МИАТ-ЫНХНААС БОЛЖ ГАДААД ПАСПОРТ ХЭВЛЭХ АЖИЛ ГАЦААНД ОРОВ

2015 оны 05 сарын 14

Улсын бүртгэлийн ерөнхий газрын I байрны гадаа ч, дотор ч уурлаж бухимдсан, танил тал хайсан хүмүүс дүүрэн байх болж. Ингэх болсон шалтгаан нь гадаад паспортын үйлчилгээнд саатал гарсантай холбоотой. Гадаадад яаралтай эмчилгээнд, уралдаан тэмцээнд явах гэсэн хүмүүс Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын даргын өрөөний үүдийг сахиж байв. Биднийг очиход тус хэлтсийн дарга Л.Энхбаяр өрөөндөө байсангүй, үүдэнд нь байсан хүмүүс “Цайны цаг болоогүй байхад алга байна. Хажуугийн өрөөний ажилтнууд нь цайндаа гарсан байх гэлээ. Иргэн Б.Болортуяа гэх эмэгтэй “Гадаад паспорт авахаар материалаа өгснөөс хойш 10 хонолоо. Надтай цуг өгсөн хүнийх гарчихсан, минийх алга. Ямар учиртайг нь лавлах гээд энд хүлээж байна” гэсэн юм.

Гадаад паспорт яаралтай олгох үйлчилгээгээ зогсоосон шалтгааны талаар үйлчилгээний ажилтнууд харилцах цонхныхоо хажууд бичиж хадсан байв. Түүнд “Техникийн шинэчлэл хийж байгаатай холбоотойгоор яаралтай үйлчилгээг түр зогсоосон” гэсэн байлаа. Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж үнэт цаасны нөөц дуусаж байгаатай холбоотойгоор яаралтай буюу ажлын гурав хоногт олгодог үйлчилгээгээ түр зогсоочихоод байгаа. Нөөц дуусаж, хангалт нөхөгдөхгүй байгаа учир шалтгааныг удирдлагууд л мэдэх байх” гэсэн юм. Бид энэ талаар тус газрын дарга Л.Энхбаяраас тодруулахыг хүссэн боловч утсаа авсангүй, үдээс өмнө өрөөндөө байсангүй.

...Уг нь ХБНГУ-ын тал энэ сарын 9-нд МИАТ-ын онгоцонд ачуулахаар хүлээлгэн өгсөн ч манай үндэсний агаарын тээвэрлэгч компанийн онгоцонд ачаа нь багтаагүй юу, эсвэл өөр шалтгаан байв уу, ямартай ч товлосон хугацаандаа ирээгүй аж...

Гэхдээ тус газрынхан өөрсдийнхөө боломж нөхцөлийн хүрээнд үнэхээр яаралтай тулгамдсан асуудал байвал холбогдох бичиг баримт бусад материалыг нь үзэж байгаад ажлын гурав хоногт багтаан гаргаж өгөхийг зорьж байгаа юм билээ. Манай улсын иргэд хоёр хөрш рүүгээ визгүй зорчдог. Ялангуяа өнгөрсөн арваннэгдүгээр сараас ОХУ руу визгүй зорчих болсонтой холбоотойгоор иргэд гадаад паспорт авах нь эрс нэмэгджээ. Зөвхөн энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 54 мянга гаруй хүн гадаад паспорт шинээр авсан байгаа юм. ОХУ руу визгүй зорчдог болсонтой холбоотойгоор гадаад паспорт авах хүний тоо нэмэгдсэнээс нөөц нь дууссан байх магадлал өндөртэй.

Харин ийм байдалд хүрэхээс өмнө УБЕГ-ынхан арга хэмжээ авч яагаад болоогүй юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Бидэнд олдсон мэдээллээр УБЕГ-ынхан гадаад паспортын үнэт цаасаа ХБНГУ-аас авчруулдаг гэнэ. Гэтэл МИАТ компанийнхны хариуцлагагүй байдлаас болж үнэт цаас хугацаандаа ирээгүй юм байна. Уг нь ХБНГУ-ын тал энэ сарын 9-нд МИАТ-ын онгоцонд ачуулахаар хүлээлгэн өгсөн ч манай үндэсний агаарын тээвэрлэгч компанийн онгоцонд ачаа нь багтаагүй юу, эсвэл өөр шалтгаан байв уу, ямартай ч товлосон хугацаандаа ирээгүй аж. ХБНГУ-ын тал ч, УБЕГ-ынхан ч хэл ам хийсний дүнд энэ сарын 17-ны нислэгээр ачааг нь ачуулахаар болж буй сурагтай.

Үнэт цаасны үйлдвэрлэл эрхлэгч “Титан интернэйшнл” компанийнхантай холбоотойгоор гадаад паспорт хэвлэх ажил саатаж буй гэсэн яриа иргэдийн дунд бий. Энэ талаар тус компанийн үйлдвэр хариуцсан захирлаас лавлахад “Бидний үйл ажиллагаанаас шалтгаалж, гадаад паспорт хэвлэх ажил гацаагүй. УБЕГ-ын Иргэний бүртгэл, гадаад паспортын газрынхнаас материал ирэхгүй болохоор үйлдвэрийнхээ 90 хувийг зогсоочихоод байна. Үнэт цаасыг УБЕГ өөрөө хариуцдаг юм” гэлээ.

Г.ОРЧЛОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.209 Та юу гэж бодож байна ...ахиухан нөөцтэй бхад яаадаг бнаа дор хаяж 2 сар 7 хоноогүй бхад нөөцгүй болчихоод бусдад нялзаадаг арчаагүй юмнуудыг төрийн албанаас зайлуулмаар юм

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд