Мөнгө хуурамчаар хийдэг гурван бүлэг этгээд 17 сая төгрөг гүйлгээнд оруулжээ

2015 оны 06 сарын 15

Хуурамчаар мөнгөн тэмдэгт үйлдэж, гүйлгээнд оруулж байсан гурван бүлэг этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүллээ. Тэдгээр бүлэг этгээд гүйлгээнд одоогоор 17 сая гаруй төгрөг оруулсан нь нотлох баримтаар тогтоогдоод буй аж. Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2014 оны зургадугаар сард Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хороо, ЦЕГ-ын дарга нар хамтран хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд орсон тохиолдол бүрийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэх тухай тушаалд гарын үсэг зуржээ. Энэ тушаал гарахаас өмнө хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдаад баригдсан тохиолдол цөөнгүй гарч, багахан хэмжээний хохирол учирсан учраас тэр бүр эрүүгийн хариуцлага тооцдоггүй байсан гэнэ.

Жилийн өмнө гарсан тушаалын хүрээнд ЭЦГ-ынхан багагүй ажил хийж, арилжааны банкууд ч Төвбанк руу хуурамч мөнгөн дэвсгэрт нэлээд хэмжээгээр шилжүүлэх болсноор хуурамч мөнгө үйлдэгчдийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн юм байна. Ингэснээр дээрх гурван бүлгийн У, Г нараар толгойлуулсан залуусыг сар орчмын өмнө олж тогтоожээ. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр дээрх гурван бүлэгт нийт долоон хүн сэрдэгдэж буй аж. Гэмт этгээдүүд хувилагч, хэвлэгч машинаар хуурамч мөнгөө хийгээд галлограмман нууцлалтай соёмбо, мөнгөн утас бүхий туузыг нь саатай балаар зурсан байжээ. Бэлэн болгосон мөнгөө орой үдшийн цагаар таксины төлбөрт, эсвэл хүүхэд, настнууд сууж байгаа ТҮЦ, гэр хорооллын дэлгүүрээс бага үнийн дүнтэй бараа, утасны нэгж худалдан аваад хариултад нь жинхэнэ мөнгө авчихдаг байснаа мөрдөн байцаалтын шатанд хүлээсэн байна.


Тухайлбал, сэжигтнүүдийн нэг нь өөрт хамааралгүй хэн нэгний дугаарт 1000 нэгж худалдан авахдаа 20000-тын дэвсгэрт өгч, хариулт 19000 төгрөгөнд жинхэнэ мөнгө авчээ. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Э.Нэмэхжаргал “Сэжигтнүүд хуурамч мөнгөө гүйлгээнд оруулахдаа хүмүүсийн анхаарал сарнисан шөнө оройн цагаар ихэвчлэн үйлчлүүлэгч ихтэй дэлгүүр, ТҮЦ-ээс хямд бараа авах, шөнийн цэнгээний газар, ойр зайнд таксигаар үйлчлүүлэх, өндөр настай болон бага насны хүүхдэд өгөх зэргээр гүйлгээнд оруулж байсан нь тогтоогдсон. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд томоохон дэлгүүр хоршоо, супермаркетуудаас гадна жижиг аж ахуйн нэгж, байгууллагууд хүртэл мөнгө тоолох автомашиныг худалдан авч байршуулах, эсвэл неон гэрэл авч байрлуулах шаардлагатай байна.

Сэжигтнүүдийн мэдүүлгээр 17 сая орчим төгрөг хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулсан нь тогтоогдоод байгаа ч үүнээс их мөнгө хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэнэ. Учир нь зарим аж ахуйн нэгж хуурамч мөнгө байж болзошгүй, шалгуулъя гэж маш их хандаж байна. Хуурамч мөнгө, жинхэнэ мөнгө нь цаасны хувьд тэс өөр учраас үүнийг ялгахад хоёрхон секунд л хэрэгтэй. Иргэддээ анхааруулж хэлэхэд гүйлгээнд хэрэглэж байгаа мөнгөн дэвсгэртүүдийг сайтар ажиглаж, цаасны биет байдал зэргийг сайн нягталж байж гүйлгээ хийхийг зөвлөж байна” гэв. Манай улс дэлхийн олон улс орон хэрэглэдэг тусгай цаасаар мөнгөн дэвсгэртээ үйлдвэрлэдэг аж. Харин сэжигтнүүд ердийн цаасан дээр хуурамч мөнгөө хийж байсан гэнэ. Гүйлгээнд оруулсан 17 сая төгрөгийн нэлээд хэсэг нь нэг өдөр хийсэн, ижил сери дугаар бүхий байгаа талаар өөр нэг эх сурвалж хэлж байгаа юм.

Сэжигтнүүдийн үйлдсэн 10000, 20000-тын дэвсгэртүүд нь гараас гар дамжин 2-3 жил иргэдийн дунд явж байгаад арилжааны банкуудад хүрч ийн баригдаж байгаа аж. Харин хууль хяналтын байгууллагынхан 17 саяар тогтохгүй хуурамч мөнгө гүйлгээнд байж болзошгүй гэж үзэж буй гэнэ. Дэлхий дахинд хуурамч мөнгө хийдэг хэд хэдэн арга байдаг бөгөөд өндөр чанартай хэвлэгч төхөөрөмж ашиглан манайхан бичгийн цаасны ар, өвөр талд буулгаж, хувилж байжээ.

Уг нь өндөр зэрэглэлийн хэвлэгч машины дардсыг тагнуул, цагдаагийн байгууллага авч хадгалах журам үйлчилж байсан ч сүүлийн жилүүдэд хуулийн байгууллагуудаар “тоглосны” уршгаар ажлын уялдаа холбоо алдагдаж, хийх ёстой ажил, хянах ёстой ажил үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг гэмт этгээдүүд овжин ашиглаж буйн нэг илрэл нь энэ. Их хэмжээний хуурамч мөнгө хийж, гүйлгээнд оруулсан залуусыг Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйлд заасны дагуу сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалт дуусаж, шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол уг зүйл заалтын дагуу хамгийн багадаа 2-5 жил торны цаана суухад хүрэх юм.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд