Эхнэрийнхээ компанийн дансанд татварын орлого шилжүүлж байжээ

2015 оны 05 сарын 14

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Мэдээлэл, боловсруулалт, статистикийн тасгийн даргаар ажиллаж байсан Буянжаргалд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Тэрбээр дээрх албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан эхнэр Х-ынхаа нэр дээр байгуулсан компанийн данс руу Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас их хэмжээний мөнгө шилжүүлдэг байж.

Мөрдөн байцаалтын шатанд тогтоосноор 2010 оны хоёрдугаар сард 39, мөн оны арваннэгдүгээр сард 15, 2011 оны хоёрдугаар сард 39 сая төгрөг шилжүүлэн авчээ. Тэрбээр эхнэрийнхээ компанийн данснаас гадна найз П-ийн данс руу ч 2009 оны арваннэгдүгээр сард 37 сая төгрөг шилжүүлсэн гэнэ. Түүнээс гадна татварт өртэй нэгэн компанийн удирдлагаас 25.5 сая төгрөг эхнэрийнхээ компаниар дамжуулан авч, тус компанийнханд “татварын өргүй” гэсэн бичиг хийж өгсөн аж.

Ийм гэмт хэрэг гарсан нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийнхний ажлын хариуцлагатай холбоотойг АТГ-ынхан тогтоов. Тус хэлтсийнхэн аж ахуйн нэгж, иргэдээс ирж буй албан бичиг, хүсэлтийг нэг бүрчлэн бүртгэдэггүй, албан хаагч ямар материал хүлээн авч шийдвэрлэж байгаа талаар мэддэггүй, татварын программд нэмэлт мэдээлэл засвар оруулах эрх бүхий албан тушаалтан нь аж ахуйн нэгжийн татвар төлөлтийн талаар худал мэдээ, мэдээлэл оруулдаг, татварын илүү төлөлттэй аж ахуйн нэгжийн илүү төлөлтийг татвар төлөх гэж буй өөр аж ахуйн нэгжийн татварт суутгаж тооцдог зэрэг зөрчил, дутагдал гаргадаг аж.

Тиймээс дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, хариу ирүүлэхийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Р.Мөнх-Эрдэнэд АТГ-аас мэдэгджээ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд