ГАЛЗУУ ЧОНЫН ГАЙ

2015 оны 06 сарын 23

Хангай, говь хосолсон халх Монголын энэ нутагт малчин ард түмэн дөрвөн цагийн эргэлтэд ээлжлэн нүүдэллэж, адуу, малаа адгуулан амьдарсаар ирсэн. Таван хошуу малаа тал дүүрэн бэлчээж, товлосон цаг, улиралд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулга, угаалгад хамруулж, элдэв өвчнөөс хамгаалан ашиг шимийг нь хүртэж байсан. Байгалийн голомтод халдварт өвчнүүд сэргэж, мал сүргээр тогтохгүй, араатан амьтан шүлхий, галзуу өвчин тусаж, үхэж хорогдох болсон. Нийгмийн өөрчлөлтийн ширүүн салхинд мал эмнэлэг, зоотехникийн салбар уналтад орсноос ч болсон байх, байгаль цаг агаарын өөрчлөлт ч бас нөлөөлж буй нь лавтай.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын хэлж буйгаар 21 аймгийн 226 суманд галзуу өвчний байгалийн идэвхтэй голомт байгаа аж. Мал сүргээ урьдчилан сэргийлэх тарилгад цаг хугацаанд нь хамруулж, халдварт өвчин туссан тохиолдолд холбогдох арга хэмжээг яаралтай авахгүй бол эцэстээ их өрөнд унагаж болзошгүйг сануулсан сургамжтай гэмээр нэгэн явдлыг уншигчдадаа хүргэе. Хувь хүний нууц, нэр хүндтэй холбоотой учраас энэ хэрэгт холбоотой хүмүүсийн нэрийг өөрчлөв.

ХОНЬЧИН ХҮҮД НОЦСОН АЗАРГАНЫ БАЛАГ

Увс аймгийн Өмнөговь сум байгалийн өвчний голомттой сумын нэг бололтой. Хөдөөгийн аймаг, суманд галзуу чоно айлын хотонд орж, хонь малыг нь урж, нохойтой нь ноцолдсон, гэр дээр нь гарсан, хүн рүү дайрсан тухай хэвлэлээр мэдээлээд өнгөрдөг. Тэгвэл адуун сүргийн манлай азарга галзуурч, хүн рүү ноцож балаг тарьсан байх юм. 2012 оны Үндэсний их баяр наадмын маргааш өдөр Ховд аймгийн Мянгад сумын Зүрхийн эх гэдэг газарт хонио хариулж явсан 13 настай Бат хүү рүү тэр орчим бэлчиж байсан адуун дундаас хээр азарга нь гэнэт цойлон гарч, чиглэн иржээ. Хүү ч наадмын уяа сойлгоноосоо тавигдсан азарга байлгүй гэж бодсон нь эндүүрэл байжээ. Азарга яах ийхийн зуургүй түүний рүү ноцож, хазаж, чирч гулдран хөл дээр нь гишгиж гэмтээгээд, зулран одов. Бат босож чадахгүй, хэвтэж байтал саахалт айлынхан, мөн адууны эзэд ирж, Мянгад сум дахь гэрт нь аваачиж, аавд нь болсон явдлыг дуулгасан байна. Тэвдэж сандарсан эцэг Дорж Ховд аймгийн төвөөс эмч залан үзүүлтэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хэвтүүлэх шаардлагатай гэж оношилжээ.

Ингээд эмнэлэгт хэвтэн өвчин намдаах тариа тариулсны эцэст хотод аваачиж үзүүлсэн нь дээр гэсэн эмчийн магадлагаа авч 2012 оны долдугаар сарын 17-нд Улаанбаатарт ирж, гурав хоног ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсний дараа, эмчилгээнд оржээ. Галзуурсан азарга хүүг хазаж, баруун гарынх нь арьсыг хүү татсанаас болж Бат мөн оны наймдугаар сарын 3-нд арьс нөхүүлэх мэс засалд оржээ. Азарга хүүг гишгэснээс болж зүүн хөлийн шилбэ нь бяцарч, тэр нь нийлж бороолохгүй байсан тул эмч нар тулгуур ясыг нь авахад хүрэв. Эрүүл, саруул байсан хүүхдэд гэнэт ийм гай дайрсан нь өөрт нь ч, эцэг эхэд нь ч бэрх байсан нь лавтай. Тиймдээ ч байдгаа барахаас наахнуур юм болж, амин зуулгын хэдэн үхэр, хонь нийлсэн 150 толгой малаа, хол ойр хөл залгуулдаг машинаа зарж байж, хүүхдээ эмчлүүлэхээр БНХАУ, ХБНГУ-ыг зорьжээ. Ингээд шаардлагатай бүхий л эмчилгээг хийлгэсэн хэдий ч эмнэлгээр дахин явах шаардлага тулгараад буй гэнэ. Хүүхдээ Герман, Хятадад эмчлүүлэх, Улаанбаатарт нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ хийлгэх, нааш цааш явах гээд хэдэн малаа зарж олсон 32 сая гаруй төгрөгөө бүгдийг нь үржээ.

Увс аймгийн Өмнөговь сумаас нүүн ирж, Ховд аймгийн Мянгад суманд зусаж байгаа айлынхнаас болж хүү нь эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй, өөрсдөө ч эдийн засгаараа хохирсон учраас ядаж хүүхдийнхээ эмчилгээний зардлыг буруутай хүмүүсээс олж авахын тулд аав Дорж нь хууль хяналтын байгууллагад ханджээ. Тэрбээр Ховд аймаг дахь Сум дундын 25 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2012 оны долдугаар сарын 13-ны 13.00-16.00 цагийн үед хүү минь хонио хариулж яваад Увс аймгийн Өмнөговь сумын малчин Ганбатын найман настай хээр азарганд хазуулж, дайруулсан. Улаанбаатар хот, Хятад, Германд эмчилгээ хийлгэж маш их зардал гаргасан. Тухайлбал, бид 2013 оны тавдугаар сард Берлин рүү явсан. Тэнд очоод 40 хонохдоо 24 өдөр зочид буудалд байрласан. Берлинд бүх төрлийн шинжилгээ хийлгэж, хөлийн түгжээ хадаасны хагалгаа, бусад эмчилгээ хийлгэсэн.

Шүүхэд танилцуулсан зардал дотор зарим нь ороогүй. Виз гаргуулахад 220.000, онгоцоор ирэх, очих зардал 3.420.000, даатгал 156.000 төгрөг, Берлинд зочид буудалд байрласан хөлс 1047, эмчид үзүүлэн, гипс сольж, боолт хийлгэсэн зардалд 119.59, цусны шинжилгээний зардалд 100, бусад шинжилгээний зардалд 2855 евро, Бээжинд эмчлүүлсэн зардалд тийзний үнэ 1.193.600, эмчид үзүүлсэн зардалд 87.060 төгрөг гэх зэргээр маш их зардал гарч байна. Тиймээс миний хүүхдийн зөвхөн эмчилгээнд зориулсан зардал 32.387.079 төгрөгийг Ганбатаас гаргуулж өгнө үү. Тэдний малд галзуурсан чоно орсноос болж Увс аймгийн Өмнөговь сумаас Ховд аймгийн Мянгад суманд нүүж ирсэн айл. Тэгэхээр Д.Ганбатын малд галзуу өвчин гарах магадлал байсан. Тиймдээ ч азарга нь галзуурч хүүхдэд минь гай тарьсан” гэжээ.

“ТА Ч АМЬТАН, БИ Ч АМЬТАН”

Азарганы эзэн Ганбат мэдээж ийм их хэмжээний мөнгөний өрөнд унана чинээ бодоогүй нь ойлгомжтой. Тиймдээ ч уг мөнгийг нь төлөхгүй, миний буруутайгаас болоогүй гэж маргажээ. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн “Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж заасан.

Харин хоёр дахь хэсэгт нь “Гэрийн тэжээвэр амьтан, эсвэл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрбээр гэм хорыг хариуцахгүй” гэж заасан. Малыг гэрийн тэжээмэл амьтан гэж Малын удмын сангийн тухай хуульд тусгасан. Энэ хуулийн нэгдүгээр хэсэг болон хоёрдугаар хэсэг нь хоёр өөр тусдаа ойлголт. Нэгийг нь амьтан, нөгөөг нь гэрийн тэжээмэл амьтан гэж ялгаж зааж өсгөн. Малыг амьтанд оруулаагүй. Тийм учраас нохой юм уу, ямар нэгэн зэрлэг амьтан тэжээж байгаад тэр нь галзуураад бусдад гэм хор учруулсан бол бид түүнийг хариуцах ёстой. Монгол бол бэлчээрийн мал аж ахуйн орон. Гэхдээ малаа хэн нэгнийг хазахаас болгоомжлон гэрийнхээ гадна уяж, торлох хэрэгтэй гэсэн үүрэг байхгүй. Миний үйлчлүүлэгч санаатайгаар хүүхдийг азаргаараа хазуулаагүй. Өмнө нь энэ азарга хэн нэгнийг хазаж, гэмтээж байсан бол түүнд зохих ёсны хамгаалалт хийх учиртай байсан. Гэвч тийм ааш авир гаргаж байгаагүй. Амьтан болон гэрийн тэжээмэл амьтан гэсэн ойлголтыг 2002 онд УИХ-аас баталсан Иргэний хуульд ялгаатай зааж өгөн, Иргэний хуулийн 501 дугаар зүйлд амьтан, 502 дугаар зүйлд гэрийн тэжээмэл амьтан гэж оруулсан.

Тийм учраас нэхэмжлэгчид учирсан үйл явдал эмгэнэлтэй хэдий ч, хариуцагч Ганбат гэм хорын хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Таван хошуу малын хувьд амьтанд хамаарахгүй ” гэжээ. Мэдээж монгол хүн азаргаа номхотгож, уналгад хэрэглэхээс өөрөөр байнга уяж, аргамжиж, чөдөрлөнө гэж юу байхав. Харин адууг гэрийн тэжээмэл амьтан мөн, биш хэмээн хариуцагч тал маргаан үүсгэж. Нөгөө “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд “өт ч амьтан, та ч амьтан, би ч бас амьтан” гэж зайрангаа даапаалдаг шиг л маргалдаж. Анхан шатны шүүх уг хэргийг хянаад “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн гуравдугаар зүйлд “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна гэж заасан ба мал нь хөхтөн амьтанд хамаардаг тул азаргыг амьтан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 501.1-д зааснаар амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж заасан тул Батын Улаанбаатар хот болон БНХАУ-ын Бээжин хот, ХБНГУ-ын Берлин хотод эмчлүүлсэн зардал 32.387.079 төгрөгийг хариуцагч Ганбатаар төлүүлэх нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргажээ. Хариуцагч тал Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргахдаа ч мөн л “Мал бол амьтан биш” гэж маргасаар байжээ. Улсын дээд шүүх уг хэргийг хянаад “Малыг хүн төрөлхтөн өөрийн өмчлөл, эзэмшилдээ байлгаж амин зуулга, аж ахуйн шаардлагаар ашиг шимийг нь хүртэхээр өсгөж үржүүлэн маллаж ирсэн бөгөөд мал нь “амьтан” гэсэн ойлголтод хамаарна.

Харин “адгуус” гэдэг нь мал, ан амьтдын ерөнхий нэр гэж Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичигт (2006 он) тайлбарлажээ. Малыг адгуулан маллаж өсгөн үржүүлж ашиг шимийг нь авах нь өмчлөгч, эзэмшигчийн эрх боловч тэрбээр малын эрүүл мэндийг хамгаалах талаарх Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлж эрүүл, аюулгүй байдлыг нь хангах үүргээ биелүүлээгүй тохиолдолд амьтны үйлдлээс гэм хор учруулсны хохирлыг өмчлөгч нь хариуцна” гээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн байна.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд