Оюуны өмч хулгайлсан хэргийг шүүх анх удаа шийдвэрлэлээ

2015 оны 05 сарын 07

Бусдын оюуны өмч, патент хулгайлсан, ашигласан хэмээн манай уран бүтээлчид хэвлэлээр л хэл ам хийж байснаас биш шүүхээр шийдвэрлэсэн удаагүй. Харин энэ төрлийн хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх өчигдөр Монголын шүүхийн практикт анх удаа шийдвэрлэлээ. Компьютерийн инженер мэргэжилтэй Б.Ууганбаяр гэх залуу вирусийн эсрэг “Касперски антивирус” гэх программыг холбогдох компани, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан, тус компанийн барааны тэмдэгт, логог ашиглан худалдаж байжээ. Тэрбээр “Компьютер ланд” төв болон бусад компьютерийн дэлгүүрүүдэд бараагаа тавин борлуулж байсныг хууль хяналтын байгууллагынхан эд мөрийн баримтаар хурааж авахад 108 ширхэг диск болсон аж. Уг нь “Касперски антивирус” программын албан ёсны борлуулагч ОХУ-ын “Касперски лаб” ЗАО (монголчилбол “Касперски лаборатори” ХХК)-ийн албан ёсны төлөөлөгч “Аксофт” компанийнхан түүнд энэ хууль бус үйлдлээ зогсоогооч гэсэн шаардлага нэг бус удаа хүргүүлсэн ч Б.Ууганбаяр үл ойшоосон  аж. Тэрбээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Тус компаниас нэг ч удаа мэдэгдэл ирж байгаагүй. Уг программыг худалдаад ямар ч орлого олоогүй” гэж мэдүүлсэн гэнэ. Харин аудитын байгууллага Б.Ууганбаярыг 54 сая төгрөгийн буюу онц их хэмжээний орлого олсон гэж дүгнэсэн аж. Ингээд анхан шатны шүүхээс Б.Ууганбаярт Эрүүгийн хуулийн 140 дүгээр зүйлийн 104.1-д заасан “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан борлуулж, их хэмжээний орлого олсон” гэсэн үндэслэлээр дөрвөн сар, 168.1-д заасан “Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашигласан” гэсэн үндэслэлээр гурван сар баривчлах ял шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт таван сар баривчлах ял оноов.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд