Г.ДЭНЗЭНТЭЙ ХАМААРАЛТАЙ хүмүүсийн объектод нэгжлэг хийлээ

2015 оны 05 сарын 25

ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан Г.Дэнзэн хэмээх 27-хон настай залууд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн пүрэв гаригт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь олны анхаарал татаж, дуулиан тарьж байна.

СОГТУУ ӨМГӨӨЛӨГЧИД САХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭ АВНА

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хүргэн дүү гэдгээрээ олны анхааралд өртсөн Г.Дэнзэн нарт холбогдуулан АТГ-аас өнгөрсөн өвөл 2014250007486 дугаартай хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн юм. Хэдийгээр сэжигтэн Г.Дэнзэнд саяхныг болтол хилийн хориг тавиагүй, дуудаж тайлбар мэдүүлэг аваагүй ч мөрдөн шалгах албаныхан мэдээлэл, бусад материалыг баримтжуулан сайтар нягтлахын тулд багагүй хугацааг зарцуулсан юм билээ. Түүнийг сэжигтнээр тооцон тайлбар мэдүүлэг авах болоход мань эр ХБНГУ-д сургалтад явж, нэг хэсэг хэргийг нь түдгэлзүүлсэн байснаа эх орондоо ирээд удаагүй байхад нь сэжигтнээр татах тогтоолыг нь танилцуулан баривчилсан юм. АТГ-ынхан түүнийг саатуулсан үндэслэлээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнд Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгосон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан”, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсгийн “Аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр татсан.

Хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэхийн зэрэгцээ хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн энэ сарын 21-ний захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн” гэж цахим хуудастаа мэдээлжээ. Харин сэжигтнээр татагдаад буй Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Д.Содномдорж өнгөрсөн баасан гаригт зарим хэвлэлд гэрт нь дайрч ороод хүчээр баривчиллаа. Өмгөөлөгчгүйгээр албадан мэдүүлэг авч байна. Үйлчлүүлэгчтэй минь уулзуулсангүй гэх мэтээр ярьсан байв. Энэ талаар АТГ-ынхан “Сэжигтэн Г.Дэнзэнгээс албадаж мэдүүлэг, байцаалт авсан зүйл байхгүй, сэжигтнээр тооцсон болон цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдсэн” гэжээ. Сэжигтэн Г.Дэнзэнгийн өмгөөлөгч гэж өөрийгөө танилцуулсан өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн №0221 дугаарын үнэмлэхтэй Д.Содномдорж нь согтуудаа энэ сарын 21-ний 19.15 цагийн үед АТГ-т ирж, үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах хүсэлт тавьжээ. Г.Дэнзэнг Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн талаар өмгөөлөгчид нь мэдэгдэж, сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг танилцуулахад мөрдөн байцаагч, Төрийн тусгай хамгаалалтынхан болон албаны бусад хүн зүй бусаар харилцаж, маргаан үүсгэсэн.

Тиймээс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст хүргүүлж, согтуурлын зэргийг нь тогтоолгож шалгуулахаар дуудлага өгсөн ч мань эр цагдаад шалгуулахаас зайлсхийж гарч зугтсан байна. Өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан асуудалтай холбоотой видео бичлэг, түүний орхиж явсан шүүхэд төлөөлөх эрхийн №0221 дугаартай үнэмлэхийг нь АТГ-аас Монголын хуульчдын холбоонд хүргүүлж байгаа аж. Хуульчдын холбооныхноос өмгөөлөгчийн ёс зүйгүй аашилсан үйлдлийг хэрхэх талаар лавлахад “АТГ-аас албан ёсны мэдээлэл бидэнд хараахан ирээгүй. Ажлын өдрүүдэд ирэх байлгүй. Хэрэв өмгөөлөгч ёс зүйгүй авирласан нь тогтоогдох юм бол сахилгын хариуцлага тооцно” гэсэн юм.

ХҮРГЭНЭЭ ХАМГААЛСАН ЕРӨНХИЙ САЙД АСАН АТГ-ЫНХНЫГ ХӨӨЖЭЭ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүүд холбогдох албан тушаалын хэрэгтэй холбогдуулж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн баасан гаригт ч үзлэг нэгжлэгээ үргэлжлүүлсэн юм. Дээрх 2014250007486 дугаартай хэрэгт прокурорын баталсан нэгжлэг хийх тухай тогтоолыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нэгжлэг хийх, эд зүйл хураах, тэмдэглэл хийх, тэмдэглэлийн хувийг гардуулан өгөх журмын дагуу сэжигтэн Г.Дэнзэн болон түүний хамаарал бүхий хүмүүсийн орон байр, тээврийн хэрэгсэл, ажлын өрөө зэрэгт нэгжлэг хийсэн аж. Өнгөрсөн баасан гаригт явуулсан энэ ажиллагааны үеэр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АТГ-ынхан болон үзлэг нэгжлэг хийхэд саад учруулсан гэнэ. Зарим цахим хуудаст “УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар руу АТГ-ынхан дайрч орлоо” хэмээн мэдээлсэн юм. Харин прокурорын байгууллагын эх сурвалж “Хаан жимс” гэдэг амралтын газар руу очиж шалгасан зүйл одоогоор үгүй.

Харин Г.Дэнзэнгийн хамаарал бүхий хүмүүсийн буюу эхнэр Г.Уянгынх нь ажиллуулдаг “Говь повер” компанийн оффис, мөн бусад хамаатай хүмүүсийнх нь аж ахуйн нэгж байрладаг Зайсан дахь нэгэн албан байгууллагад өнгөрсөн баасан гаригт нэгжлэг хийж, хэрэгт ач холбогдолтой байж болохуйц баримтуудыг хураан авсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ирж, бидний ажилд саад болсон” гэлээ. Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн дарга байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулж, эхнэр Г.Уянгынхаа ажиллуулдаг “Говь повер” руу 17 тэрбум төгрөг шилжүүлэн төрийн өмчийн компанийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй үйлдэлд шалгаж байгаа бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт хамааралтай асуудал биш” гэж албан бус эх сурвалж хэлж буй.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
46.173.194.171 Та юу гэж бодож байна ..Altankhuyag ami n temcej baina daa.Khereg khiisen bol oims n kharagdakh l estoi doo.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд