ХҮН АВРАХ ДААЛГАВАР БУЮУ ХОЁР Ч ОСЛООС АМЬД ҮЛДСЭН АВРАГЧ

2015 оны 06 сарын 09

Хүний амьдрал эрээнтэй бараантай, хорвоогийн өнгө алагтай цоогтой. Хатуу орчлонгийн бараан “ачаа” нэг хүнд арай л ахадсан байдлаар буув. Одоогоос хоёр жилийн өмнө зарим хэвлэлээр “Амиа хорлох гээд хүний амь хохироосон хүн нь “МИ-8” нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн аврагч Ц байжээ” хэмээн баахан шуугисан. Нэг хэсэг нь тэр хүн рүү янз бүрээр дайрсан нь одоо ч цахим хуудасны архивт хадгалагдаж байна. Түүнд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, гурван шатны шүүх түүнд холбогдох хэргийг хэлэлцсэн юм. Хэрхэн шийдвэрлэсэн, тэрбээр үнэхээр амиа хорлохыг завдсан уу гэдгийг уншигчдадаа хүргэхийг зорилоо. Ус уух хувьтай хүн гэж түүнийг л хэлэх байх. Хоёр ч аймшигтай ослоос амьд үлдсэн түүнийг ингэж хэлэхээс ч өөр аргагүй биз.

АМИА ХОРЛОХ ГЭСЭН ХҮН ЭХНЭРЭЭ ДУУДАЖ, ЦОНХНЫ ТАГТНААС ЗУУРАХ УУ

2013 оны дөрөвдүгээр сарын 8. Хаврын нэгэн хуйсгануур өдөр дуусаж, харуй бүрий нөмөрч байлаа. Өвөрхангай аймгийн харьяат Ч машинаа зарж, ажил олж хийхээр нутгаасаа гарч Улаанбаатарт ирээд удаагүй байв. Олон жил ачааны машин жолоодсон туршлагатай түүнийг зам, барилгын нэгэн компани ажилд авахаар энэ өдөр зөвшөөрч “Маргааш ирээд “Хово” маркийн автомашин жолоодно уу” хэмээн нааштай хариу сонсоод гарчээ. 18.00 цаг өнг өрөөд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар байранд амьдрах эгчийнх рүүгээ очиж явахдаа тэр орчимд амь насаа алдана чинээ санаагүй биз. Гай газар дороос гэгчээр гэнэт дээрээс нь хүн ойчиход Ч хүнд гэмтэн, ГССҮТ-д хүргэгдэж эрчимт эмчилгээ хийлгэсэн ч сэхэл авалгүй байсаар нэг цаг орчмын дараа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Шинжээч “Хүзүү, хавирганууд хугарч, зүрх, уушгийг хатгасан, хавсарсан гэмтлийн улмаас амиа алдсан” гэж дүгнэсэн байна. Харин түүний дээрээс унасан хүн нь тус эмнэлэгт эмчлүүлж, бие нь өдрөөс өдөрт сайжирсаар амьд гарсан Ц байлаа.

Түүнийг ухаан орсны дараа ар гэрийнхэн нь хүний дээр унаж амьд гарсныг нь хэлсэн гэнэ. Гэхдээ биеийнх нь байдал хүнд, өмнө нь олон сайн нөхдөө цаг бусаар алдсан түүнд доор нь явж байсан хүн нас барсныг тэр үед нуугаад өнгөрсөн аж. Эмнэлэгт 10 хонож, бие нь илт дээрдсэн үед болсон явдлыг үнэнээр нь хэлжээ. Зүв зүгээр байж байгаад хүний амь хохироосон гэх аймшигт үг түүнд аянга цахилгаан шиг л буусан байх. Сэтгэл санаа нь цочирдсон талаар шүүх эмнэлгийн шинжээчид дүгнэлтдээ дурджээ. Хэрэг гарсны дараа ШШҮХ-гийн шинжээч эмч нар гаргасан дүгнэлтдээ “Ц нь органик гаралтай сэтгэл гутрах эмгэгтэй байна” хэмээсэн нь санамсаргүйгээр хүний амь хохироосондоо балмагдаж цочирдсоных нь биз ээ. Болсон явдлыг бүгдийг нь сонссоныхоо дараа энэ хэрэгт маш ихээр харамсаж явдгаа тэрбээр гурван шатны шүүх хурлын үеэр ч мэдэгдсээр байсан аж. Тиймдээ ч тэрбээр найз нөхөд, ар гэрийнхнийхээ тусламж дэмжлэг, цалингийн зээл авах зэргээр оршуулгын зардал зэрэгт 12.4 сая төгрөг гаргаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгчээ.

Харин анхан шатны шүүх талийгаачийн ар гэрийнхний нэхэмжилсэн 100 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгоод Ц-ыг согтуудаа болгоомжгүйгээр хүний амь хөнөөсөн гэм буруутайд тооцож нэг жил хорих ял шийтгэсэн юм. Нэг жил эрхээ хасуулж, торны цаана сууна гэдэг хүсэх зүйл биш. Тиймээс давж заалдах гомдол гаргаж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хандсан байна. Сэтгэл санааны хохирол 100 сая төгрөгийг шүүх үл ойшоож, хөнгөн ял оноосон, прокуророос санал болгосон хоёр жил таван сар хорих ялаар шийтгэх ёстой байсан хэмээн хохирогчийн тал ч давж заалдах гомдол гаргажээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн Ц-ыг ялаас чөлөөлж нэн даруй суллахаар шийдвэрлэсэн юм.

Уг хэрэг гарсны дараахан зарим хэвлэлд “Ц амиа хорлохыг санаархаж, унасныхаа дараа амьдрах хүсэл алга, үхмээр байна хэмээн хашгирч байсан” хэмээн бичиж байв. Тэрбээр үнэхээр амиа хорлох байсан бол эхнэрээ дуудаж, цонхныхоо тагтнаас зуурах байсан уу, уншигч эрхэм та бодоод үзээрэй. Хавтаст хэрэг, шүүх хурлын тэмдэглэлд Ц-ын эхнэр О гэрчээр мэдүүлэг өгчээ. Хавтаст хэргийн 28 дугаар хуудаст байгаа түүний мэдүүлгээс эш татахад “Би ажлаа тараад 18.00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Намайг ажлаасаа ирэхэд Ц зочны өрөөний буйдан дээр цааш хараад хэвтэж байсан. Хувцасаа сольж гараа угаагаад гал тогооны өрөөнд орж хоол бэлтгэж эхлэхэд нөхөр маань дэргэд ирээд суусан. Согтуу юм шиг байхаар нь “Чи унтаж бай, хоол болохоор дуудъя” гэж хэлсэн. Тэгтэл босож яваад тагтан дээр гарсан байхаар нь тамхи татах гэж байгаа юм байлгүй гэж бодсон. Гэтэл нэг их удалгүй намайг дуудах шиг болсон. Тагт руу хартал Ц зүүн гараараа тагтны ирмэгнээс зүүгдчихсэн байсан. Сандраад ахиулаад хартал алга болчихсон. Тэгээд нөгөө өрөөнд байсан хүүхдээ дуудаад “Аав чинь алга болчихлоо” гэсэн чинь охин маань гүйж очоод доошоо харснаа орцны хажууд доош хараад хэвтэж байна гээд уйлж сандран хэлсэн” гэжээ.

Энэ үед дэлгүүрээс талх аваад орж явсан хүү аавынх нь толгойноос цус алдаад ухаангүй хэвтэж байгааг хармагц гэр лүүгээ гүйн орж, бүтээлэг авчран нөмрүүлсэн байгаа юм. Ц сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө анх юу гэж ярьж байсан түүнийгээ л мэдүүлдэг нь амиа хорлохоор санаархсан хүн биш гэдгийг бага ч атугай нотлох биз. Тэрбээр “Тамхи татах гээд тагтан дээр гартал толгой эргээд бие эвгүй болсон. Нэг мэдэхэд тагтны гадна талаас зүүн гараараа зүүгдсэн байснаа санаж байна. Тэгээд эхнэрээ нэрээр нь дуудсан. Зүүн гараараа биеэ татаж дийлэлгүй унасан” хэмээсэн байгаа юм.

ОСОЛД ОРООГҮЙ БАЙСАН БОЛ ХҮНИЙ ДЭЭРЭЭС УНААЧ УУ, ҮГҮЙ Ч ҮҮ

Одоогоос найман жилийн өмнө буюу 2007 оны зургадугаар сарын тэр нэг бороотой өдөр онцгой байдлын албаны эрх бүхий албан тушаалтнууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гарсан түймрийг унтраах тушаал гаргаж, нисдэг тэргээр 15 шүхэрчин-гал сөнөөгчийг, “МИ-8” нисдэг тэрэгний багийн дөрвөн гишүүний хамт явуулсан билээ. Цаг агаарын тааламжгүй нөхцөлд нислэг үйлдэх тушаал гаргасан сайд, дарга нар хариуцлага хүлээлгүй мултарч, ослоор амь үрэгдсэн, гэмтэж бэртсэн аврагч, нисгэгчдийн хохь болоод уг хэрэг хаагдсаныг түүх мартаагүй. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, түймэр унтраах гэж явсан хүмүүсийн нэг нь бусдын амийг болгоомжгүй хөнөөсөн хэрэгт холбогдсон Ц юм. Тэрбээр нисдэг тэрэгний ослын улмаар баруун гараа хүнд зүйлд даруулж, тайруулахаас өөр аргагүй болсон бөгөөд хиймэл гар хийлгэсэн хэдий ч Аврах, гал унтраах 11 дүгээр ангидаа гал сөнөөгч өөр ажилласаар байгаа нэгэн.

Хүний дээрээс унаж амь насыг нь хохироосон хэрэг гарах үед түүнийг “Ажилг үй гэртээ суудгаасаа болж сэтгэл санаагаар унаж, бор дарс ч хүртдэг болсон. Сэтгэл гутралаасаа болж амиа хорлохыг завдсан” хэмээн бичиж байв. Бор дарс хүртэх явдал өнөөгийн манай нийгэмд хүн болгонд тохиолддог. Тэрбээр 2013 оны дөрөвдүгээр сарын 7-нд найз нөхөдтэйгөө нийлж, шилтэй цэнхэртэй “найзалснаа” мөрдөн байцаагчид, шүүх хурлын үеэр ч хэлж байсан нь хавтаст хэрэгт үлджээ. Найз нар нь ч нэгнийдээ нийлж сархад хүртсэнээ хэлсэн аж. Тухайлбал, гэрч Б “Би Ц-тай ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид хамт ажилладаг юм. 2013 оны дөрөвдүгээр сарын 7-ны ням гаригт манайд цугларсан. Ц тэр орой харьж чадалгүй манайд хоноод маргааш нь явсан. Тэр үед Ц сэтгэл санааны хувьд хэвийн, хоёр хоногийн дараа сувилалд явна гэж байсан” хэмээн мэдүүлсэн нь амиа хорлох сэдэл байгаагүй, харин сархад хүртсэнийхээ дараа шартаж толгой нь эргэснээс болоод тагтнаас унасан гэдгийг батлахад тодорхой хувь нэмэр оруулсан биз.

Харин ч Ц 2007 оны тэр аймшигт ослын дараа сэтгэлийн хаттай явсаар байгаа хүн гэхэд хилсдэхгүй болов уу. Хамт зүтгэж явсан найз нөхөд нь нүдэн дээр нь амь үрэгдэхийг харсан Ц-ын нүдэнд одоо ч гэсэн тэр аймшигт дүр зураг үзэгддэг гэсэн. Түүнийгээ ч шүүх бүрэлдэхүүнд хэлсэн байна лээ. Үүнийг сийрүүлбэл “Би 2007 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад “МИ-8” нисдэг тэрэгний осолд орж, хүнд гэмтэл авсан. Түүнээс хойш миний сэтгэл санаа маш их хямардаг болсноос гадна тайруулсан баруун гар үргэлж өвддөг, сэтгэл санаагаар амархан унах, нүдэнд хий юм харагдах, нойргүйдэх, нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн нөхөд болон нас барсан бусад хүмүүс үргэлж харагддаг” хэмээжээ.

Хэрэв Ц тэр аймшигт ослоос болж баруун гараа алдаагүй байсан бол цонхны тагтнаас ядаж хоёр гараараа зуураад дээшээгээ авирчих чадал байсан нь ойлгомжтой. Онцгой байдлын албаны аврагчид иймэрхүү дасгал сургуулилалт байнга хийдэг шүү дээ. Хэрэв бие нь эрүүл, эрхтэн нь бүрэн бүтэн байсан бол ийм золгүй явдал тохиолдохгүй байсан нь лавтай. “МИ-8” ослоос амьд үлдсэн түүнийг бурхан хоёр дахь удаагаа эрлэгийн үүднээс буцаахдаа олон хүний алтан амь авар гэсэн онцгой үүрэг өгсөн ч юм бил үү.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд