Я.БАТГЭРЭЛ: Ж.Мэндбаяраас гаргуулахаар шийдвэрлэсэн 11.8 тэрбумын хохирлын 2.1-ийг л төлүүлсэн

2015 оны 05 сарын 11

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-ны захирлаар ажиллаж байгаад эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж суллагдсан Жудагийн Мэндбаяр өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тэрбээр энэ үеэр “Манай хоршооны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа хэд дахин багаар үнэлсэн. Дөрвөн давхар барилгыг ганцхан өрөөнийх нь хэмжээгээр үнэлэхээс эхлээд олон асуудал бий.

Тиймээс сураггүй болсон хөрөнгөө одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлж, төлүүлэх хүсэлтэй байна” хэмээн мэдэгдээд байгаа. ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дэд дарга, хошууч Я.Батгэрэлээс энэ асуудалтай холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.

-Глоб кредит” ХЗХ-ны захирал Ж.Мэндбаяр саяхан ШШГЕГ-ын харьяа хорих ангиас суллагдсан. Суллагдсан даруйдаа хэвлэлийн бага хурал хийж, “Суллагдаад ирэхэд 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг минь хоёрхон тэрбум болгоод үгүй хийчихэж” гэж ярьсан. Тус хоршооны хөрөнгө нь ингэж үнэлэгдсэн нь үнэн юм уу?

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны нэгдүгээр сарын 11-ний 27 дугаар шийтгэх тогтоолоор “Глоб кредит” ХЗХ-ны захирал Жудагийн Мэндбаяраас 11.8 тэрбум төгрөг, Махбалын Цэцэгмаагаас 97.9 сая төгрөг гаргуулж нэр бүхий 1233 хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийтгэх тогтоол, түүний хавсралтад заасан мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн 4.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9101 ширхэг эд хөрөнгө буюу хохирлын дүнгийн 35.8 хувьтай тэнцэх хөрөнгө хүлээн авсан.

Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн дагуу улсын төсвөөс нэр бүхий 1233 хохирогчид хохирлын 50 хувь болох 5.8 тэрбум төгрөгийг олгосон байгаа. Дээрх хуулийн дагуу улсын төсвөөс олгосон 50 хувийн хохирлын мөнгийг тэргүүн ээлжинд төрд буцаан төвлөрүүлэх үүрэг хүлээсэн хэдий ч “Глоб кредит” ХЗХ-ны битүүмжлэгдсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд нь нийт хохирлын 50 хувьд хүрэхгүй нөхцөл үүссэн.

-Хохирол эргэн төлөгдөх хуулийн дагуу тэгээд хэдэн төгрөг улсад буцааж өгч, хэдийг нь өгөөгүй байгаа юм бол?

-Тус хоршооны хураагдсан зарим нэр төрлийн эд хөрөнгө нь зарагдаагүйн улмаас төрд төлөх 5.8 тэрбум төгрөгийг өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй. Төрд 2.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг барагдуулах боломжгүй байна.

-Танай алба хэдэн төгрөгийн эд хөрөнгө хүлээн авч, ямар үнээр борлуулсан юм бэ?

-Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн 87.4 сая төгрөгийн үнэлгээтэй зургаан газрыг Ж.Мэндбаярын иргэдэд учруулсан хохирлыг барагдуулах төлбөрт хүлээн авсан. Үүнээс, Сонгинохайрхан дүүргийн IV хороонд байрлах 6.9 сая төгрөгийн үнэлгээтэй гурван газрыг 46 сая төгрөгөөр үнэлсэн үл хөдлөх гурван хөрөнгө, 41 сая төгрөгийн хөдлөх эд хөрөнгийн хамт нийт 97 сая төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулж, 125 сая төгрөгөөр борлуулсан байгаа. Мөн Сонгинохайрхан дүүрэг XV хороо, 19, 20 дугаар байрны дунд байрлах 8.5 сая төгрөгийн үнэлгээтэй 200 ам метр газрыг албадан дуудлага худалдаагаар 14.8 сая төгрөгөөр худалдсан. Баянзүрх дүүргийн XX хороо, Гачуурт тосгоны Баянтөхөмд байрлах газрыг дуудлагаар худалдаж, 111.4 сая төгрөгөөр борлуулсан. Мөн Баянгол дүүргийн V хороо, “Спорт цогцолбор”- ын дэргэд байрлах найман сая төгрөгийн үнэлгээтэй газрыг 23.8 сая төгрөгийн үнэлгээтэй краны хамт 101.3 сая төгрөгөөр зарсан.

-Ер нь хадгаламж, зээлийн хоршоодын эд хөрөнгийг танай байгууллага өөрсдөө үнэлдэг үү?

-Цагдаагийн байгууллага хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой хэргийг шалгаж байх явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг эрх бүхий үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 242 дугаар тогтоолоор баталсан Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журамд “Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэ нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад тогтоосон үнэ байна. Үнийг тогтоолгоогүй тохиолдолд хөндлөнгийн шинжээчээр үнийг тогтоолгоно” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөндлөнгийн шинжээч үнэлгээ тогтоохоор хуульчилсан байдаг юм шүү дээ.

-“Би шүүхээс оноосон ялаа биеэрээ бүрэн эдэлсэн учраас хохирлоо төлөхгүй байсан ч болно” гэж хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Тэгэхээр хадгаламж зээлийн хоршоонд итгэж мөнгөө хадгалуулаад хохирсон иргэдийн хохирлыг хэн барагдуулах болж байна?

-Санхүүгийн зохицуулах хорооноос 2006 онд хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгаж, улмаар дампуурлыг зарлаж, Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж шалган, шүүхээр гэм буруутай нь нэгэнт тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан үндэслэл, журмын дагуу бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэсэн зүйл ангид зааснаар шүүх эрх мэдлийн байгууллагаас иргэн Ж.Мэндбаярыг 10 жилийн хугацаагаар хорих ял оноосон. Тэрбээр шүүхээс оноосон ялыг биечлэн эдэлж дууссан нь хохирогч нарын хохирлыг төлөхгүй гэсэн ойлголт биш. Ийм зүйл ярьж, ард иргэдэд буруу ойлголт төрүүлж болохгүй шүү дээ.

-“Глоб кредит” ХЗХ-ны төлбөрт хураасан 47 автомашиныг хадгалж байх хугацаанд зарим нь алга болсон, гал алдаад заримыг нь шатаачихсан, тоносон гэж ярьсан. Үнэн юм уу?

-Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн 281.9 сая төгрөгийн үнэлгээтэй 21 автомашиныг манай алба цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Үүнээс 11 машиныг 141.530.000 төгрөгөөр борлуулсан. Нэг зээлдэгчийн таван сая төгрөгийн төлбөрийг төлүүлж 3.5 сая төгрөгийн үнэлгээтэй нэг автомашиныг нь битүүмжлэлээс чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 136.9 сая төгрөгийн үнэлгээтэй есөн автомашин зарагдаагүй байгаа.

-Тэр есөн автомашин нь яагаад өнөөдрийг хүртэл зарагдахгүй байгаа юм бэ?

-Мөрдөн байцаалтын шатанд тогтоосон автомашинуудын үнэлгээ нь тухайн үеийн зах зээлийн ханшаас хэт өндөр байсан. Үнэ бууруулах эрх зүйн зохицуулалт тухайн үед байгаагүй. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтаар үнэ хямдруулан худалдан борлуулах боломж бүрдсэн.

-“Глоб кредит” ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурлын үеэр “Би өөрийнхөө хөрөнгийн хаалгыг өшиглөөд орно, хууль бусаар эзэмшиж байгаа нөхдүүд үүдээ нээж өгөөрэй” гэж хэлсэн.

-Хуулийн байгууллагаас “Глоб кредит” ХЗХ-ны хохирлын төлбөрт битүүмжилж, хураасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль тогтоомжийн хүрээнд худалдан борлуулсан. Тухайн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан авсан ялагч нь уг эд хөрөнгийн шударга эзэмшигч. Харин иргэн Ж.Мэндбаяр албадан дуудлага худалдаагаар худалдан авсан иргэдийн эд хөрөнгөнд халдвал хууль бус үйлдэл болно. Шүүх Ж.Мэндбаяраас 11.8 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс ердөө 2.1 тэрбум төгрөгийн төлбөрийг төлүүлсэн. Харин одоо үлдсэн 9.7 тэрбум төгрөгийг нь төлүүлэх ёстой.

Г. ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
72.239.149.15 Anxnaasaa buruu yum xiigeegui Bol yu gej iim yum bolox we dee
103.229.121.84 hamag hurunguu luivarchind turd aldaj,tsel zaluu hiij buteeh nasaa shorond tarchilj unguruulsen hun ingehgui geed yah yum be..unendee helmedsen shu de...harin zaluu mine uur omogooo baga ch gesen darj zuv argaar ymu nohoi argaar tetsehgui bol dahiad horlold urtuh vii de...ene zaluugdemjih hun mash olon baigaa..oligomjtoiТа юу гэж бодож байна ...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд