УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга нар албан тушаалын хэрэгт холбогдсон гэв үү

2015 оны 06 сарын 17

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээн байгуулж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн салган тус алба руу шилжүүлэх талаар хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьчихаад байгаа. Уг нь 2014 оны нэгдүгээр сарын 24-нд Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлийг хүчингүй болгож, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулган, тус албаны орон  тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийг АТГ-т шилжүүлсэн билээ. Гэвч нэг жил өнгөрөхөд сая л тус албыг татан буулгасан нь буруу гэдгийг ойлгосон бололтой. Уг нь мөрдөн шалгах чиг үүрэг бүхий хуулийн байгууллагууд бие биенийхээ хууль зөрчсөн үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг бол зүгээр. Гэтэл өшөө авах хэрэгсэл болгох гэж улстөрчид улайрч байгаа нь эмгэнэлтэй.
Яагаад бие биенийхээ хууль зөрчсөн үйл ажиллагааг хянаж, шалгадаг байвал зүгээр гэж үзэж байна вэ гэхээр хэд хэдэн учир шалтгаан байна.
УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба байхдаа цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхны хууль зөрчсөн үйлдлийг иргэд гомдол гаргамагц шүүрэн авч шалгадаг байсан гэхэд хилсдэхгүй. Харин прокурор болон тус албаныхаа мөрдөн байцаагч, удирдлагын хууль зөрчсөн үйлдлийг тэр бүр шалгадаггүй байсан. Гэтэл тус албаны ерөнхий нягтлан бодогч Сарантуяа 2009-2012 оны хооронд алба хаагчдынхаа цалингаас 200 гаруй сая төгрөг завшиж үрэгдүүлсэн хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн талаар бид тухайн үед нь мэдээлж байв. Тэд уг хэргийг өөрсдөө шалгаж байгаа нэртэй хоёр жил өнгөрөхөд дорвитой шийдвэр гаргалгүй байсаар татан буугдаж, ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж буй хэргүүд нь шилжин очсон юм. Энэ үед ерөнхий нягтлан Сарантуяаг шалгах ажилд ахиц гарч, улмаар албан тушаалаа урвуулан ашигласан Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга нарын буруутай үйлдэл гарч ирсэн учраас харьяаллын дагу АТГ-т шилжүүлсэн талаар Нийслэлийн прокурорын газраас бидэнд мэдээлэв.
Нэрээ хэлэхийг хүсээгүй прокурорын эх сурвалж “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж буй ерөнхий нягтлан бодогч Сарантуяа тус албаны даргаар ажиллаж байсан Б.Галдаа, И.Пүрэвцогт нар дээрх 200 гаруй сая төгрөгийг хамт завшиж үрэгдүүлсэн” хэмээн мэдүүлж байгаа гэсэн. Тиймээс И.Пүрэвцогт, Б.Галдаа нараас тайлбар мэдүүлэг авахаар болсон гэсэн мэдээлэл бий” гэв. Тухайлбал, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга И.Пүрэвцогт ерөнхий нягтлан бодогчоороо 13 сая төгрөг цалин дээрээ илүү бодуулан авсан, тус албанд шалгагдаж байсан эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагчийн барьцааны мөнгө байршуулдаг дансанд байсан 25 сая төгрөгийн бүхий хадгаламжийн дэвтрийг банканд барьцаалан 15 сая төгрөгийн зээл авч, мөнгийг нь хувьдаа завшсан гэх мэт үйлдэл гаргасныг ерөнхий нягтлан нь мөрдөн байцаагчдад мэдүүлсэн гэнэ. Үүнээс цааш ноцтой үйлдлүүд бий, магадгүй дарга нар нь нягтлангаа тусалж дэмжихгүй байгаагаас хэргээ задалж буй бололтой гэх мэдээллийг бидэнд өглөө.
И.Пүрэвцогтын талаар УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд ажиллаж байсан зарим ажилтан “Манай даргаар томилогдсоны дараа хүүгийнхээ эхнэрийг албандаа боловсон хүчин эрхэлсэн ажилтнаар, зээ охиноо мөрдөн байцаагчаар, цэргийн тэтгэвэрт гарсан найзыгаа мөн ийм албан тушаалд томилж ажиллуулж байсан. Түүгээр зогсохгүй албан хэрэгцээнд авсан байсан буйдан, ус буцалгагч, кофе чанагч зэргийг АТГ-тай манайх нэгдэхэд эд хөрөнгө дансалж өгөхийн тулд гэрээс нь очиж авчирч байсан. Б.Галдаа дарга ч гэсэн хүүгээ мөрдөн байцаагчаар ажиллуулж, тэр нь ажилдаа тэнцэхгүй, мөрдөн байцаах чиг үүрэг бүхий 2-3 байгууллагад ажиллаад халагдаж байсан удаатай” хэмээн ярьсан юм.
И.Пүрэвцогтын өмнө тус албаны даргаар ажиллаж байсан Б.Галдааг албан үүрэгтээ хайнга хандсан  үндэслэл байгаа гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр нягтлан бодогчийнхоо гүйлгээ хийж буй санхүүгийн баримтыг нягталдаггүйгээс улсад их хэмжээний хохирол учирсан бололтой.
Түүнээс гадна тус албаныхан Сүхбаатар аймгийн Шилийн богд руу ойн баяраа далимдуулан явж байгаад онхолдож, албаны машин нь эвдэрч байсан удаатай. Уг явдлыг тус албаныхан дараад өнгөрснийг орон нутгийнхан тухайн үед бидэнд мэдээлж байсан. Энэ мэт ноцтой баримтаас үзэхэд мөрдөн байцаах чиг үүрэг бүхий хуулийн байгууллагууд бие биенийхээ хууль зөрчсөн үйлдэлд хяналт тавин ажиллаж байвал зүгээр мэт. Тэгэхгүй бол өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийг хянаж шалгаж чадахгүй, өөрсдийн ашиг сонирхол үйлчилж байдаг учраас дараад өнгөрч, улс орон, татвар төлөгчид хохирч үлдэж мэдэхээр байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд