Циркийн барилгын гаднах талбай бие засах газар боллоо

2015 оны 05 сарын 14

Дэлхийд Монголоо сурталчилдаг урлагийн авьяастнуудын тэргүүн эгнээнд циркчид багтана. Эх орондоо уран бүтээлээ үзэгчдэд толилуулах өөрийн гэсэн тайз, манежгүй шахам болчихоод байгаа тэд гадаадын циркт гэрээгээр тоглож, дэлхийн шилдгүүдийн шагналыг “хамдаг”. Харин эх оронд нь хотын төвд орших цэнхэр дээвэртэй барилга нь өнгө зүсээ өөрчилж, баар, банк, автомашины дугуй засварын, PC тоглоомын газар болж, хэсэг хэсгээр нь түрээслүүлчихээд байгаа. Тэр түрээсийнх нь байранд жорлон нь хүрэлцдэггүйгээс ч юм уу төлбөртэй ариун цэврийн өрөөнд 200 төгрөг өгөхөөсөө “нарийлсан”-ых уу иргэд циркийн гаднах хэсгийн эргэн тойронд “бяруугаа аргамжиж”, “морь харсаар” тэр хавийн үнэр танар ч амьсгалахын аргагүй болсон аж.

Мөн хажууд нь барьж буй барилгын хашаа ч мөн нэг “жорлон” нь болсон гэнэ. Яагаад тэр хэсэгт ийм “жорлон” үүсчихээд байна вэ гэвэл циркийн жүжигчдийн өрөө, амьтад байсан хэсгийг “АСА цирк”-ийн удирдлагууд бусдад түрээсэлсэнтэй холбоотой. Уг нь “IT zone” компьютерийн дэлг үүр түрээсэлж байсан ч ашиггүй байснаас гарсан бололтой. Өдгөө тэнд Автотээврийн үндэсний төвийн харьяа Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар үйл ажиллагаа явуулж байна. Тус газраар өдөртөө дор хаяж 500-гаас дээш хүн үйлчлүүлж, машиндаа улсын дугаар авах, хуучин машинаа бусдад шилжүүлэхээр дугаарлан зогсдог, ачаалал ихтэй байгууллага. Циркийн урд талын төлбөртэй зогсоол ч ачаалал ихтэй.

Зарим өдөр ямар ч машин багтахгүй болж, түгжрэл үүсгэн ойр хавийнхаа замын хөдөлгөөнд нөлөөлөх нь бий. АСА циркийн төлбөртэй зогсоолын мөнгө хураагчтай уулзахад “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газраар үйлчлүүлэхийн тулд өдөрт дунджаар 300-350 машин орж ирдэг. Ер нь ихэнх жолооч энэ зогсоолд зогсохгүй ойролцоох сургууль, орон сууц, үйлчилгээний газрын хажууд машинаа тавиад эзэд нь алхаад орчихдог юм” гэж ярилаа. АСА циркийн нэг хэсгийг түрээслэн үйл ажиллагаа явуулж буй Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн газартай Сүхбаатар дүүргийн III хорооны гурав, 3/18 дугаар байр зэрэгцэн оршдог.

Тэдгээр байрны оршин суугчид хөрш албан байгууллагадаа тун ч ам муутай. 3/18 дугаар байрны нэг оршин суугчтай уулзахад “Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн газраас блокон ханаар тусгаарласан ч явган хүний хаалгатай болохоор түүгээр орж гарсан хүмүүс манай байрны хашаан дотор, эсвэл хажуугийн барилгын хашаа руу “сарьчихдаг”. Энэ хавьд ерөнхий боловсролын олон сургууль бий. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газраар үйлчлүүлж буй хүмүүс машинаараа хүүхэд хөгшдийг дайрчих гээд хэцүү л байдаг юм. Хотын төвийг “жорлон” болгох үндэс болсон энэ байгууллагыг эндээс нүүлгэвэл таарна” хэмээн бухимдаж байв.

Хажуугийн гуравдугаар байрны СӨХ-ны дарга “Урд талаасаа циркт байрладаг цахим тоглоомын газар, ар талаасаа Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар гэж хоёр байгууллага энэ хоёр байрны оршин суугчид, ойролцоо байдаг ерөнхий боловсролын гурван сургуулийн сурагчдын амьдрах эрх, аюулгүй байдлыг маш ихээр зөрчиж байна. Цахим тоглоомын газар нь өдөр, шөнөгүй ажиллаж, шөнөжингөө тоглосон хүүхдүүд үүрээр гарч ирээд энэ хавиар тойроод бие засаад зогсчихдог юм. Өдөр нь болохоор Автомашины дугаар олгодог энэ газарт ариун цэврийн өрөө байдаггүй юм уу, эсвэл мөнгөө нарийлаад байдаг юм уу, хашаа дагаад шээгээд зогсчихдог.

Би нийслэлийн ЗДТГ-ын гомдол мэдээллийн төвд хэд хэдэн удаа хандаж, эдгээр байгууллагын талаар хэлж байсан боловч ямар ч арга хэмжээ авдаггүй. Аргаа ядаад оршин суугчид бид нэгдэж хашаандаа автомат удирдлагатай хаалга суурилуулж, оршин суугчид өөрсдөө машиндаа удирдлагатай болж орж гардаг болоод байна. Түүнээс биш энд байгаа ногоон байгууламж дээгүүр ч машинаа тавьчихдаг хэнэггүй нөхөд энэ хоёр байгууллагаар үйлчлүүлдэг юм билээ. Уг нь Автотээврийн үндэсний төвийн салбарууд “Да хүрээ” техникийн зах, Баянзүрхийн автовокзал, “Хөсөг трейд”, “Автобус-2” гээд олон л газар байдаг шүү дээ. Хотын төвд ийм газар байлгаж, түгжрэл ачааллыг нэмж байхаар хотын төвөөс гадагш гаргавал зохилтой” гэж байлаа.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд