ЭРХЭМ ГИШҮҮД ДАХИАД Л ЦАГДААГ ТАСЧИН ИДЭХЭЭР ШУНАЛЫН НҮД ГҮЙЛГЭЛЭЭ

2015 оны 05 сарын 19

Монгол төрийн нүд чих болсон тусгай албадаар, тэр дундаа цагдаагийн байгууллагаар үе үеийн УИХ-ын гишүүд тоглож, хүчийг нь тарамдуулсаар өдийг хүрлээ. “Зөвхөн цагдаагийн байгууллага төдийгүй төрийн тусгай албадын үйл ажиллагаанд улстөрчдийн гар гүнзгий хутгалдах болсон” гэж хуулийн байгууллагын учир мэдэх ажилтнууд халаглан ярих болсон нь оргүй зүйл биш. Гэмт хэрэгтэй тэмцдэг, түүнээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээдэг цагдаагийн байгууллагаа бэхжүүлж, хүчирхэгжүүлэхийн оронд улам бүр давжааруулсаар байгаа нь харамсалтай.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ДАВЖААРСНЫ УРШИГ

Манай улстөрчид маш чухал энэ албаа улам бүр л хүчгүйдүүлэх гээд байна уу гэлтэй. Өнгөрсөн хоёр жилд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжингийн санаачлан батлуулсан, Цагдаагийн албаны хууль Монголын хөрсөнд “ургасангүй”. Түүгээр ч зогсохгүй, өдөр бүр зам тээврийн ноцтой осол хэрэг гарч, хүний амь нас эрүүл мэнд хохирч байгаа энэ үед нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн тоо эрчимтэй өсөж байхад Цагдаагийн албаны хууль боловсруулахдаа Замын цагдаагийн албаа мартчихсан нь бүр ч инээдтэй, элэг авмаар. “Нэг ч хүн эрүүлжүүлж үзээгүй, эргүүлд гараагүй, хавтаст хэрэг бүрдүүлж, боож байгаагүй гэж хэлж болохоор “онол ярьсан хүүхэд” Хууль зүйн сайд болсноор цагдаагийн байгууллага хөл толгойгоо алдсан” гэж тус салбарт ажилладаг ахлагчаасаа эхлээд хурандаагаа хүртэл ярьж байна. Харин Засгийн газар солигдон, цагдаагийн байгууллагын бүтцийг шинээр баталж, үүндээ ЗЦГ-ыг дахин эмхлэн байгууллаа. Энэ чухал албыг бие даалгаж байгуулсан нь юутай ч нүдээ олсон шийдвэр.

Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр ЗЦГ-ын чухал газар, хэлтсийг хэсэг бүлэг хүн хувийн ашиг сонирхлын үүднээс тус албанаас салгаж, энгийн байгууллага руу шилжүүлэхээр “мөрөөдөж” Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн найруулан УИХ-д өргөн мэдүүлчихээд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцлээ. Манай төрийн түшээд хэн нэгнийхээ лообийгоор цагдаагийн байгууллагынхаа хөл гарыг тайрах болсоор удаж буйг нотолсон бодит жишээ энэ. 93 жилийн түүхтэй Монголын цагдаагийн байгууллага хүнээр бол булчин шөрмөс нь зангирсан, эрхтэн бүтэн, ухаан саруул хүдэр чийрэг эр болон төлөвшсөн байсан. Гэтэл энэ хүчирхэг эрээс айдаг төрийн түшээд хулгайн хуулиараа хөл гарыг нь мухарлах болсон. Төрийн түшээдийн санаачилгаар цагдаагаас Иргэний бүртгэл мэдээллийн төвийг салгаж өдгөө УБЕГ-ыг байгуулсан.

Бас Гадаадын иргэн харьяатын албыг ч салгаад Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгосон. Барууны жишигт л нийцүүлж байгаа юм гэсэн. Харин ингэж салгаснаараа Монгол Улс хэдэн хүн амтай, хэн гэгч хэний нэрээр паспорт авч хаашаа явав, хэн нэг Ли, Си овогт этгээд Батаа, Оюунаа болоод хаана явааг манайхан хянаж чадахаа больчихоод байгаа нь нууц биш. Тиймдээ ч 10 гаруй жил Монголд орогносон, Интерполоор эрэн сурвалжилж байсан ХБНГУ-ын иргэнийг манайхан хаана юу хийж байгааг нь ч мэдэлгүй байсаар өвчний улмаас амиа алдсаных нь дараа олж байх жишээтэй. Мөн Гал түймэртэй тэмцэх газрыг цагдаагаас тусгаарлав. Түүнээс хойш галдан шатаасан зарим ноцтой хэрэг илрэхээ больсон. Онцгой байдлын ажилтнууд хэрэг бүртгэх, гүйцэтгэх ажил эрхэлдэггүй учраас гал тавьсан хэрэгтнийг мөрдөх эрхгүй, тийм шаардлага ч үгүй.

Энэ нь магадгүй санаатай гал тавьсан хүмүүст ашигтай ч байж болох. Шинжээч, цагдаагийн ажилтан хоёрыг салгаж ойлгох аргагүй. Дэргэдээ шинжилгээний байгууллага, шинжээчгүй цагдаа Монголоос өөр улсад байдаг болов уу. Гэмт хэрэг илрүүлэхэд шинжээчид цагдаагийн баруун гар л гэсэн үг. Одоо аливаа гэмт хэрэг гарсан тохиолдолд цагдаагийнхан ХЗДХЯ-ны харьяа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж дүгнэлт гаргуулдаг болсон. Баруунд шинжээч, цагдаа нар хамтраад хэргийг түргэн шуурхай илрүүлж байгаа нь кинонд гардаг. Гэтэл манайд эсрэгээрээ тус тусдаа, тэгсэн атлаа цагдаагийн байгууллагын цол, дүрэмт хувцас хэрэглэж байхаар журам баталж, завхруулсан.

Г.БАТХҮҮ ГИШҮҮН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БУЙ ЮМ БИШ БИЗ

Дээрх байдлаар салгасны дараа УИХ-ын гишүүн Г.Батхүү Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар “улайран” зүтгэсний эцэст ЗЦГ-ын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болсон Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн хэлтсийг салгаж өдгөө тэр байгууллагыг нь бараг хувийн компанид шилжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Ингэж салгахаасаа өмнө хэд хэдэн удаа ЗЦГ-аас Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн хэлтсийг салгахаар зүтгэж байсан ч тухай бүрт хад мөргөсөн түүхтэй. Замын цагдаагийн албанаас Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн хэлтэс салснаараа уруудсан уу гэхээс хөгжиж дэвжсэн, үйл ажиллагаа нь сайжирсан зүйл үгүй гэдгийг Авто тээврийн газрын нэлээд олон хүн хэлж байгаа. Зам тээврийн осол хэрэг нэмэгдэж байгаа өнөө цагт тээврийн хэрэгслийг хэн гэгч эзэмшиж, хэдэн хүний гар дамжсан гээд бүхнийг багтаасан мэдээллийн сан нь цагдаагийн байгууллагад хэвээр үлдсэн бол монголчуудад хэрэгтэй байсан.

Авто тээврийн газарт шилжүүлсний ач холбогдол юу байв гэдэгт тоймтой хариулт өгөх хүн үгүй. Харин ч эсрэгээрээ “Зам тээврийн осол гаргаад хэргийн газраас жолооч нь зугтсан хэрэг гарахад заавал Авто тээврийн газарт хандаж лавлагаа авах болдог. Ажлын цаг дууссан, амралтын өдрүүдэд бол нөхцөл байдал хүнд. Хэдийгээр сүлжээгээр холбосон гэдэг ч тэр нь ажиллахгүй байх тохиолдол олон” гэж байсан. Түүнээс гадна хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг энгийн байгууллагынхан хэн хүссэнд нь гаргаж өгч байхыг үгүйсгэхгүй. Цагдаагийн байгууллагаас энгийн байгууллагад шилжүүлээд нөхцөл байдал сайжраагүй бодит жишээ нүдэн дээр нь байхад саяхан УИХ-д өргөн барьсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах нэрээр жолооч бэлтгэх, жолоодох эрхийн шалгалт авах, бүртгэл хөтлөх тогтолцоог салгаж, энгийн байгууллагад шилжүүлэх “архагшсан” хүсэл эрмэлзлээ дахиад тусгасан учир юуных вэ.

Одоогийн ЗЦГ-ын Мэргэжлийн хяналтын хэлтсийн гүйцэтгэдэг үүргийг энэ хуулиар Хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн газарт шилжүүлэхээр тусгасан байгаа. “Архагшсан” гэж зориуд онцолсны учир нь жолоочоос мэргэшлийн шалгалт авах, үнэмлэх олгох асуудлыг цагдаагаас салгахаар өмнө нь нэг бус удаа оролдож, өөрчлөлт оруулаад, болохгүй, бүтэхгүйг нь мэдээд буцааж ЗЦГ-т шилжүүлж байсан тохиолдлуудад үндэслэн тодотгосон юм. 1999 оны зургадугаар сарын 4-нд УИХ-ын хаврын чуулганаар Цагдаагийн байгууллагын болон Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, Тээврийн хэрэгслийн мэргэжлийн шалгалт авах жолоодох эрхийн үнэмлэх олгох эрх үүргийг Авто тээврийн асуудал эрхэлсэн байгууллагад шилжүүлсэн байдаг. Гэвч бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох ажлыг Авто тээврийн байгууллага хэрэгжүүлэх боломжгүй нь батлагдаж, 2001 оны арваннэгдүгээр сард өөрчлөлт оруулан буцааж цагдаад нь өгч байсан түүхтэй.

Дараа нь 2008 оны хаврын чуулганаар дахин оролдлого хийж, Тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, дугаар олгох, Мэргэшсэн жолооч бэлтгэх, үнэмлэх олгох эрх үүрэг Замын цагдаад байсныг салгаж, Авто тээврийн газарт шилжүүлсэн нь одоо ч хэл ам дагуулсан хэвээр. Мэргэшсэн жолооч бэлтгэх, үнэмлэх олгох журам гэгчийг боловсруулахдаа тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмын 70-80 хувийг нь хуулбарлаж батлуулсан бөгөөд өдгөө мэргэшсэн жолооч гэгчийн давуу тал огт ажиглагдахгүй байна. Харин уг үнэмлэх олгодог байгууллагынхан 200 мянган төгрөг хураагаад сургалтад суулгаж буй эсэх нь эргэлзээтэйгээр үнэмлэхийг гаргаж өгч байж ч болзошгүй. Уг нь Замын цагдаагийн байгууллагад энэ эрх байсан бол ядаж л хяналт тавих боломжтой байв. Түүнээс гадна төлбөрөө төлж, жолооч бэлтгэх дамжаанд сурсан хүнээс дахин дахин мөнгө хурааж мэргэшсэн гэх үнэмлэх олгох болсон нь иргэдээ “шулах” бодлого мэт. Өдгөө хэдэн гишүүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэх нэрээр жолоочид тавих цагдаагийн хяналтыг үгүй болгохыг зорьж байгаа нь холбогдох зарим хуультай зөрчилдөж мэдэхээр байна.

Тухайлбал, Цагдаагийн албаны хуулийн зургадугаар бүлэг дэх Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдал, аюулгүй байдлыг хангах заалттай зөрчилдөхөөр байгаа юм. Тус хуулийн 29.1.11 дэх заалтад “Цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа тээврийн хэрэгсэл эзэмшигчийн талаар тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сүлжээ, сан үүсгэн ашиглана”, 29.1.12-т “Жолоодох эрхийн үнэмлэх авсан хүний талаар бүртгэл хөтөлж, сан үүсгэнэ” гэсэн байгаа. Хэрэв ЗЦГ-ын Мэргэжлийн хяналтын хэлтсийг хувийн, энгийн байгууллагад шилжүүлбэл эдгээр бүртгэл мэдээлэл хөтлөх хуулийн заалт “будаа” болж, цагдаагийн байгууллага, нүдгүй, чихгүй болохтой адил. Тус албыг салгачихвал цагдаагийн байгууллага дээрх заалтуудыг хэрэгжүүлж чадахгүйгээс гадна зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, эрэн сурвалжлах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндсэн үүргээ ч биелүүлэх боломжгүй болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Монголын автосургууль, курсуудийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Батхүү тэргүүтэй нөхөд санаачлан УИХ-д өргөн барьсан нь УИХ-ын цахим хуудаст тодорхой бий.

Энэ төсөлд Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх ажиллагааг тухайн мэргэжлийн сургалтыг удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагад өгөхөөр боловсруулжээ. Тэр төрийн бус байгууллага нь эрхэм гишүүний удирддаг гэж хэлж болохоор дээрх холбоо. Тиймээс эрхэм гишүүний энэ үйлдэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчл өөс урьдчилан сэргийлэх хуулийн зургадугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэсэн заалтыг зөрчиж буй юм биш биз. УИХ-ын зарим гишүүн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиа хүндэтгэн өөрт нь хамаарал бүхий асуудалд оролцохгүй, чуулганаас гарч явж байсныг санахад илүүдэхгүй болов уу.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
72.46.139.246 Та юу гэж бодож байна ...цагдааг ад үзэж байхаар бүүр татан буулгаад өөрсдөө учраа олоод цагдаагүй амьдраад үз
72.46.139.246 Яг зөв хэллээ хэдүүлээ цагдаагүй амьдраад үзэе.
  • 2015 оны 05 сарын 21
202.179.20.123 Цагдаа хэт томрох аюултай. Иргэний бүртгэл гэх мэт цагдаагаас салгах ёстой үүргүүд нь л салсан бна ш даа
103.26.193.41 .
103.26.193.41 Зөв2.Батхүү УИХ ын гишүүн,дүү Батчимэг нь НИТХын гишүүн, нөхөр Батсайхан нь цагдаагийн том дарга.жинхэнэ луйварчид, жинхэнэ хээл хахууль,хүнд суртал.Монгол улс минь мөхөх аюулд тун ойрхон байна.Нэг хүчтэй улс төрч хэзээ төрөх вэ.хэзээ бидний энэ луйврын хотыг үндэсээр нь цэвэрлэх вэ.Ард түмний хөрөнгөөр хөлжсөн энэ төрөөс гарсан хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хурааж,хилийн хориг тогтоон яллаж,цаазлааса
202.131.225.147 sain bichjee
202.131.225.147 sain bichjee
103.10.22.186 ter unemleh hezee hevlej uguh ym boloo ter talaar medeelel olj uguuch
103.229.123.130 Erguuleed uursdiin barival ed nar yahiin be
103.229.123.130 Таны хариулт ...tsagdaagaa huchgui bolgood uls ornii darhlaa sularch bn
  • 2015 оны 05 сарын 27
103.229.123.130 Цагдаагийн байгууллагыг ул үндсээр нь өөрчлөх хэрэгтэй
  • 2015 оны 05 сарын 26
103.229.123.130 цагдааг ад үзэж байхаар бүүр татан буулгаад өөрсдөө учраа ол, цагдаагүй амьдраад үз
  • 2015 оны 05 сарын 20

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд