлсөнөөс ийм арга хэмжээ авахуулсан” гэнэ. Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулиар улсын өмгөөлөгч төлбөрийн чадваргүй хохирогч, ажлаасаа халагдсан иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөх үүрэггүй. Уг хуулийн 17 дугаар зүйлд “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хууль зүйн туслалцаа үзүүлэх, хуульд зааснаас өөр хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хориглоно” гэсэн улсын өмгөөлөгчийг илт чичилсэн, иргэдийнхээ хууль зүйн туслалцаа авах эрхийг ялгаварласан заалт байгаа юм. Уг нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахаас өмнө Өмгөөллийн хууль гэж байв. Тэр хуульд “Өмгөөлөгч жилд хоёр удаа төлбөрийн чадваргүй иргэнийг өмгөөлөх үүрэгтэй”, “Хууль зүйн туслалцаа хүсэгч нь төлбөрийн чадвар болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өмгөөлүүлэх эрхээ өөрөө хэрэгжүүлэх боломжгүй, түүнчлэн өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон шүүх, прокурорын байгууллага энэ тухай Холбоо, түүний аймаг, нийслэлийн салбар зөвлөлд мэдэгдэн өмгөөлөгч томилуулах арга хэмжээ авах үүрэгтэй” гэж шууд заасан байсан юм.

Төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ёстойг Өмгөөллийн хуулиар нийт өмгөөл өгчдийн үүрэг байхаар хуульчилсан байж. Гэвч одоо энэ хууль хүчингүй. Мөрдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өмгөөлөгч нарт ийм үүрэг байхгүй. Тэгэхээр төлбөрийн чадваргүй хохирогчийг өмгөөлөх өмгөөлөгч тийм олон байх болов уу. Тиймээс үүнийг хохирогчийг гаргуунд нь хаяж байгаа үйлдэл гэхээс өөр юу гэж ойлгох вэ. Алдсан хүн 10 тамтай гэгчээр хохирогч хүн хохирсон дээрээ улам хохироод, эрх зүйн туслалцаа авах эрхгүй мэт харагдаж байгаа юм, энэ хуулиар. Зөвхөн яллагдагчид л төлбөргүйгээр хууль зүйн туслалцаа авна. Хохирогч тал хэчнээн ядуу байсан ч төлбөрөө төлөөд эрх зүйн туслалцаа авахаас өөр замгүй болгож хуульчилсан байгаа юм. Харин амьдрал дээр эрхзүйч, хуульч хүнд ямар ч хүн хандаж зовлонгоо ярьж, туслалцаа авахаар очдог.

Монгол хүний цусанд байдаг нэгэндээ туслах гэсэн ёс суртахууны үүднээс ч өөрт нь хандаад ирсэн хүнд чадлынхаа хэрээр туслаад л явуулдаг шүү дээ. Энд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх зөрчигдөж байгааг олж харах хуульч, Цэцэд гомдол гаргачих хүн алга бололтой. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж цагаан дээр хараар бичээд тунхаглачихсан. Гэтэл Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд зөвхөн яллагдагчид л үйлчилнэ, хохирогч, бусад хүнд эрх зүйн туслалцаа үзүүлж болохгүй байхаар хуульчилсан нь эх хуультай зөрчилдсөн зүйл заалт биш гэж үү. Хоорондоо уялдаа холбоогүй, “доголон” хууль баталж байгаа УИХ-ын гишүүдээс хариуцлага нэхэх цаг хэзээ ирэх бол.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд