“Саусгоби сэндс”-ийнхэн 35.2 тэрбум төгрөг улсад тушаах ёстойг бататгалаа

2015 оны 05 сарын 19

“Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын гомдолд Улсын дээд шүүх  өчигдөр хариу өгчээ. Анхан шатны шүүхээс “Саусгоби сэндс” компанийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс 35.2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийснийг тогтоож, тус компаниас гаргуулан төлүүлэх, шүүгдэгч Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нараас тус бүрээс нь нэг сая төгрөгийн эд хөрөнгө, хурааж чанга дэглэмтэй хорих ангид таван жил зургаан сараас таван жил 10 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэсэн билээ. Шүүгдэгч нарт Ерөнхийлөгчөөс уучлал үзүүлж, харин “Саусгоби сэндс”-ийнхэн 35.2 тэрбум төгрөгийг Монгол Улсад төлөхгүй гэж давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан юм.Дээд шүүхээс иргэний хариуцагчаар тогтоогдсон тус компанийнханд өгсөн хариунд “Иргэний хариуцагч “Саусгоби сэндс” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах ... эрхтэй”, мөн хуулийн 303 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй байхаар тусгасан. Тиймээс гомдол гаргах эрхгүй этгээдүүдийн гомдлыг үндэслэн уг хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүйг гомдол гаргагч нарт мэдэгдье.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт уучлал үзүүлж хууль зөрчсөн тухай гомдол нь Үндсэн хуулиар олгосон Дээд шүүхийн бүрэн эрхэд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй” гэжээ. Ингэснээр тус компанид анхан шатны шүүхээс ногдуулсан 35 тэрбум 252 сая гаруй төгрөгийг Сангийн яаманд тушаахаар боллоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.160.230 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлал үзүүлсэн энэхүү үйлдэл нь Монгол Улсын шүүн засаглах үйл ажиллагаанд саад учруулж хөндлөнгөөс оролцсон гэж үзэхээс гадна дараа дараагийн шатны шийдвэрт нөлөөлж, их хэмжээний татвар төлөх маргаан бүрэн эцэслээгүй байхад асуудлыг бүрэн ойлгомжгүй байдал руу түлхэн аваачсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Энэхүү хэрэгт холбогдолтой анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй, хэрэг давж заалдах шатанд байхад нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийн сэжигтэн гадаад иргэдэд уучлал үзүүлж Үндсэн хуулийг ноцтой зөрчиж эрх мэдлээ урвуулж хэтрүүлэн хэрэглэсэн байгаад Монголын ард түмний нэгээхэн хэсэг эсэргүүцэж, дургуйцлээ илэрхийлэн “Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах бичигт” гарын үсэг зурсан байгаа болно.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд