Судалгааны ажилтныг хөнөөсөн эрийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхээр болов

2015 оны 06 сарын 22



Орхон аймгийн Баян-Өндөр суманд судалгаа хийж явсан тус аймгийн Статистикийн хэлтсийн судлаач О-г өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан.  Талийгаач “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” авахаар айлуудаар явж байсан бөгөөд Цагаанчулуут багийн 46-12 тоотод ороход нь уг тоотод оршин суух Б амийг нь хохироосон нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм.
Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Б-гийн сэтгэцийн хэд хэдэн удаа шинжлүүлж, дүгнэлт гаргуулсан, Сэтгэцийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2015 оны тавдугаар сарын 10-ны 387 дугаартай дүгнэлтэд “Б нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн өвчтэй байсан, өвчний улмаас хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай” гэж тодорхойлжээ. Тиймээс зургадугаар сарын 12-нд Б-д холбогдох хүний амь егүүтгэсэн хэргийг хэлэлцээд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ нэн даруй авахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлд “Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хэрэг хариуцах чадвартай байхдаа гэмт хэрэг үлдсэн боловч шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед сэтгэцийн өвчтэй болсон, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон этгээдэд сэтгэцийн эмгэг судлалын ердийн буюу тусгай эмнэлэгт байлгах эмнэлгийн чанартай арга хэмжээ хэрэглэж болно гэж заасныг үндэслэл болгон дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд