Ц.АЛТАНГЭРЭЛ: Сургуулиасаа оргоод баруун фронтод очиж билээ

2015 оны 05 сарын 07

Дэлхийн II дайнд ялсны болон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийг ойг энэ онд ОХУ-тай хамтран өргөн тэмдэглэнэ. Хэдхэн хоногийн дараа агуу их ялалтын 70 жилийн ойн өдөр болох гэж байна. Энэ дайнд Монголын ард түмэн эд материалаар туслахын зэрэгцээ цөөнгүй хүн орос цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж байсан түүхтэй. “Би зөвхөн Орос, Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцээгүй, хүн төрөлхтний эрх чөлөөг хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан хүн гэж боддог” хэмээн ярих чөлөөнд байгаа хурандаа энэ эрхмийг Цэндийн Алтангэрэл гэдэг.

Тэрбээр Эх орны дайны болон 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин юм. Хоёр дайны амьд түүх болсон цөөн хүний нэг энэ бууралтай 70 жилийн тэртээх үйл явдлыг сөхөн ярилцлаа.

-Эх орны дайны хүнд жилүүдэд та орос цэргүүдтэй мөр зэрэгцэн байлдаж явжээ. Тухайн үеийн ЗХУ-д суралцаж байхдаа энэ дайнд оролцсон байх нь ээ?

-Би 1941 онд нэгдүгээр сургуулийг дүүргээд Москвад Эрчим хүчний дээд сургуульд суралцах болсон юм. Очоод удаагүй байтал дайны аюул дэгдэж, фашистын германууд ЗХУ-д цөмрөн орж ирсэн. Хэдийгээр дайн эхэлсэн ч хичээл сургууль хэвийн явагдаж байлаа. Гэхдээ үдээс өмнө нь хичээллээд, үдээс хойш Улаан армийн сапёрын ангийн дайчдын тусламжтайгаар танкийн саад босгож, хамгаалалтын нуувч ухна. Харанхуй болох үед прожектор асааж байгаад ухаж гарна даа. Нас залуу ч байж, дээр нь дайны аюул ойртсон болохоор эцэж цуцахаа ч мэдэхгүй зүтгэдэг байв.

-Германы нисэх онгоцнууд 1941 оны зунаас Москваг бөмбөгдөж эхэлсэн гэдэг байх аа?

-Германчууд 10.00 цагийн үед л Москваг бөмбөгддөг байсан юм. Эхэндээ айж түгшдэг л байсан. Сүүлдээ ч дөжирчихдөг юм билээ.

-Эрчим хүчний сургуулийн оюутан яаж яваад фронтыг зорьчихов?

-Манай сургуулиас багш, оюутан нийлсэн 800 гаруй хүн фронтод явсан юм. Тэднийг эх орноо хамгаалан тулалдахаар явж байгааг хараад сэтгэл дэвэрчихсэн байх. Тэгээд цэргийн хэлтэст нь очоод “Фронтод явуулж өгөөч” гэж гуйсан юм. Гэтэл “Гадаадын иргэнийг явуулахгүй” гэсэн хариу өгдөг юм байна. “Ямар ч байсан заавал явна даа” гээд сургуулийнхаа удирдлагад ч хэлэлгүй, Элчин сайдаар ажиллаж байсан Ж.Самбуу гуайд ч дуулгалгүй, дур мэдэн баруун фронтыг зорьсон. Фашистын онгоц бөөнөөрөө ирж бөмбөгдөөд л. Мөн ч олон хүний амь эрсдэхийг нүдээрээ үзсэн дээ, хөөрхий. Дайн гэдэг чинь хүсэх юм биш.

-Тэр их бөмбөгдөлт дэлбэрэлтийн үеэр шархдах, гэмтэх тохиолдол гарч байв уу?

-Дайны үед шархдаагүй үлдсэн хүн цөөхөн дөө. Би ч гэсэн яаж зүгээр байх вэ. Нэг тулалдааны үеэр баруун мөрөндөө шархдаж, цэргийн хээрийн эмнэлэгт сар гаруй хугацаанд хэвтэж эмчлүүлсэн. Эмчлүүлж байхдаа ч би Улаан армийн шархадсан дарга, цэргүүдэд цусаа хандивлаж, олон хүний амь насыг аврахад хувь нэмрээ оруулсан. Энэ дайн Оросын 40-50 сая хүний амийг авч, олон сая хүнийг өнчрүүлсэн гамшиг байсныг хойч үе маань хэзээ ч мартах учиргүй.

-Та тэгээд баруун фронтод жирийн л байлдагч байв уу, эсвэл өөр тусгай үүрэг гүйцэтгэсэн үү?

-Миний тэнд гүйцэтгэсэн үүрэг гэвэл мэдээлэгч, өөрөөр хэлбэл, сөрөх тагнуулч гэсэн үг. Тулалдаж байгаа олон мянган цэрэг дайчдын дунд Германы тагнуулч, хорлон сүйтгэгчид ч байсан юм шүү дээ. Тэднийг л илрүүлэх үүрэгтэй байсан. Манай талд шургалсан цэрэг халхавчтай хорлон сүйтгэгчид сумны үйлдвэр, агуулах болон цэргийн онц чухал объектуудад нэвтэрч, гал гаргах зэргээр дохио өгч бөмбөгдүүлдэг байсан юм.

-Дайн дуусгаад эх орондоо ирсэн үү, эсвэл үргэлжлүүлэн сурав уу?

-Дайн дуусаагүй байхад, 1943 онд Москвад буцаж ирээд сурч байсан сургуульдаа очсон. Гэтэл сургуулийн захирал, удирдлагууд “Ямар ч хэл сураггүй алга болсон” гээд бараг хөөх шахуу юм боллоо. Гэсэн ч сайн дураараа фронтод явсанд минь талархан буцааж сургуульдаа авсан юм. 1945 онд сургуулиа төгсөөд Д.Сүхбаатарын нэрэмжит I цахилгаан станцад цехийн мастераар томилогдож, ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн.

-Эх орны дайнд цөөнгүй монгол хүн оролцсон гэдэг. Тэдэнтэй холбоотой байдаг уу?

-Уулзалддаг байсан. Балдандорж, Сүхээ, Тожилсүрэн, Дэмиддагва гээд нэрлээд байвал гарын арван хуруунд багтахааргүй байсан. Одоо ч амьд сэрүүн хүн бараг үгүй болсон байх аа.

-Их, бага хэмжээний дайн, байлдаантай холбоотой түүхэн тэмдэглэл, баримт танд цөөнгүй байдаг юм байна. Хэвлэлд ч бас цөөнгүй нийтлүүлжээ. “Улаан од” сонинд ажилладаг байсантай чинь энэ бүхэн холбогдох байх, тийм үү?

-Цэргийн ерөнхий сургууль (ЦЕС)-д багшлахаас өмнө дөө. 1950-иад л он шиг санагдаж байна. С.Равдан генерал НАХЯ-ны Улс төрийн газар ажиллаж байхдаа намайг “Улаан од” сонин руу явуулсан юм. Тэнд миний хийдэг ажил орчуулга л байсан. Нэг жил орчим л ажилласан байх. Алдар суу нь түгээд байгаа Баабар Халхын голын дайныг хилийн тулгаралт байсан гэж нэгэн номондоо бичсэнийг уншаад үнэхээр их бухимдсан. Дайн, байлдаан, тулгаралт гэж чухам юуг хэлдгийг ялгаж салгаж мэдэхгүй байж, мэдэмхийрч болохгүй шүү дээ. Төвийн нэг сонинд хариуг нь “Хилийн тулгаралт биш ээ, тэр чинь жинхэнэ дайн байсан” гэж би бичиж байлаа. Ер нь дэлхийн II дайнд Орос ялаагүй бол өнөөдөр Монгол Улс гэж байгаа ч уу, үгүй ч үү, бодох хэрэгтэй л дээ. Эх орны дайн болоод Москва хотын ойролцоох тулалдааны тухай тэмдэглэл надад хадгалагдаж байгаа. Тухайлбал, 1941 оны есдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 5 хүртэл хамгаалалтын, түүнээс хойш 1942 оны дөрөвдүгээр сарын 20 хүртэл сөрөх давшилтын үе шат байв. 1942 оны нэгдүгээр сарын 8-наас дөрөвдүгээр сарын 20 хүртэл Ржевск, Вьязм, Волхов, Брянский чиглэлийн фронтын давшилтууд өрнөж байсан юм. ЗХУ-ын маршал В.А.Соколовский “Москвагаас Берлин хүртэл” номондоо Москвагийн сайн дурын өөрийгөө хамгаалах отрядын үйл ажиллагааны тухай маш тодорхой бичсэн байдаг. Сайн дурын тэр отрядад миний бие ч орж байсан юм шүү дээ. Москваг эзлэх гэж 74 дивиз, үүний дотор танкийн 12, моторчилсон найман дивизээ Германы тал илгээж байсан гэдэг тоо баримт бий. Цаашилбал, Москвагийн хамгаалалтын жилүүдэд 450 мянган хүн өдөр, шөнөгүй ажиллаж байсны дотор 20 мянга нь хүүхэд байжээ. Ер нь Эх орны дайн дэлхийн 69 орны нэг тэрбум 700 сая хүнийг хамарч, 40 орны нутаг дэвсгэрт дайны гал дүрэлзэж, 1418 хоног буюу 47 сар Ази, Европ тивийг хамарч, Зөвлөлтийн 50 гаруй сая хүний амийг авч одсон гамшиг байв.

-Таны кителийг харахад ОХУ-ын тал ойн медалиудаараа харамгүй шагнаж байжээ?

-Эх орны дайны ялалтын 60, 69 жилийн ойн баярын арга хэмжээнд уригдан оролцож байсан. Надад Оросын хориод медаль бий. 2003 онд Улаан талбайд болсон ялалтын парад одоо ч сэтгэлд тодхон байна. 70 жилийн ойд нь оролцвол өвгөн хурандаа надад өөр хүсээд байх юу байхав дээ.

-Эх орны дайнд оролцсон дурсамж тань ийм байж. Энэ онд бас Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохионо шүү дээ. Одоо дорно зүгт дайтаж явсанаа хуучлахгүй юү?

-1945 онд Эрчим хүчний дээд сургуулиа дүүргэн ирж, шинэ ажилд томилогдоод нэг их удаагүй байтал ДЯЯ-наас дуудлаа. Баахан бэргэсээр очвол цэргийн дүрэмт хувцастай, дунд зэргийн насны дарга найрсгаар угтан мэндлэхэд нь сэтгэл жаахан тайвширч билээ. Тэгээд амьдрал ахуй, Эх орны дайнд оролцсон тухайг минь лавласны дараа “Та эх орны нэрийн өмнөөс тусгай үүрэг гүйцэтгэх болсон. Харин энэ талаар хэнд ч ам нээж болохгүй. Нэр, усаа ч нууцална. Хятадын зүүн хойд нутаг, Харбин, Манжуураар явж ухуулга, сурталчилгаа хийнэ” гэлээ. Энэ цагаас эхлэн Бат-Очир гэдэг хүнтэй хамт Хятадын Цагаан хэрэм хүртэлх газар нутагт хөл тавьсан даа.

Бат-Очир маань хаашаа явсан нь мэдэгдэхгүй гэнэт алга болсон. Хүний нутагт үрэгдсэн байх л гэсэн бодолтой байв. Гэтэл дайн дууссаны дараа хотод таарч, бөөн баяр хөөр болж байсан сан. Эдийн засгийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсан, нэртэй сэхээтэн болсон. Тэр маань өөд болоод олон жил болж байна даа. Бидний хувьд 1945 оны Чөлөөлөх дайнд буу дуугаргаж оролцоогүй, өөрөөр хэлбэл, тагнуул л хийж явлаа. Тэр нь хятад, өвөрмонгол хүмүүсийн зан байдал, дайнд хэрхэн бэлтгэж байгаа, цэрэг дайчдынх нь сэтгэл санааны байдал зэргийг судалж, амьд болон техникжсэн хэрэгслээр мэдээ дамжуулж байв. Чухамдаа амь нас дээсэн дөрөөн дээр л хоёр сар гаруйн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн.

Хувцсаа солих, ус цасанд орох боломж байхгүй тийм цаг үед, хүний нутагт ажиллаж байсан минь хүнд мөч байв. Бүр бөөс, хуурсандаа баригдаж ч үзсэн. Тэр үед нэг хятад хүн надад солих хувцас өгсөн нь мөн ч их тус байлаа. Тэр хятад миний хувцсан дээр “бэлчиж” явсан бөөсийг хараад л өрөвдсөн юм билээ л дээ, хөөрхий. Өөрийн гэсэн тусгай байр, гэр оронгүй, айл хэсэж хоног төөрүүлж явдаг хүмүүс тийм ч байхаас яахав дээ.

-Дайн дууссаны дараа хаана ямар ажил, алба хашиж байв даа?

-МАХН-ын Төв хорооны шийдвэрээр Цэргийн улстөрийн газарт томилогдсон. Тэндээсээ ЦЕС-ийн их бууны ангид тоо, физикийн багшаар очсон юм. Тэр үед сургуулийн захирлаар “Сонс” Гомбосүрэн гэдэг хурандаа ажиллаж байлаа. Гэр бүлтэй болж амжаагүй байсан болохоор хожмоо улсын баатар болсон Д.Хаянхярваатай хэсэг хугацаанд нэг гэрт амьдрав. Дараа нь Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуульд шилжин, Ж.Лхагвасүрэн жанжны тушаалаар бага дэслэгч цолоор шагнуулж, цэрэг армитай амьдралаа холбох гараагаа эхэлсэн гэж хэлж болно. Тэр үед Офицерын сургуулийн захирлаар Д.Сүхбаатар жанжны хүү, хурандаа С.Галсан ажиллаж байсан юм. Д.Бавуу генералыг Барилгын цэргийг удирдах ерөнхий газрын даргаар ажиллаж байхад би тэнд цахилгааны инженер хийсэн. Тэр генерал Офицерын сургуульд миний шавь байсан юм.

-Миний шавь гэснээс Офицерын сургуулиас төрсөн алдартнуудын дунд таны шавь олон биз?

-Олоон, олон. Г.Мандах, Б.Жамъяндагва, Ж.Хайрулла гэсэн хөдөлмөрийн баатрууд, П.Хаянхярваа, С.Эрдэнэ, Ч.Цэрэннадмид нарын ардын цолтнууд, Г.Бирваа, Х.Тумбаа, Ж.Цэрэндэндэв нарын Төрийн шагналтнууд, Б.Равсал, Р.Зориг, С.Цэрэндаш нарын гавьяат зүтгэлтнүүд, Л.Моломжамц, Ч.Пүрэвдорж, Д.Гэндэнпил, С.Гомбосүрэн нарын генералууд, Ж.Рэнцэн, Б.Баадай нарын хурандаа нар, Г.Дашдаваа, Г.Нямдоо нарын Элчин сайдууд, А.Өлзийхутаг, Н.Тарваа, М.Шагдарсүрэн нарын эрдэмтэн докторууд төрсөн дөө. Бүгдийнх нь нэрийг хэлбэл давхардсан тоогоор хоёр зуу хол давах байх шүү.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
86.167.230.125 Ulsyn Baatar col ogmoor xvn bn sh dee...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд